spot_img
ЭхлэлНийтлэлАр дээр ургасан ногоо

Ар дээр ургасан ногоо

Хааяахан салхилахаас бусад бүх хугацааны турш нийслэлийнхэн хортой хийгээр амьсгалах боллоо. Нийслэлд монголчуудын талаас илүү нь суурин аж төрдөг. Улаанбаатар нь манай гаригийн саятан хотууд дотроос хамгийн их агаарын бохирдолтой нь гэжээ.Тэгвэл энэ хотын нутаг дэвсгэр нь манай өргөн уудам эх орны тун өчүүхэн хэсэг нь. Бидний эргэн тойрон 1,5 сая орчим километр хав дөрвөлжин нутаг түүнийг нөмөрсөн цэв цэнхэр тэнгэр тув тунгалаг агаар хүрээлэн буй нь юутай завшаан. Хорт хийн гамшиг зөвхөн энэ дөрвөн том хайрханы дунд л тунараад байгаа болохоос “22-ын товчоо” өнгөрлөө л бол сэн хийгээд явчихна. Гэр хорооллын айлуудын утааны нийлбэр өвөл холын (хотын) бараа бүдгэртэл манарахаар нь шуугилддаг болохоос жинхэнэ дайжууштай улирал нь зун! Халуунд бактер үржин газарт шингэсэн, жорлонд хуримтлагдсан бүх бохир агаарт дэгдэн босч ирнэ. Хүйтнээр гараашид өвөлжсөн хуучин машинууд хөдөлгөөнд оролцон утаа савсуулан гудмаар давхина. Заваан хөрсөн дээр ургасан лууль шарилж гойд хурдан ургаж хүмүүсийн ургамлын харшил хөдөлж гэрээсээ ч гарч чадахаа болино. Агаар цэвэршүүлэх уушиг болсон улиас хүртэл дайсагнан унгирал нь хийсч хамар ам руу ордог. Зөвхөн нүүрсний утаа л жаахан татардагт хууртагдах хэрэггүй. Байгаль дахь таатай дулаарал нь шинжлэх ухаан технологийн сүүдэртэй талтай хавсран хүн төрөлхтнийг залилан хөнөөж байна. Үүний эсрэг халуун орныхны хувьд нөхөн үржихүйг чөлөөтэй болгож, экваторын бүс хэдэн тэрбум хүн нөөцөлснөөс өөр дорвитой арга олоогүй. Ухаант хүн болгоны тус тусдаа амьд мэнд эрүүл саруул байх зорилго мөрөөдөлд энэ нь ямар ч хамаагүй биз дээ.

Ингээд бодохлоор манай нутаг чинь явж явж хамгийн тогтвортой байгаль орчин болж таарлаа. Хүйтэн гэгддэг ч тэр чигтээ тундр үргэлжлэх биш. Сэр сэр салхитай, бур бур хуртай сэрүүн бумбын диваажин.

Хүмүүс амьдарч буй хотоосоо өөр газар орон ямар талаар бусдаас сонсдог байснаа, зурагтаар хардаг болчихлоо. Ингээд зогсолгүй амталж үнэрлэж барилж шүргэлцдэг ч техник хэрэгсэлтэй болоод авчихав уу. Саяхны гэмээр энэхүү дэвшил ахиц аялал жуулчлалын салбарын чиг хандлагыг өөрчлөхөд хүргээд байна. Бараг шинэ мэдээ юм. Юу гэвэл хүмүүс сонин хачин, үзэсгэлэнт, түүхт дурсгалт газруудыг кино театр хэлбэрийн газар ашиглан эчнээгээр үзчихээд оронд нь өөрт өөр ашиг өгөхүйц бизнес, дэлгүүр хэсэх зорилгоор жуулчлах болов.Цаашлаад боломжийн амьдралтай хэсгийнхний дунд эрүүл мэндийн чиглэлийн жуулчлал моодонд ороод байна. Хотын стресс, агаарын бохирдлоо ойр ойрхон угааж цэвэр агаарт гарч бай гэж эмч зөвлөдөг ч байх. Аялал жуулчлалын бизнесмэнүүд цаг үеэ зөв мэдэрч чиг хандлагаа дор дор нь өөрчилж эхэллээ. Жуулчны баазууд дэргэдээ эмнэлэг диспансер, рашаан сувилал, эмч домч ажиллуулан хамтран ашиг орлогоо хуваалцахаар болов. Үүн дотор “цэвэр агаар” гэсэн шинэ судлагдахуун гарч ирлээ. Энэ нь манай хувьд аялал жуулчлалын салбарт их завшаантай явдал болох нь. Жуулчдыг татахын тулд мангар том хөшөө, диснейлэнд, зоопарк хийж угаасаа хүч хүрэхгүй байсан. Одоо тэгвэл халуун бүлээн орны хөдөө гадаа нь ч үнэртдэггүй сэнгэнэсэн агаар гурав хүрэхгүй сая хүн амтай манай оронд л байхгүй өөр хаана байх юм. Байх байхдаа бүр арц, ганга, агины хачиртай гээч. Азны юм. Агаар алт болж байгаа мэдээ аль эрт л сонсогддог байсан л даа. Гадаадынхан аялах дашрамдаа биш цэвэр агаараар биеэ цэнэглэх дашрамдаа аялахаар расписан нь солигдлоо. Гадаад гэлтгүй манай хотын хүүхэд хөгшид усны шувуудтай уралдан хөдөөлөхийн мөн болцгоов.

“Ар дээр ургасан амуу тариа нь амттай байдаг нь Агаарынх аа хө” гэж ардын дуунд өгүүлдэг. Зүгээр л мөр холбох үг олж ядсан юм болов уу гэхээр үгүй бололтой юм шиг байгаа юм. Монгол орны уул нуруу болгоны ар нь модтой, өвс ус сайтай атал өвөр нь гандмал хад асгатай. Толгодын ар хойд тал сэрүүвтэр сэр сэр салхитай ч өврөөсөө илүү баялаг өвс ургамалтай.

Газар тариалан, хүнсний ногоо эрхлэхэд нар хур хоёр чухал. Тэр талаасаа бол ээвэр газар илүү. Гэтэл ар газар, дэнжийн талбай намар хяруунд бага өртөн арвин ургац өгдөг. Сонирхолтой нь илүү шим тэжээлтэй байдаг гэнэ. Нэг уулын ар өвөрт адилхан хур унаж, нар тусдаг агаад гагцхүү агаарын найрлагаас болж ийм ялгаатайг судалж мэджээ.

Зах зээлд орохоос өмнө одоогийн Төв аймгийн Жаргалант сумаас зүүн тийш 15 орчим километр зайд орших “Ар толгой” хэмээх газар улсаас өнчин хүүхдүүдэд зориулсан зуслан, амралтын газар байгуулсан байдаг. Зүй бусаар наснаасаа эрт бурхан болоочдын үр хүүхдийг урт нас, удаан жаргалтай байхыг бэлгэдэн Артолгойд амралт байгуулсан гэлцдэг. Тэр газар нь яваад очихлоор гоц гойд юу ч байхгүй, модтой уулын ар хаяа төдий. Дараа нь энэ хавьцаа “Нууц товчоо” гэдэг жуулчны бааз байгуулагдсан бөгөөд төд удалгүй тэнд өвөл зунгүй гадна дотны амрагчид, аялагчид дахин дахин очдог газар болчихсон. Дотроо нооль энэ тэртэй их тохилог, мод дүнз, эко болсон олон улсын стандарт бүхий аятайхан тур бааз. Гэхдээ л Тэрэлж, Цонжинболдогийн дэргэд үзэж хараад байх харууц, сонин хачин юмгүй. Тэгээд ч Жаргалантын төмс,тарианы талбай хойноос нь шахаж, урдаас нь давчуу модтой ам тулчихсан жирийн л ажил хийж амьдардаг орчин болохоос дуу алдахаар гол мөрөн мөнх цаст оргил үгүй. “Нууц товчоо”-ны нууц нь юундаа байгаа нь үл мэдэгдэнэ. Лав л “Монголын нууц товчоо”-н дээр гардаг үйл явдал, газар усны нэр томъёо энэ Ар толгой хавьд байдаггүй юмдаг. Энд Чингэс хаан биш харин Хадбаатар төрсөн гэдэг юм билээ. Амгаа зааны аавынх Булганаас Заамар руу отор хийж явах үед хүй цөглөсөн гэж заан дурссан байдаг. Угтаалцайдамын харьяат улсын аварга бөхөд мөн тийм явдал тохиосон нь энэ Ар толгой бөлгөө.

Одоо эргээд санаж анзаарахад энэ жуулчны бааз байгаа ар хөндий нь зун төдий л халдаггүй атлаа өвөлдөө хүйтэн биш, салхи сэвэлзэхээс шуурга болдоггүй, маш олон төрлийн өвс ургамал ургадаг ба мал их таргалдаг, ургац ер алддаггүй. Энд ирж мал аж ахуй, газар тариалан эрхлэгчид, ажиллагсдаас мөн ч олон хүн баатар, гавьяат болсон түүхтэй. Тус баазын туслах аж ахуй нь хажуудаа тул тэндээсээ мах ногоо, гурил будаа усаа хэрэглэх нь наанадаж өөрсдөд нь өртөг багатай, зочдод экологийн цэвэр хүнсний шаардлагыг хангана. Өөрөөр хэлбэл Ар толгойн хөрс, агаарыг талхан дээрээ тавиад хүртдэг гэсэн үг. Хүмүүс салхинд эрүүл агаарт гарна гэчихээд зорьсон газраа очоод гэр байшинд бүгэн өдөржин хөзөр тоглож байгаад буцдаг. “Нууц товчоо”-нд очигсод мөн л тэгж байгаа харагддаг. Гэвч дараа нь өдөржин гадаа агаарт амьсгалсантай ялгаагүй бие хөнгөрсөн тухай энд ирж хурал зөвлөгөөн хийгчид ярьцгаасан юм.

Ар Монгол, Архангай, Артолгой…өөр ар нэртэй ямар газрууд байна. Ар өвөр нь алагласан хангай дэлхийд их ховор тааралддаг шүү. Энүүхэн хойшоо Сибирь болоод явчихлаар ой мод нь Монголын хээр тал шиг ойчин цойчин биш ар өвөргүй битүү ургаад л гоё үзэсгэлэнтэй л дээ. Гэвч тэнд хүйтэн нь хэтэрч, агаар нь ар газартаа ахиу асгардаггүй аж. Дөрвөн улиралтай Монголын цаг агаарын энэ давуу талаа олон улсад сурталдан сонордуулж өгвөл бид уул уурхайгаас дутахгүй ашиг орлого олчихмоор санагдана. Дөрвөн ууланд хашигдсан Улаанбаатарт л проблем хураад байгаа болохоос хотоос гармагц залгаад агаар булингартуулах хэмжээний шигүү хүн ам, үйлдвэр уурхайнууд жагсаастай байх биш.

Эрдэнэсант, Баян-Өндөр сумын зааг дээрх Батхаан уулын ар бүр сонин агаартай. Тэнд амьсгалын замын астма зэрэг өвчнөөсөө салдаг орон нутгийн чанартай сувиллын газар байсансан. Ойрд очоогүй. Одоо хэвээрээ болов уу.

Дэлхий дахин дулаарал, нозооролд автчихсан, янз бүрийн гайхамшгуудыг техник ашиглан гэрээсээ үзсээр байгаад уйдчихсан цаг үе юм байна.

Ж.Гангаа

dnn.mn

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл оруулна уу!!!
Нэр оруулах

Шинэ мэдээ
Их сэтгэгдэлтэй
Их уншсан
Ulaanbaatar
scattered clouds
15.1 ° C
15.1 °
15.1 °
21 %
3kmh
40 %
Бям
15 °
Нар
23 °
Даваа
26 °
Мяг
23 °
Лха
16 °
spot_img