spot_img
ЭхлэлХуульБ.Баасанцогт, Д.Энхцэцэг, Б.Мөнхбаяр, “Улаанбаатар импекс” ХХК нарт холбогдох эрүүгийн...

Б.Баасанцогт, Д.Энхцэцэг, Б.Мөнхбаяр, “Улаанбаатар импекс” ХХК нарт холбогдох эрүүгийн ХЭРГИЙН ТУХАЙ..

Б.Баасанцогт, Д.Энхцэцэг, Б.Мөнхбаяр, “Улаанбаатар импекс” ХХК нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн прокурорын газраас өмгөөлөгч Б.Баасанцогтыг “бусдад хахууль өгөх”, “биеэ үнэлэхийг зохион байгуулах”, “орон байраар хангах” гэмт хэрэг, шүүгч Д.Энхцэцэгийг “хахууль авах” гэмт хэрэг, шүүгч Б.Мөнхбаярыг “эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэг, “Улаанбаатар импекс” ХХК-ийг “хахууль өгөх” гэмт хэрэг тус тус үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

         Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх уг хэргийг хянан хэлэлцээд, хэрэгт цугларсан нотлох баримтаар Б.Баасанцогт нь “бусдад хахууль өгөх”, биеэ үнэлэхэд “орон байраар хангах”, Д.Энхцэцэг нь “хахууль авах”, Б.Мөнхбаяр нь “эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэг тус тус үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруутай гэж үзэв. Тодруулбал,

          Шүүгдэгч Б.Баасанцогт нь 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд байрлах өөрийн дүү М-ийн орон сууцыг өөрт байсан түлхүүрээр онгойлгон Ю, Э, Д нарыг биеэ үнэлэхэд нь, мөн тухайн байранд байсан хүмүүст уг зориулалтаар ашиглуулсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон тул биеэ үнэлэхэд орон байраар хангасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

          Харин биеэ үнэлэхийг санаачилсан, удирдсан, төлөвлөсөн, үүрэг оролцоог хуваарилсан үйлдэл хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдоогүй тул прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн “биеэ үнэлэхийг зохион байгуулсан” гэх шинжийг хангаагүй буюу энэ үйлдэлд холбогдох яллах дүгнэлтийн хэсгийг шүүх үндэслэлгүй гэж үзэв.

          Түүнчлэн, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “Улаанбаатар импекс” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчөөр ажиллаж байхдаа уг компаниас гаргасан хүсэлтийг хангаж шийдвэрлүүлэх зорилгоор Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэгт 5,000,000 төгрөг шилжүүлж, “өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгсөн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон байна.

           Шүүгдэгч Д.Энхцэцэг нь Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүгчээр ажиллаж байхдаа тус шүүхэд хянагдаж буй хэргийн оролцогч “Улаанбаатар импекс” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өмгөөлөгч Б.Баасанцогтоос өөрийн хамаатан иргэн Л-ын дансаар дамжуулан 5.000.000 төгрөг шилжүүлүүлэн авч, улмаар 5 хоногийн дараа “Улаанбаатар импекс” ХХК-ийн хүсэлтийг хангаж, эсрэг талын гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон тул “нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд бусдаар дамжуулан хахууль авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцлоо.

          Шүүгдэгч Б.Мөнхбаяр нь өмгөөлөгч Б.Баасанцогттой найз нөхдийн холбоо, хувийн харилцаатай бөгөөд Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр ажиллаж байхдаа өмгөөлөгч Б.Баасанцогтоос нийт 10.000.000 төгрөгийг өөрийн  дансанд шилжүүлэн авч хүүгүй зээлсэн, Б.Мөнхбаяр нь Б.Баасанцогттой найз нөхдийн хувийн харилцаатай атлаа ашиг сонирхлын зөрчил үүсэж болзошгүй нөхцөл байдал үүссэн болохыг мэдсээр байж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас шүүгч татгалзан гарах үүргийг биелүүлээгүй, өмгөөлөгч Б.Баасанцогтын төлөөлж буй “Улаанбаатар импекс” ХХК-ийн оролцсон дээрх иргэний маргаанд холбогдох шүүхийн хэлэлцүүлэгт шүүгч Д.Энхцэцэгийн хамт оролцож, уг хэргийн нэхэмжлэгч талын гомдлыг хангахгүй орхиж, түүнчлэн, шүүгчийн захирамжид гаргасан нэхэмжлэгч талын гомдлыг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг даргалж, гомдлыг мөн хангахгүй орхиж шийдвэрлэсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон тул “нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцжээ.

           “Улаанбаатар импекс” ХХК нь Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хэлэлцэгдэж буй иргэний хэрэгт бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо өөртөө давуу байдал бий болгох зорилгоор өмгөөлөгч Б.Баасанцогтоор дамжуулан дээрх нэр бүхий 2 шүүгчид мөнгө өгсөн гэх үйлдэлд прокуророос яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хэргийг шүүх “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

             Учир нь, Эрүүгийн хуульд зааснаар “хуулийн этгээдэд ял оногдуулахаар заасан гэмт хэргийн шинжийг хуулийн этгээдийг төлөөлөх эрх бүхий албан тушаалтан дангаараа, эсхүл хамтран шийдвэр гаргаж, эсхүл хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө хийсэн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан нь хуулийн этгээдэд ял оногдуулах үндэслэл болно”, энэ тохиолдолд  “Улаанбаатар импекс” ХХК -ийн ямар нэг эрх бүхий албан тушаалтан буюу “компанийн төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх удирдлагын багийн гишүүн, гүйцэтгэх захирал, санхүүгийн албаны дарга, ерөнхий нягтлан бодогч, ерөнхий мэргэжилтэн, төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга зэрэг компанийн албан ёсны шийдвэрийг гаргахад болон гэрээ, хэлцэл хийхэд шууд болон шууд бусаар оролцдог этгээд”-ээс  дээрх гэмт хэрэгт холбогдсон баримт байхгүй, түүнчлэн Б.Баасанцогт нь “Улаанбаатар импекс” ХХК-ийг төлөөлөх эрх бүхий албан тушаалтан биш байна.

              Түүнчлэн “Улаанбаатар импекс” ХХК-г яллагдагчаар татсан прокурорын  яллах дүгнэлтэд тус компанийг ямар гэмт хэрэгт яллаж байгаа нь тодорхойгүй, зарим шүүгдэгч нарын үйлдэл холбогдлыг “Улаанбаатар импекс” ХХК-д холбогдуулан давтан бичсэн, өөрөөр хэлбэл “Улаанбаатар импекс” ХХК-ийг тодорхой үйлдэлд холбогдуулж яллаагүй нөхцөл байдал шүүх хуралдаанаар тогтоогдсон тул дээрх гэмт хэргийн шинжийг хангахгүй байна гэж дүгнэв.

               Эрүүгийн хуулийн 12.6 дугаар зүйлийн 2-т “… биеэ үнэлэхэд нь тээврийн хэрэгсэл, орон байр, бусад зүйлээр хангасан бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх”-ээр, Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1-д “хахууль өгөх” гэмт хэрэг үйлдсэн бол “нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх”-ээр,

                Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 2-т “хахууль авах” гэмт хэрэг үйлдсэн бол “нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх”-ээр,

                Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1-д “нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон” гэмт хэрэг үйлдсэн” бол нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх”-ээр тус тус заажээ.

                Шүүхээс дээрх нэр бүхий шүүгдэгч нарт ял оногдуулахдаа “эрүүгийн хариуцлага нь тухайн хүн… /-ий/ үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх” зарчимд нийцүүлэн, ялын хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдлууд, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг үнэлж,“… анх удаа гэмт хэрэг үйлдсэн” нөхцөл байдлыг харгалзан үзэж:

-“биеэ үнэлэхэд орон байраар хангасан” /12.6 дугаар зүйлийн 2/ үйлдэлд 1 жил 8 сар хорих ял, “хахууль өгөх” /22.5 дугаар зүйлийн 1/ үйлдэлд 2 жил 8 сарын хугацаагаар хорих ялыг тус тус шүүгдэгч Б.Баасанцогтод оногдуулж, хоёр ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 4 жил 4 сарын хугацаагаар тогтоож, Б.Баасанцогтын хахууль болгон өгсөн 5.000.000 төгрөгийг Д.Энхцэцэг нь буцаан өгсөн нь тогтоогдсон тул “гэмт хэрэг үйлдэж олсон орлого” гэж үзэж,  5.000.000 төгрөгийг Б.Баасанцогтоос гаргуулан улсын орлого болгохоор шийдвэрлэв.

-“хахууль авсан” /22.4 дүгээр зүйлийн 2/ гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгч Д.Энхцэцэгт нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 7500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 7.500.000 төгрөгөөр торгох ял оногдуулав.

– “нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон” /22.1 дүгээр зүйлийн 1/ гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгч Д.Мөнхбаярт нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 7500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 7.500.000 төгрөгөөр торгох ял оногдуулсан байна.

Санамж: Энэ хураангуй нь шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл оруулна уу!!!
Нэр оруулах

Шинэ мэдээ
Их сэтгэгдэлтэй
Их уншсан
Ulaanbaatar
clear sky
-9.9 ° C
-9.9 °
-9.9 °
85 %
1kmh
0 %
Пүр
-4 °
Баасан
-0 °
Бям
-2 °
Нар
-13 °
Даваа
-11 °
spot_img