spot_img
ЭхлэлонцлохОлон нийтийг төөрөгдөлд оруулах зэвсэг дэлхийн 2023 оны аюулгүй...

Олон нийтийг төөрөгдөлд оруулах зэвсэг дэлхийн 2023 оны аюулгүй байдлын нэг эрсдэл болж байна

Евроази групп (Euroasia Group) олон нийтийг төөрөгдөлд оруулах зэвсэг (Weapons of mass disruption)-ийг дэлхийн 2023 оны гол эрсдэлийн нэг гэж тодорхойлсон байна.

Хиймэл оюун ухааны чиглэлд гарч буй дэвшил нийгмийн сүлжээний сөрөг нөлөөг эрчимжүүлж буй нь олон нийтийг төөрөгдөлд оруулах зэвсэгт тооцогдох болсон. Үүнээс гарах сөрөг үр дагаврыг таамаглах боломжгүй байгаа нь улс орон, хувь хүмүүсийн аюулгүй байдалд эрсдэл дагуулж байна.

Тус группийн дурдсан 10 гол эрсдэлийн гуравдугаарт Олон нийтийг төөрөгдөлд оруулах зэвсэг орсон байна.

Түүхийн дийлэнх хугацаанд технологийн инновац эерэг үр дүн дагуулж ирсэн байдаг ч өнөөдөр хиймэл оюун ухаан (ХОУ)-нд суурилсан технологийн дэвшил нийгэм дэх итгэлцлийг сулруулж, авторитар удирдагч болон популистуудад ашиглагдах, бизнес, зах зээлийг эвдлэх нөлөөллийг бий болгож байна.

Төөрөгдөлд оруулах технологийн нийгэм дэх нөлөө энэ 2023 онд эргэлтийн цэгтээ хүрэх хандлагатай байна. ХОУ-ны шинэ хэлбэр болох өөрөө бүтээгч ХОУ (Generative AI) гэхэд хэдхэн өгүүлбэрээр заавар өгөхөд бодит зураг, дүрс, бичлэг, текст бүтээх боломжийг хэрэглэгч нарт олгож байгаа юм. GPT-3, удахгүй гарах GPT-4 зэрэг томоохон хэлний загварууд нь турин сорилт (Turing test)[1]-ийг найдвартай давахаар байна. Хуурамч зүйлийг жинхэнэ мэтээр бий болгох, царай таних, дуу хоолой бүтээх чиглэлд асар их дэвшлийг хийж байна. Саяхан 2022 онд нээлтээ хийсэн ChatGPT болон Stable Diffusion[2] зэрэг ХОУ-ны загварыг наад захын мэдлэггүй хүн ч ашиглах боломжтой болж байна.

ХОУ-ны эдгээр дэвшил нь хүмүүсийг ашиглах, улс төрийн хямрал үүсгэх хангалттай хүчийг бий болгож байна. Ямар нэг контент үүсгэхэд тавигдах ямар ч шалгуур байхгүй болж, контентын хэмжээ асар ихээр өсөж, иргэд худал, үнэн мэдээллийг ялгах боломжгүй болох юм. Худал мэдээлэл гэрлийн хурдаар өсөж, нийгмийн эв нэгдэл, худалдаа, ардчиллын – улам бүр ганхах болсон – суурь болох итгэл улам бүр доройтох хандлагатай байна. ХОУ-ны төөрөгдөлд оруулах үр нөлөөг огцом нэмэгдүүлэх тааламжтай орчин нь нийгмийн сүлжээ болж байна. Нийгмийн сүлжээний хувийн өмчлөлтэй, зохицуулалт хязгаарлагдмал, харилцаа холбоог улам бүр нэмэгдүүлэхэд чиглэсэн бизнес загвар зэрэг нь нөлөө болж байна.

Гарч буй дэвшлүүд нь улс төр, эдийн засгийн чиглэлээр ноцтой үр дагавар дагуулахаар байна.

Хувийн зорилгоо тэргүүнд тавьсан улс төрч, популистууд ардчилал, иргэний нийгмийг хохироох замаар улс төрийн явцуу эрх ашгийн төлөө ХОУ-ыг зэвсэг болгон ашиглаж байна. Сонгогчдод нөлөөлж, сонгуульд нийгмийн сүлжээ, худал мэдээллийг системтэйгээр ашиглах технологийг Д.Трамп, Ж.Болсонаро, В.Орбан нарын жишээ харуулж байна. Улс төрчдөд улс төрийн нөлөөний хүрээний ямар түвшинд байгаагаас үл хамааран бүтцийн давуу талыг олгож байгаа юм. Улс төрийн тоглогч нар бага үнээр хүнтэй адил “бот”-уудыг ХОУ ашиглан бүтээж сул нэр дэвшигчийг өргөх, хуйвалдааны онолуудаар бөмбөгдөх, хуурамч мэдээ зохиох, талцахыг өрдөх, хэт туйлширсан үзэл, түрэмгийллийг хурцатгах зэрэгт ашиглах бөгөөд үүнд нийгмийн сүлжээ гол үүрэг гүйцэтгэх болж байна. Энэ хандлага цаашид дэлхийн олон оронд сонгуулийн үед үргэлжилсээр байхаар байна.

Энэ зэвсгийг автократ дэглэмүүд гадаад улсуудын ардчиллыг сүйтгэх, дотоодын үзэл бодлыг дарах хэрэгсэл болгож байгаа бөгөөд энэ чиглэлд ОХУ, БНХАУ тэргүүлж байна. ОХУ-ын хувьд АНУ-ын 2016 оны сонгуульд нөлөөлж, Зүүн Европ, Украинд худал мэдээллийн ажиллагаа зохион байгуулсаар байгаа. Цаашид НАТО-гийн гишүүн орнуудад чиглэсэн нөлөөллийн шинэ ажиллагаагаа идэвхжүүлж байна. 2023 онд болох Польшийн парламентын сонгууль үүний эхний бай болох нь тодорхой. Бээжингийн хувьд төрөл бүрийн мэдрэгч, хөдөлгөөнт техник хэрэгсэл, нүүр таних технологиудыг ашиглан иргэдийнхээ хөдөлгөөн, үйл ажиллагаа, харилцаа холбоог хянаад явж байгаа. Цаашид өөрийн нийгмээ хянах, тагнах үйл ажиллагааг чангатгахад шинэ технологиудыг ашиглах төдийгүй нийгмийн сүлжээнд суртал ухуулга цацах, гадаад дах Хятадаар ярьдаг хүмүүст нөлөөлөх, айлгахад ашиглахаар байна.

ХОУ дэлгэрэх нь улс төрөөс бусад салбарт асар их нөлөөтэй байна. Бүх салбар дахь компаниудын нэр хүндэд эрсдэл ихсэж, хууль бус зорилгоор гүйцэтгэх удирдлага, данс, хувьцааны мэдээллийг нийтэд сенсац болгох явдал нэмэгдэхээр байна. Өөрөө бүтээгч ХОУ нь бодит харилцаа, санаа оноог хакер, хөрөнгө оруулагч, бизнесийн өрсөлдөгч нарын хорлох оролдлогоос ялгахад хүнд болгож байгаагийн дээр үүнээс гарах материаллаг хохирлыг нэмэгдүүлж байна. Нэг л хүн эсхүл трол их хэмжээний өндөр чанартай жиргээ, бүтээгдэхүүний үнэлгээ, онлайн сэтгэгдэл, удирдлагад хандсан захидал, мэдээг их хэмжээгээр бүтээх замаар олон нийтийн санал сэтгэгдэлд асар их өөрчлөлтийг авчрах боломжтой болж байна. ХОУ үүсгэж нийгмийн сүлжээгээр хүч авсан контент нь өндөр давтамжтай худалдан авалт, сэтгэлзүйд тулгуурласан хөрөнгө оруулалт зэргийг – зах зээлийг доргиох хэмжээнд – өөрчлөх боломжтой болж байна.

Эх сурвалж: https://www.eurasiagroup.net/issues/top-risks-2023

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл оруулна уу!!!
Нэр оруулах

Шинэ мэдээ
Их сэтгэгдэлтэй
Их уншсан
Ulaanbaatar
clear sky
-21.9 ° C
-21.9 °
-21.9 °
77 %
1kmh
0 %
Лха
-16 °
Пүр
-11 °
Баасан
-12 °
Бям
-9 °
Нар
-7 °
spot_img