Сайн байна уу.
Африкийн Бүгд найрамдах өмнөд Судан улсад Энхийг сахиулж буй багийн захирагч, орлогчид цэргийн алба хаагчдыг мөлжиж буй зүй бус үйлдлийг танд мэдэгдэх гэсэн юм аа.
Нэгдүгээрт, Энхийг сахиулагчдад сар бүр олгодог “Цайны мөнгө”-ийг дээрх албан тушаалтнууд цэргүүдийн гар дээр тавьдаггүй. Харин тэр мөнгөнөөс өөрсдөдөө ашиг олдог. Бодит жишээ нь Өмнөд Суданы нийслэл Жуба хотод хайрцаг тамхи дөрвөн долларын үнэтэй байдаг. Харин тэр тамхийг ахлагч офицерууд маань цэргийн алба хаагчдад дамлан долоон доллараар зардаг. Өмнөд Суданы нийслэл Жуба хотоос цэргийн хэрэгцээнд ашиглах тамхи, ундааг Бэнтью бааз руу ачихад тээврийн хөлс гэж байдаггүй. Тийм байхад л дундаас нь ашиг хонжоо олж байна.
Хоёрдугаарт, Энхийг сахиулагчдад хуваарилсан цэргүүдийн хүнснээр “Monkofe” гэдэг цайны газар ажиллуулж, гадаадын цэргүүдэд кофе, торт, жигнэмэг хийж зараад ашгийг нь мөн л захирагч, орлогч нар авч байна.
Гуравдугаарт, НҮБ-аас цэргүүдэд олгодог нэг кг хар шоколадыг биднээс хурааж авдаг. Хурааж авах үедээ та нарын шоколадыг бөөгнүүлж байгаад та бүхнийг буцах үед хүн бүрд олгоно гэж хэлдэг боловч яг буцах үед шуналтай офицерүүд маань өгдөггүй. Өөрсдөдөө авдаг. Ямар сайндаа “Заяагүй Заяат Шунал Гантөмөр” гэх үг хүртэл гарах вэ дээ.
Энхийг сахиулагчдыг шулж буй захирагч, орлогчдын зүй бус үйлдлийг эсэргүүцэж, хэл ам хийсэн хүмүүсийг “ажиллагааны мөнгөөр шийтгэнэ” гэж айлгадаг. Ийм өөдгүй удирдлагатай мотобуудлагын батальонд л бид алба хааж байна даа.