spot_img
ЭхлэлНийтлэлМонголчууд бие биенээ барьж идэж дуусах нь ээ

Монголчууд бие биенээ барьж идэж дуусах нь ээ

Монголд өнөөдөр нэр бүтэн нэг ч хүнгүй болох нь. Итгэж найддаг лидергүй, үндэсний бахархалгүй болсон улс үндэстэн сүйрдэг. Муу амлаж байна гэж бүү бодоорой. Монгол Улсыг өр, өвчин зовлон, өөрсдийгөө хэмлэх технологи л сүйрүүлэх нь…

Улсын гадаад өр 33 тэрбум ам.долларт хүрч ирээдүй тунчиг бүрхэг боллоо. Засгийн газарт үүний эсрэг урд хормойгоороо хойд хормойгоо нөхөж хугацаа хожихоос өөр ямар ч арга зам алга. “Монгол Улс дефолт зарлана” гэх мэдээллийн хариуд Сангийн сайд “Монгол Улс ойрын жилүүдэд дефолт зарлахгүй” гэж бардам хэлээд сууж байна. Түүнийхээр бол Монгол Улс дампуурах нь цаг хугацааны л асуудал бололтой. Аль ч намын улстөрчдөд өөрсдийг нь засаглаж байхад энэ улс дампуурчихгүй бол ирээдүйд яах нь ямар ч хамаагүй байдаг даа. Өртэй ширтэй хэцүү байгааг нь мэдсээр байж нэмж өр тавьж малчдад бүр хашаа хороог нь барьж өгнө гээд л зүтгэж байх жишээтэй. Ашиг нь өөрсдөд нь их учраас албаар өрөнд оруулаад байна гэж ойлгогдохоор. Ийм байхыг ч үгүйсгэхгүй. Монгол Улсыг өөд нар үзүүлэхгүй, иргэдийг нь санхүүгийн дарамт, сэтгэл санааны хямралаас гаргахгүй байгаа бас нэг асуудал бол өвчин зовлон. Дэлхий нийтийг хамарсан цар тахлын айдас түгшүүр одоо ч монголчуудын дунд байсаар байна. Үүнээс гадна олон төрлийн хавдрын өвчлөл. Үүнийг эрт илрүүлэхээр Засгийн газраас төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байгаа ч хэрэгжилт нь иргэдийн бухимдлыг л нэмсээр байна.

Ийм л хүнд хэцүү нийгэмд амьдарч буй монголчууд нэгнээ дэмжихийн оронд хэмлэж байгаа нь бүр илүү харамсалтай. Сайн яваа нэгнээ дэмждэггүй юм аа гэхэд хүлээн зөвшөөрдөггүй зан бидэнд бий. Мөрөөрөө орон нутагт хөдөлмөр эрхлэх гэсэн нэгнийгээ нутгийнхан нь бөөрөлхөж барьж идэхээ шахдаг, багш, эмч, сувилагчийн дутагдалтай ч хөдөө очсон эмчийг цагаач гэж хэлээд гомдоодог, эмчгүй говийн сум ч байна. Нэгнээ дэмжих бус хэмлэдэг монголчуудын ийм арчаагүй занд цахим орчин цучил нэмж байна. Цахим орчноор дамжуулан хэн дуртайгаа харааж зүхдэг, сэтгэлийг нь мохоодог, гутаан доромжилдог болов. Хүн бүхний нөр их хөдөлмөрийн өчүүхэн жижиг хэсгийг ч өөрийн биеэр үзээгүй атлаа тэднийг сэтгэл санаагаар гутаан доромжлох, харааж зүхэх ажил бүр мэргэжсэн хэсэг манай нийгэмд хэтэрхий олон болчихоод байгаа нь нууц биш болжээ.

Амжилттай яваа нэгнээ дэмжиж, хүлээн зөвшөөрдөггүй хүмүүс баг болж ажиллана гэдэг бүр худлаа гэдгийг өнгөрсөн хугацаа хангалттай харууллаа. Эгэл жирийн спорт холбоодоос эхлээд эх орноо удирдах улс төрийн нам нь хүртэл нэгдэж чадахгүй хагарч бутарсаар. Энэ нь бүр даамжирч эх орондоо ч бус эх дэлхийдээ багтаж амьдрахад хэцүү, байж суух газаргүй боллоо. Тухайлбал, сагсан бөмбөгийн холбооны талцал хуваагдлаас болоод Монгол Улс олон улсын тэмцээн уралдаанд оролцож чадахгүй, олон улсад үнэлүүлж эхэлсэн тамирчдынхаа ид амжилт гаргах насыг хий хоосон бараад дууслаа. Урлаг соёлын салбарт ажиллаж байгаа уран бүтээлчид ч ялгаагүй. Бүгд хоорондоо өрсөлдсөн, нэгнээ унагах гэсэн, би л олон улсын тавцанд гарахгүй бол өөр хэн ч гарах ёсгүй гэсэн сэтгэхүйтэй.

Улстөрчид нь ч эвлэж чадахаа больсон. Улс орноо хэрхэн удирдан чиглүүлж хөгжүүлэх бус өрсөлдөгчөө хэрхэн намнах, хэрхэн ажил хийж байгаа дүрийг үзүүлэх үү гэдэгт л тархиа гашилгадаг болцгоов. Бүгд хувийн эрх ашиг, өөрөө л тэсэж үлдэхийг урьтал болгож дүр эсгэсэн улстөрчид.Ер нь манай монголчуудад тэгж болохгүй, ингэж болохгүй гэсэн хэм хэмжээ байхгүй болсондог оо. Угтаа Төрийн сүлд минь өршөө хэмээн цай сүүнийхээ дээжийг өргөдөг ард түмэн байлаа. Гэтэл одоо төр нь ч төр шиг байхаа больж, иргэд нь ч иргэд шиг байхаа болив. Эцэстээ үндэсний шашнаа ч дээдэлж хүндлэхээ больж харааж зүхдэг болсон. Шашны тэргүүн хамба Д.Чойжамцыг хүртэл бузар амьтан болгох нь. Баян хоосонгүй, дарга цэрэггүй төв гандан руу гүйдэг хэрнээ түүнийг саяхнаас бузар амьтан болгож харагдуулах гэсэн оролдлого гарч эхэллээ. Үндэсний шашнаа, шашны тэргүүнээ зүхдэг үндэстэн Монголоос өөр хаана байна вэ.Монголчууд биесээ барьж идэж дуусах нь…

Өчигдөр Монгол Улс, монголчуудын хувьд түүхэн өдөр байлаа. Энэ өдөр Монгол Улс олимпийн анхны алтан медалиа авч байлаа. Энэхүү медалийг энгэртээ зүүж, эх орныхоо төрийн дууллыг олимпийн тэнгэрт эгшиглүүлж, гурван сая хүрэхгүй монголчуудыг гудамж, талбайгаар дүүрэн баярлуулж, огшоосон хүн бол анхдагчдын өлгий нутаг Булган аймгийн Сайхан сумын уугуул Найдангийн Түвшинбаяр.Ардчиллын 30 жил дэх үндэсний бахархлаа бид шоронд хийгээд шонд дүүжилчихсэн.

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл оруулна уу!!!
Нэр оруулах

Шинэ мэдээ
Их сэтгэгдэлтэй
Их уншсан
Ulaanbaatar
broken clouds
-15.9 ° C
-15.9 °
-15.9 °
72 %
1kmh
75 %
Даваа
-13 °
Мяг
-7 °
Лха
-8 °
Пүр
-3 °
Баасан
-5 °
spot_img