ХБХХЕГ-ын дарга Э.Тамир сонсголын бэрхшээлийн чиглэлд үйл ажиллагаа явуулдаг ТББ-уудтай уулзаж, ажил хэрэгч санал солилцлоо.
Сонсголын бэрхшээлтэй иргэдэд үйлчилдэг “Диф” клубт болсон уулзалтанд “Диф Монголиа клубын захирал” Б. Түвшинжаргал, тус клубын дохионы орчуулагч Б.Юмжирдулам, менежер М. Санжаасүрэн, “Төсөл хөгжлийн төвийн захирал” Б.Ууганбаяр, “Монголын сонсголгүй иргэдийн мэдээлэл харилцааг зохицуулах үндэсний төв” ТББ-ын тэргүүн Б.Нэмэхбаяр, “Сонсголын бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхийн холбоо” ТББ –ын тэргүүн О.Амаржаргал, удирдах зөвлөлийн гишүүн Н.Дэлгэрмаа, “Сонсголын бэрхшээлтэй иргэдийн соёлын төв”-ийн гүйцэтгэх захирал Ж.Дуламсүрэн, “Монголын сонсголгүй иргэдийн байгууллагуудын үндэсний холбоо” ерөнхийлөгч Т. Цэдэнбал, СЗСҮТ-ийн дохионы хэлний орчуулагч Б.Саранчимэг, С.Бямбадэлгэр нар оролцлоо.
Энэ үеэр сонсголын бэрхшээлтэй иргэдийг нийгмийн харилцаанд тэгш хамруулахын тулд дохионы хэлийг түгээн дэлгэрүүлэх, дохионы хэлмэрч орчуулагчийг ажил мэргэжлийн индекст оруулах асуудлыг хөндсөн байна.
Мөн сонсголын бэрхшээлтэй иргэдийн тоон судалгааг оновчтой зөв гаргах, түүнд үндэслэж боловсролын хүртээмжийг сайжруулах талаар ТББ-уудаас санал гаргасан юм.
ХБХХЕГ-ын дарга Э.Тамир эдгээр ТББ-уудын гаргасан саналыг ажил хэрэг болгож, холбогдох төрийн болон ТББ-тай хамтран ажиллах болно гэлээ.


