spot_img
ЭхлэлонцлохСэтгүүлч айж болно, сэтгүүл зүйд айх эрх байхгүй

Сэтгүүлч айж болно, сэтгүүл зүйд айх эрх байхгүй

Ковидыг далимдуулж иргэд гэлтгүй, хэвлэл мэдээллийн байгууллага, хэвлэн нийтлэх эрхэнд халдсан эрх баригчдын даварсан үйлдэл өнөөдөр ч үргэлжилж хэрээс хэтрээд байна. Сүүлийн үед сэтгүүлчийн эрхэнд ноцтой халдаж, хэвлэн нийтлэх эрх чөлөөг гишгэлсэн үйлдэл гаргасан нь олон улсад мөрдөгддөг зарчим, дүрмүүдийг удаа дараа зөрчөөд байгаа юм.

Монголын сэтгүүл зүйн Топ гэж хэлж болохоор байгууллагуудын нэг “Зариг.мн” сайтыг нухчин дарах үйл ажиллагаа явагдсаар байна. Тус сайтын фэйсбүүк дэх хуудас нь 1.1 сая дагагчтай, сайтын эрхлэгч Н.Өнөрцэцэг нь хувийн аккаунтдаа 327 мянган хүн дагуулчихсан яваа. Энэ бол гурван сая гаруй хүн амтай манайх шиг оронд нийгмийн сүлжээнээс богино хугацаанд асар өндөр хандалт авч чадсан гэсэн амжилтыг шууд харуулж байгаа юм. Монголын гурван хүн тутмын нэг нь Өнөрөөг дагадаг, Өнөрөөгийн сайтад, үгэнд нь итгэдэг гэхээр яалт ч үгүй Топ гэж хэлэхээс яах билээ. Гэтэл энэ сайтыг хааж боож, хандалтыг нь унагаж, эзнийг нь шоронд суулгачихлаа гэдэг нь нэг сайт, хувь хүний асуудал мэт боловч томоор нь харвал эрх баригчид сэтгүүл зүйг, сэтгүүл зүйн салбарынхныг мохоох гэж оролдож байгаа үзэгдэл юм. Өнөрөөгөөр жишээ үзүүлж “Ингээд баривчлаад ачаад явчихдаг шүү дээ. Хамаагүй сэдвээр битгий оролд, биднээр бүү оролд” гэсэн эрх баригчдын зуулт явж байна. Тиймээс сэтгүүлчид энэ асуудал дээр эвлэлдэн нэгдэж, нягтрах нь чухал. Өдөр тутмын сонин, сэтгүүл, телевизүүд, сайт, радио гээд сэтгүүл зүйн салбарт хамаарагддаг олон төрлийн хэвлэл мэдээллийн чиглэл, байгууллагууд бий. Энэ бүгд сэтгүүл зүйн аюулгүй орчин, шударга ажиллахын төлөө нэгдвэл манай салбар хүчтэй болно. Угаас хүчтэй, нэр хүндтэй салбар. Одоо харин нэгдэх явц л жаахан дутагдаад байна. Дуугаа нэгтгэвэл ямар хүчтэйг бүгд хэлүүлэлтгүй мэдэж байгаа.

Сэтгүүл зүйн салбарынхан эрх баригчдын шударга бустай тэмцэхийн хажуугаар Монголын нөхцөлд сошиалд, сошиал орчиндоо “бариулж идүүлчих” гээд байдаг нэг зовлонтой болсон. Энэ бол сэтгүүл зүйн салбар орчмоор гарсан мутант юм даа. Эрх баригчид гэх нүүрсний хулгай, байгалийн баялаг, төсвийн хамаг юмыг бүлэглэн идэгчдээс гадна сэтгүүлчид, сэтгүүл зүйн салбар маань нийгмийн сүлжээний мутантуудтай тэмцэх цаг нь болчихжээ.

Сэтгүүлчид шиг гоё байхсан, сэтгүүлч шиг гоё бичихсэн, сэтгүүлч болчихвол гоё юм аа гэсэн далд санаархал, бүр өс хонзонтой байсан гэж хэлж болохуйц атаархагч хүмүүсийн хүчтэй хэл ам, дайралт сэтгүүл зүйн салбарын нэр хүндийг унахад нөлөөлж байна. Хуучин бол нийгмийн бүхий л үйл явдлын халуун цэг дээр сэтгүүлч л ажиллаж, сенсааци, элдэв шуугианы цөм рүү сэтгүүлчид л орж, тэр хэрээр олны анхаарлын төвд байдаг байсан. Тэгвэл өнөөдөр фэйсбүүк хаягтай хүн өөрийгөө бараг сэтгүүлч гэж андуурахын наагуур л олны анхаарлыг өөртөө татахын тулд өрнөж буй үйл явдалд хошуу дүрж, овоо гайгүй хандалт авчихаараа “Би ч сэтгүүлчээр ажиллачих юм байна” хэмээн ташаарч, тэр буруу ойлголтоороо улайраад явчихдаг. “Би тэр сэтгүүлчээс дээр шүү дээ, би тэр хэвлэл мэдээллийн байгууллагаас илүү гарахаар юм байна. Намайг олон хүн дэмждэг шүү дээ. Би ер нь илүү ш дээ. Сэтгүүлч гэх годгоносон охидоос мэдээж би дээр” гэж байнга хэлж байгаа нь анзаарагддаг. Эд нар сэтгүүл зүйг гутаах, сульдаах ажлыг төр засгаас ч илүү хийж байгаа нь хортой юм. Эд нарын учрыг олж, хужрыг нь тунгааж, ярьж хэлж байгаа юмных нь үнэн, худлыг ялгаж өгөх том ажил Монголын сэтгүүл зүйд тулгарчихаад байгааг анзаарч байгаа байх. Сүүлдээ дуртай нь сэтгүүлчийг, сэтгүүл зүйн салбарыг загнадаг боллоо. “Шатахуун тасарчихаад  байхад та нар юу хийж байна вэ, бүгд хаалтын гэрээ хийчихэж” гээд амандаа орсноо бурж харддаг болж. Гэтэл сарын өмнөөс, бүр жилийн өмнөөс тоймч, сэтгүүлчид олон улсын

байдал хүндэрч байна, хойд хөршийн нөхцөл байдал аягүйтвэл манайх цахилгаан, шатахууны хомсдолд орж мэднэ шүү гэдгийг бичиж, сануулсаар байсан. Мөн энэ чигийн шинжээч, албаны хүмүүс, эдийн засагч, судлаачдаас энэ хүрээнд цаг тухай бүрд нь ярилцлага, тодруулга авч ард түмэнд мэдээлэл хүргэсээр ирсэн шүү гэдгийг сэтгүүлчид нэгэн дуугаар хариулж няцааж харагдсан.

Зөвхөн сэтгүүлчдийг доош нь хийж, шүүж, сэтгүүл зүйн салбар руу байнга “довтолгоо” хийж, нийгмийн сүлжээнд иргэд, олон нийтийн тархийг буруу мэдээллээр угаадаг зориудын гэмээр инфлүүсэр, олны танил хүмүүс, шүлсээ үсэргэгч этгээдүүд гараад ирчихсэн. Тэдний энэ үйлдэл дээр эрх баригчид дөрөөлж “Монголд хүний эрх дэндээд байгаа. Монголчууд харин ч маш их эрхтэй, эрх чөлөөтэй ард түмэн шүү. Сэтгүүлч гээд байгаа нөхөд харин ч эрх нь дэндээд байна” гэсэн юм ярьцгааж, үүнийг цэгцлэх цаг нь болсон гээд түүчээлээд байсан “Зариг”-ийн Өнөрөөг барьж аваад ачаад явчихсан.

Тэгтэл өчигдөр уржигдраас сэтгүүлч уучлал гуйж, айлаа ичлээ, дахиж сэтгүүлчээрээ ажиллахаа больё оо гэсэн цаасны хэлтэрхий гаргаж ирээд “сэвж” байна. Эрх баригчид, нийгмийн сүлжээнийхэн үүгээр нь даапаалж, бах таваа харин ч нэг хангаж байх шиг байна аа. “Ингэж л айлгадаг байхгүй юу”, “Та нар ингэдэг л аймхай улс байхгүй юу”, “Та нар юу ч биш байгаа биз. Амьтан болдог юм шүү дээ” гэж тавлацгааж, сэтгүүлчид гэдэг чинь юу ч биш, захын хэн ч энэ мэргэжлээр ажиллачихна гэх маягтай юм пост, сэтгэгдлүүд нийгмийн сүлжээнд хөвөрч байна.

Сэтгүүлч бол хүн. Хүн юм чинь айж болно, айлгүй яах вэ. Айх эрхтэй. Харин сэтгүүл зүйд ингэж айх эрх байхгүй шүү. Сэтгүүл зүйн салбарынхан сэтгүүлчийнхээ эрх ашгийн төлөө хүчтэй тэмцэж, дуу хоолойгоо нэгтгэж, эрх баригчид, нийгмийн сүлжээнд манай салбар руу тактиктайгаар дайрдаг хүмүүсийн эсрэг нэгдэх цаг болжээ.

Сэтгүүлчид цаг үргэлж бусдын төлөө, өөр салбарт тулгарч буй асуудлын араас хөөцөлдөж, мухарлаж, шийдвэр гарахад нь тусалдаг ачтай тустай ажил мэргэжилтэй хүмүүс. Энэ удаа харин бүгдээрээ нэгдэж, өөрсдийнхөө төлөө, салбарынхаа төлөө нэгдмэл болж, хүчээ нэгтгэх хэрэгтэй байна. Сэтгүүлчид, сэтгүүл зүйн салбарынхан хүчтэй. Нэгдвэл түүнээс ч илүү хүчтэй гэдэгтээ итгэ.

www.dnn.mn

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл оруулна уу!!!
Нэр оруулах

Шинэ мэдээ
Их сэтгэгдэлтэй
Их уншсан
Ulaanbaatar
clear sky
3.1 ° C
3.1 °
3.1 °
28 %
7kmh
0 %
Баасан
3 °
Бям
-2 °
Нар
-12 °
Даваа
-13 °
Мяг
-6 °
spot_img