spot_img
ЭхлэлНийтлэлХурдан морийг хүүхэд унах ёстой юу, яагаад?

Хурдан морийг хүүхэд унах ёстой юу, яагаад?

Нэгдсэн үндэстний байгууллага хүний эрх, эрх чөлөөг хүн бүрд төрөхөөс заяагдсан, салшгүй бөгөөд түгээмэл болохыг Хүний эрхийн түгээмэл Тунхаглалаар 1948 оны 12 дугаар сарын 10-ны өдөр тунхагласан байдаг. Тунхаглал батлагдсаны 75 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байгаа бөгөөд дэлхий нийтээр иргэн бүрийн тэр дундаа хүүхдийн эрхийг хангаж, хамгаалах чиглэлээр хийж хэрэгжүүлсэн болон цаашид авч хэрэгжүүлэх ажил, тулгамдаж буй асуудлаа эргэн харж, бүхнийг хүүхдийн сайн сайхны төлөө зориулах амлалт эхнээсээ өгч байна. Монгол Улсын хувьд хүний эрхийг хангаж, хамгаалах чиглэлээр хоёр төрлийн амлалт өгөхөөр зэхсэн гэх мэдээлэл бий.

Гэхдээ энэ удаагийн нийтлэлээр Монгол Улсын Засгийн газар иргэдийнхээ эрхийг хамгаалах ямар амлалт өгөхөөр зэхсэн бэ гэхээс илүүтэй хүүхдийн эрх тэр дундаа хурдан морины уралдаанч хүүхдийн эрхийн асуудлыг Сүхбаатар аймгийн “BBS” телевизтэй хамтран хөндөж, сурвалжилсан юм.

Энэ удаагийн “Уралдаанч хүүхдийн эрх”-ийн асуудал хөндсөн цуврал сурвалжилгаараа уламжлалт морин уралдаан байх ёстой эсэх, хурдан морийг заавал хүүхэд унах ёстой юу, тэдний аюулгүй байдлыг хэрхэн хамгаалж, уяачдын нийгмийн хариуцлагыг хэрхэн өндөрсгөх вэ гэдэг асуудлаар Хүний эрхийн Үндэсний комисс, НҮБ-ын Хүүхдийн сан болон энэ чиглэлийн судлаач, уяачдын байр суурийг эмхэтгэн хүргэхээр бэлтгэлээ.

А.БАЯРМАГНАЙ: МОНГОЛЧУУД ЭРТНЭЭС УРАЛДААНЧ ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛЖ ИРСЭН АРД ТҮМЭН

ММСУХ-г үүсгэн байгуулагчдын нэг, СГЗ, хурдан морь судлаач, түүхийн ухааны доктор (Ph.D) А.Баярмагнайгаас тодрууллаа.


-Монголын хурдан морины уралдааны хөгжлийн бодлогыг тодорхойлогч судлаач, эрдэмтэн хүний тань хувьд унаач хүүхдийн асуудлаар тантай ярилцах гэсэн юм.

-Баярлалаа. Гэхдээ “унаач” гэж ярих нь буруу. Унаач гэхээр дандаа унаж, ойчиж явдаг гэсэн үг шиг. Морины хүүхэд гэхээр бас биш. Уралдаанч хүүхэд гэвэл оновчтой.

-Тэгвэл бид зөв ярьж хэвших хэрэгтэй юм байна. Монголд хэдэн уралдаанч хүүхэд, хэдэн уяач байдаг тухай тоо баримт бий болов уу?

-Хэдэн жилийн өмнөх тоо баримтаар социализмын үед 98-100 мянга орчим морь уралдаж байжээ. Түүнийг 10 мянган хүүхэд унадаг байлаа. Нэг хүүхэд зургаан насны морь унана гэхээр дунджаар тэгж гарч байгаа юм. Сүүлд ММСУХ байгуулагдсанаар уралдааны тоо олширч, уралдах морьдын тоо нэмэгдсэн. 2010 оны байдлаар 200 мянга гаруй морь уралдаж, 15-18 мянган хүүхэд түүнийг унаж байна гэсэн тоо гарсан байдаг.

-Уламжлалт морин уралдаан байх ёстой юу?

-Эрийн гурван наадмыг ЮНЕСКО-д бүртгүүлчихсэн. ЮНЕСКО-гийн биет бус соёлын өвийн төлөөллийн жагсаалтад бүртгүүлнэ гэдэг нь “Эрийн гурван наадам” буюу бөх, сур харваа, хурдан морины уралдаан нь монголчуудын төдийгүй хүн төрөлхтний бүтээсэн соёлын үнэт өв болсон гэж тооцсонтой агаар нэг. Тэгэхээр үүнийг бид хөгжүүлэх, хамгаалах үүрэгтэй. Тэр үүрэг нь бидэнд автоматаар ногдож байгаа юм.

-Уралдаанч хүүхдүүдийн аюулгүй байдлыг хэрхэн хамгаалах ёстой вэ?

-Хүүхдийн аюулгүй байдлыг хамгаалахад уралдааны зам тодорхой хэмжээний чухал нөлөөтэй. Нэг үгээр, уралдааны замыг арчилж, шалгаж, засч, төвхнүүлдэг байх ёстой. Морь тарлах замыг хүртэл хөдөө орон нутгийнхан цэвэрлэдэг шүү дээ. Тарваганы нүх байвал бөглөж, чулуу, яс байвал холдуулж, нүх байвал анхааруулах замаар морь тарлах замын бартааг хүүхдүүдэд урьдчилж таниулдаг байсан. Монголчууд хүүхдийн аюулгүй байдлыг хамгаалах үндэсний тогтолцоог эртнээс бий болгож ирсэн. Хүүхдэд ямар өмд, цамц, малгай оймс өмсгөх вэ гээд бүгдийг зохицуулж ирсэн. Туухайвч гэж юм хүүхэд өмсдөг байлаа. Бүр өвдөг өнгөрсөн түрийтэй. Эсгий ширж хийдэг юм. Одоо бол шилбэний хамгаалалттай болсон. Тэр эсгийгээр ширж хийсэн юм нь хамгаалалт юм шүү дээ. Цамц, өмдийг зүгээр нэг нимгэн даавуугаар хийхгүй. Цэмбээр гадарлаж, торгоор доторлож гоёж чимэхийн хажуугаар аюулгүй байдлыг хангана. Эмээлийн хэмжээ, дөрөөний урт, богино ямар байхыг бүгдийг хүүхдэд тааруулна. Дөрөө гутал хоёрыг нарийн шалгаж тохируулна. Олом, жирэм ямар байх гээд монголчууд олон зуун жил морио маллаад, уралдаад ирсэн. Тэр тогтолцоогоо өөрсдөө бүрдүүлчихсэн. Гэтэл үндэсний тэр тогтолцоог хангалтгүй байна гэж үзээд хамгаалалтын хувцастай болгосон.

Алдарт уяач Ц.ДАШДАВАА: МОРЬ УНАХ ДУРГҮЙ ХҮҮХДЭЭР МОРЬ УНУУЛЖ БОЛОХГҮЙ

Сүүлийн жилүүдийн тоо баримтыг харахад жилд 200 мянга морь уралддаг. Түүнийг идэвхтэй уядаг 40-50 мянган уяач байдаг аж. Үндсэндээ мал аж ахуй дундаа хурдан морины уралдаан нь туслах болон үндсэн малчныг хамарсан 120 мянга гаруй ажлын байрыг бий болгодог гэх тоо баримт гарчээ. Сүхбаатар аймгийг хурдан морины өлгий нутаг гэдэг. Тус аймагт 2600 гаруй уяач байдаг.

Энэ талаар Сүхбаатар аймгийн Асгат сумын Их уул багийн малчин, аймгийн алдарт уяач Ц.Дашдаваа ярихдаа “Би зургадугаар ангиасаа аавынхаа дүү Очирпүрэвтэй мал маллаж өссөн. Морь уяах арга ухааныг миний аав, том ах маань өвлүүлэн үлдээсэн. Миний аав сайн уяач байсан. Жигжидийн Цэрэн гэж хүн байлаа. Би жилдээ өөрийн болон дүү нарынхаа 35-36 морь уядаг. Манай гурван дүүгийн хүүхдүүд нь ирж морь унадаг. Хамгийн бага нь долоон настай. Хүүхдүүдээ хамгаалалтын хувцас хэрэглэл өмсгөж, даатгалд хамруулсан. Хүүхэд юм чинь гээд бүгдээр нь морь унуулдаггүй. Зарим хүүхэд морь унах дургүй. Дургүй хүүхдээр морь унуулдаггүй. Хүүхэд морь унах дургүй байхад нь битгий унуулж байгаарай гэж аав, ах хоёр маань захидаг байлаа. Манай суманд хүүхэд хөлсөөр цалинжуулж унуулдаг уяач тун ховор. Хөлсөлж унуулж байгаа бол дандаа гэрээтэй. Гэрээнийхээ дагуу ажиллуулахгүй бол хүүхэд хамгаалал гэдэг чинь хурцаар яригддаг том асуудал болсон” гэв.

СҮХБААТАР АЙМГИЙН ХЭМЖЭЭНД 1500 ГАРУЙ УРАЛДААНЧ ХҮҮХЭД БИЙ

Сүүлийн жилүүдэд үндэсний их баяр наадмаар хязгаарлагдахгүй, жилдээ том жижиг нийлсэн 90 гаруй наадам нэг жилд болдог гэнэ. Энэ жил Сүхбаатар аймагт 40 гаруй морин уралдаан болжээ. Тус аймагт 1500 гаруй уралдаанч хүүхэдтэй юм байна.

Сүхбаатар аймгийн Асгат сумын Их уул багийн уралдаанч хүү Д.Сумъяасүрэн ярихдаа “Би зургаан настайгаасаа морь унаж уралддаг болсон. Морь унаад давхих хамгийн гоё. Морь унахад хэцүү зүйл байхгүй. Манай ангид морь унадаг олон хүүхэд бий. Би бүх насны морь унадаг. Хамгаалалтын хувцас хэрэглэлээ бүрэн өмсдөг. Бусад уралдаанч хүүхдүүддээ ч хамгаалалтын хувцсаа бүрэн өмсөөрэй гэж захья. Анх аав минь надад морь унахыг заасан. Миний морь номхон дөлгөөн. Сургаагүй морь унаж байгаагүй” хэмээн ярив.

А.БОЛОРМАА: ӨВ УЛАМЖЛАЛ Ч ГЭЛЭЭ ХҮҮХДИЙН АМИНААС ҮНЭТЭЙ ЗҮЙЛ ГЭЖ БАЙХГҮЙ

НҮБ-ийн Хүүхдийн сангийн мэргэжилтэн А.Болормаа “Өв уламжлал ч гэлээ хүүхдийн аминаас үнэтэй зүйл гэж байхгүй. Манай байгууллагаас хүүхдийг морь унуулахгүй байх асуудлыг хөнддөг. Тиймээс энэ талаарх арга хэмжээг авч хэрэгжүүлж ирсэн. Хүүхэд морь унавал хамгаалалтын хэрэгслийг бүрэн өмсөх, тоноглолыг бүрэн хэрэглүүлэх, хүүхдийг даатгалд бүрэн хамруулсан байхыг уяачдаас шаардаж байгаа” гэлээ.

ХЭҮК ХҮҮХДИЙН ЭРХИЙН АСУУДАЛД ОНЦГОЙ АНХААРЧ АЖИЛЛАДАГ

ХЭҮК-оос өнгөрсөн хугацаанд нийт 22 удаагийн илтгэл бичиж, УИХ-д өргөн барьснаас үүний 15 удаагийн илтгэлд хүүхдийн эрхийн асуудлыг тусгайлан тусгаж, улмаар УИХ-аас холбогдох тогтоолыг батлуулж байжээ. Тухайлбал, “Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 12 дахь илтгэлд” уралдаанч хүүхдийн эрхийн асуудлыг хөндсөн байна. Тус илтгэлд “Комиссын зүгээс хурдан морь унаач хүүхдийн эрхийн талаар, ялангуяа хуулиар тогтоосон наснаас бага насны хүүхдээр хурдан морь унуулсан, даатгалд хамруулаагүй, хамгаалалтын хувцас хэрэгсэл өмсүүлээгүй бол буруутай этгээдэд захиргааны журмаар торгууль ногдуулдаг. Дээрх шаардлагыг хангаагүйн улмаас хүүхдийн биед гэмтэл учруулсан, амь нас нь хохирсон бол гэм буруутай этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн зохицуулалт бий болгох талаар 2003, 2008, 2010 онд УИХ-д илтгэсэн. НҮБ-ын Хүүхдийн эрхийн хорооны 2010 оны нэгдүгээр сарын 29-ний өдрийн 1501 дүгээр хуралдаанаар Монгол Улсын Засгийн газарт өгсөн зөвлөмжийг хэрэгжүүлэх чиглэлээр Засгийн газрын зүгээс дорвитой арга хэмжээг өнөөдрийг хүртэл авч хэрэгжүүлээгүй байна” гэжээ.

Энэ талаар ХЭҮК-оос тодруулахад “ХЭҮК хүүхдийн эрхийн асуудалд онцгой анхаарч ажилладаг. Тиймдээ ч бүртгэгдсэн эсэхээс үл хамаарч аймаг, орон нутагт зохион байгуулж байгаа морин уралдаанд хяналт тавих, шаардлагатай арга хэмжээ авч ажилладаг. Тухайлбал, аймгийн Засаг дарга нар тухайн орон нутагт зохион байгуулахаар төлөвлөсөн болон бүртгэлгүй уралдаанд хяналт тавих, уралдаанч хүүхдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах, холбогдох хууль, дүрэм, журмыг хэрэгжүүлж ажиллах тухай Комиссын зөвлөмж хүргүүлж ажилладаг. Сүүлийн жилүүдэд ахиц дэвшил гарсан зүйл цөөнгүй байна. Энэ жилийн тухайд Үндэсний их баяр наадмаар уралдаанч хүүхэд гэмтэж бэртсэн тохиолдол гараагүй. Тэглээ гээд бид санаа амрах биш цаашид хүүхдийн эрүүл мэнд, амь насанд аюул учруулах эрсдэлийг тооцож байнга хяналт тавьж, сайжруулах тал дээр анхааран ажиллах болно” гэлээ.

Б.БУДНЯМ

С.ОТГОНБАЯР
“ӨДРИЙН СОНИН”

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл оруулна уу!!!
Нэр оруулах

Шинэ мэдээ
Их сэтгэгдэлтэй
Их уншсан
Ulaanbaatar
clear sky
-0.9 ° C
-0.9 °
-0.9 °
40 %
3kmh
0 %
Бям
-1 °
Нар
-13 °
Даваа
-12 °
Мяг
-15 °
Лха
-7 °
spot_img