Өнгөрсөн шөнө гал түймэрт өртөж 7 иргэн амиа алдсан талаарх мэдээллийг НОБГ-аас өглөө.
Тодруулбал, нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг, 3 дугаар хороо, Баганарангийн 30 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 10.26-ны өдрийн 03:47 цагт хүлээн авсан байна.
Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 3 км замыг туулан очиход 7х7 метрийн хэмжээтэй 2 давхар байшин, 4х6 метрийн хэмжээтэй гарааш бүрэн шатаж байсныг 04:50 цагт тархалтыг зогсоож, 06:30 цагт бүрэн унтраасан.
Нэмэлтээр Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн алба хаагчид ажилласан. Уг гал түймрээс таван иргэн эсэн мэнд гарсан ч 7 хүн өртөж нас барсан тул хэргийн газрыг тус дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн. Хэргийн газрын үзлэгт цагдаагийн байгууллага ажиллаж байгаа гэв.
Сүүлийн өдрүүдэд гал түймрийн дуудлага мэдээлэл нэмэгдэж, иргэд эрүүл мэнд амь насаараа хохирох тохиолдож буурахгүй байна.
Нийслэлийн хэмжээнд гал түймрийн нөхцөл байдал, урьдчилан сэргийлэх чиглэлээр сэрэмжлүүлэг мэдээллийг Нийслэлийн Онцгой байдлын газраас өнөөдөр /2023.10.26/ 10 цагт олон нийтэд өгөх бөгөөд бид та бүхэнд мэдээллийг хүргэх болно.
Эх сурвалж: Нийслэлийн Онцгой байдлын газар