Өглөө дөө утаа манантаж харагдаад эхэллээ. Утааны улирал ирж байгаагийн дохио болов уу. Уг нь сүүлийн хэдэн жил нийслэлд утаа харагдахаа больж, 20 жилийн агаарын бохирдлын зовлон шаналлаасаа нийслэлчүүд салав уу гэмээр үлгэрийн он цаг өнгөрсөн. Гэвч өнгөрсөн жил утаа эргэж ирлээ. Үүний гол буруутанг одоо хэр нь төр засаг, ард иргэдээрээ хэлэлцээд олохгүй л байна. Энэ талаар бид сурвалжиллаа.
Энэ жил манан саарал утаатай дахин амьдрах бололтой
Манай сурвалжлах баг Дарь эхийн Ганцын буудал руу өглөө эртлэн хөдөллөө. Уулын орой утаанд бүрхэгдэн, хортой цагаан манан км-ийн радиуст харагдах орчинг хязгаарлаж эхэлсэн байна. Өвлийн дунд сар гэхэд 4, 5 алхмын цаадах ч харагдахааргүй болж магадгүй гэж эндхийнхэн ярьж байна лээ. Иргэдийн сэтгэгдлийг сонсох гээд буухад утаа хоолой хорсгож, нүд аргуулна. Утааны харагдац багассан ч, угаар амтагдаж байгаа гэж иргэдийн хэлдэг үнэн бололтой. Энэ жилийн хувьд хүйт их эрт орж байна. Билгийн тооллоор Намрын дунд сар адаг руугаа явж байгаа болохоор арга үгүй биз.
Иргэн Б.Батцэцэг: -Ойрын хэдэн жил утаа гайгүй болчихсон байсан. Өдийд бол утаа ингэж их сааралтаж харагдах хэмжээнд хүрдэггүй байлаа. Идэр ес эхлээд айлууд тогтмол галлагаатай болоход утаа эрс ихэсдэг байсан. Харин энэ жил цаг яагаачгүй байхад утаа бүрхэж байна. Өглөө 07.00 цагийн үед гэрээсээ гарахад хоолой хорсож байна. Бүр шүүлтүүртэй маск зүүсэн ч хоолой аргаж байна шүү дээ. Өвөл болохоор нийслэлийн удирдлагууд нь хийж байгаа ажлынхаа эхэнд утааг бууруулахтай тэмцээд байна гэдэг. Бодит байдал дээр бол буурсан юм ажиглагдахгүй байна. Сайжруулсан түлш түлсэн эхний жил утаа үнэхээр буурсан. Угаарын хор буурсан гэдэгт би итгэхгүй байна.
Иргэн Т.Наранхүү: -Утааны асуудлыг ус, дулаанаар л шийднэ. Сайжруулсан түлшийг би шийдэл гэж огт харахгүй байгаа. Дулааны цахилгаан станцынхаа хүчин чадлыг сайжруулаад гэр хороолол руугаа ус дулаанаа оруулж ирж байж л бага зэрэг шийдэгдэнэ. Ер нь он хуучин машин импортлохыг зогсоомоор байна. Агаарын бохирдлын арван хувь нь машинаас болдог гээ биз дээ гэлээ.
Бид иргэдийн хууч хөөрхийг сонсоод явж байхад хот тохижилтийн ажилтан урд явж байлаа. “Ах сайхан намаржиж байна” уу гэхэд тэрээр цочиж нэг харснаа инээмсэглэн “өө сайхан намаржиж байна” гээд бээлийгээ тайлав. “Утаа ч их байн даа” гэхэд тэрээр тамхиа гаргаж асааснаа нэг баагуулаад “Ах нь олон жил энэ ажлыг хийж байна. Энэ жил ч онцгой хүйтэн бас онцгой утаатай байх шинжтэй шүү. Өглөө дөө ажиллахад ингэж хоолой ам хорсож явсангүй” “Тэгээд яагаад тамхи татаад байгаа юм бэ” гэхэд “Татахгүй бол ажил явдаггүй юм. Утаатай ч гэсэн ах нь ажлаа хийнэ шүү дээ” гээд хүр хүр хийн хүчтэй ханиалгав.
Утаа иргэдийн амь насанд хэрхэн заналхийлдэг вэ?
Өнгөрсөн жил утаа эргэж ирэхэд иргэд амны хаалттай байсан учраас хоолой хорсох, угаар амтагдах нь бага байсан. Ковидын дараахь утаатай жил нийслэлийн иргэдийн амь нас хэрхэн заналхийлэх нь түгшмээр сэдэв.
Ковидын ганц аюул ерөөсөө л цус өтгөрөх. Үүнээс болж иргэд гэнэтийн байдлаар амь насаа алдах болсон билээ. Энэ талаар Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны өрхийн эмч Ц.Байгальмаа:
–Ковидоос үүдэлтэй цус өтгөрөлт их байна. Энэ цус өтгөрөлт л эцсийн шатандаа хүрч, гэнэт цус харвах, зүрх нь зогсох, хавдар нь огцом сэдрэх, ямар нэг суларсан эрхтэнд нь өтгөрсөн цус үхлийн аюул болон очиж байгаа. Харин утаа бол зүрх судасны өвснийг архагшуулж, уушгийг гэмтээдэг. Тиймээс оройтохоосоо өмнө урьдчилан сэргийлэх арга хэмжээг иргэд авбал зүгээр. Энэ өвөл маск хэрэглэх нь зөв гэлээ.
Нийслэл хотын утааны асуудал уушгины хорт хавдар үүсэх гол шалтгаан нөхцөл мөн эсэх талаар Улсын хоёрдугаар төв эмнэлгийн ерөнхий захирал анагаах ухааны доктор, дэд профессор Б.Эрдэнэбулганаас: Тодруулахад тэрээр “Утааны асуудлыг иргэд өвлийн улиралтай холбож ойлгоод байдаг. Гэвч бид дөрвөн улирлын турш тодорхой хэмжээний хорт утаагаар амьсгалж байна. Энэ нь автомашины яндангаас гарч байгаа утаа бөгөөд энэхүү утаа нь маш хүчтэй, хортой нэгдлүүдийг өөртөө агуулдаг. Хичээл сургууль эхлэх үед автозам дээр түгжрэл үүсэж хорт утаагаар нь хүүхдүүд илүүтэй амьсгалж хордож байна. Үүнтэй холбоотойгоор хүүхдүүдийн дунд цусны хорт хавдрын өвчлөл нэмэгдэх болсон. Иймд хүүхдээ ядаж арын суудал дээр суулгах, агаар салхинд сайн гаргах зэрэг арга хэмжээг авч байх нь эрсдэлт хүчин зүйлийг буруулна” гэлээ.
Утааны хор хөнөөлөөс хэрхэн өөрсдийгөө хамгаалах талаар хүний их эмч Б.Баярбямбаас цөөн асуултад хариулт авав.
-Агаарын бохирдлоос бид ямар хоол хүнсээрээ эрүүл мэндээ хамгаалах вэ?
-Хэт исэлдэлтийн процессоос хамгаалах нэгдлийг антиоксидант гэдэг. Монголчууд антиоксидантаар баялаг хүнс хэрэглэх боломжтой улс.
Байгалийн гаралтай жимсгэнэ болох чацаргана, нэрс, аньс жимсүүд хэрэглэж биеэсээ хорыг гадагшлуулах боломжтой. Мөн бидний уламжлалт хүнс аарц, цайны ургамал ч бас антиоксидант, витамин C маш өндөр агуулдаг учраас дархлаа сэргээж хоргүйжүүлэх үйлдэлтэй. Аарц сүүн бүтээгдэхүүн учраас уургийн молекулаараа дархлааны тогтцолцоог дэмжиж өгдөг. Монголчууд өвөлдөө идэш гаргадаг нь уураглаг хүнс хэрэглэж дархлаагаа дэмжих энгийн хэлбэр юм.
Манайхан дархлаа гэхээр эм ууж, тариа хийлгэчихдэг юм шиг ойлгодог. Дархлааг маш олон зүйл нэгдэж байж идэвхжүүлдэг. Хөдөлгөөн хийх хүртэл дархлаа сайжруулна. Хэчнээн чанартай сайн хоол хүнс идлээ ч хөдөлгөөнгүй суучихвал цусны эргэлт, бодисын солилцоо сайжрахгүй. Уг нь эрүүл байна гэдэг дадал болгох энгийн зүйл юм.
-Жимсгэнийг чаначихвал витамингүй болчихдог гэдэг?
-Жимсгэнэ уураг багатай, эрдэс, витамины агууламж өндөртэй. Эрдэс, витамин нь темпаратурын нөлөөгөөр уураг шиг хурдан задардаггүй учраас чанаж хэрэглэвэл үйлдэлээ алддаггүй.
-Ингэний хоормогийг бас сайн гэдэг. Юу агуулдаг учраас хүний биед сайн байдаг юм бэ?
-Ингэний хоормог нь эрдэс, витамин мөн хамгийн гол нь амин хүчлүүдийн агууламж маш өндөр. Тэр амин хүчлүүд нэгдэж байж уургийг үүсгэнэ. Уургийн нэгдлүүд идэвхтэй байж дархлаа тогтолцоо зөв явагддаг.
Утаа дахин гарч ирсний цаад шалтгаан юу вэ?
Эрдэмтэд утаагүй, эсвэл маш бага утаа гаргадаг түлш байх боломжтой гэдэг. Гэхдээ түлшний орц найрлага, зуухны боловсронгуй эсэх, шатаах горим зэрэг нь утаа, тоос тортог, угаарын хий их бага гарахад нөлөөлдөг байна. Тэгэхээр энэ удаагийн их утаа дутуу шаталтаас үүдсэн угаарын хий байх магадлалтай л юм.
Технологийн шинэчлэл хийлгүй 40, 50 жил болчихсон эрчим хүчний салбарын одоогийн нөхцөл утааг багасгахад хувь нэмрээ оруулах чадамжгүй. Энэ салбар ашиггүй, татаасаар амьдардаг, өрнөөс өрний хооронд байдаг энэ цагт гэр хорооллын утааг үгүй болгох шийдэлд хувь нэмрээ хэзээ ч оруулж чадахгүй. Гэр хорооллыг бүхэлд цахилгаан халаагуурын шийдэлтэй болгох ч тийм амар биш. Сүлжээгээ томсгож, цахилгааны эх үүсвэр буюу цахилгаан станц барих хэрэгтэй, Үйлдвэрлэл хангалттай биш, ахуйн хэрэглээ голлодог манайх шиг улсад томоохон эх үүсвэрүүдийн үйл ажиллагаа тасралтгүй явж байх тогтмол хэрэглээ хомс гэж үзнэ.
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас түлшний чанарыг орхигдуулалгүй, долоо хоног тутамд хяналт тавьж ажиллаж байгааг тус газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Даваасүрэн ярьсан юм. Энэ талаар тэрээр “Манай мэргэжлийн хяналтын байгууллага “Таван толгой түлш” ХХК-ийн үйлдвэрлэж буй болон агуулахад хадгалж байгаа түлшний чанарт байнгын хяналт тавин ажиллаж байна. Нийт 32 агуулах болоод үйлдвэрүүдээс гарч буй бүтээгдэхүүний дээж авч шинжилсэн. 2022 оны 4-9 дүгээр саруудад үйлдвэрлэн хадгалж буй түлшнээс дээж авч шинжлээд байна.
Стандартад дурдсанаар сайжруулсан шахмал түлшний чийглэг зургаан хувиас ихгүй, илчлэг 4,800 ккал-аас өндөр, бат бөхийн чанар 80 хувиас дээш байх учиртай. Тэгвэл 4-7 дугаар сард баруун үйлдвэрт үйлдвэрлэж агуулахад шилжүүлсэн түлшний чийглэг 1.1-2 хувь, илчлэг 6,000-6,400 ккал, бат бөхийн чанар 93-98 хувьтай байгаа нь маш сайн үзүүлэлт юм. Баруун үйлдвэрийн нэгдүгээр үйлдвэрийн 1, 2, 3 дугаар шугамаас дээж авч шинжлэхэд нэгдүгээр шугамын чийглэг 3.4-6.8 хувьтай гарсан.
Ийнхүү чийглэг өндөр байгаа нь утаа үүсэх эрсдэлтэйг сануулсан. Зүүн үйлдвэрийн тухайд чийглэг 1.3-2 хувьтай, илчлэг 6,200-6,300 ккал, бат бэхийн чанар 92-98 хувьтай сайн чанарын түлш үйлдвэрлэж байгаа нь шинжилгээгээр тогтоогдсон. Зүүн үйлдвэрийн хоёрдугаар шугамаас гарч буй түлшийг байгалийн 60 цагийн хатаалгад оруулсан. Тэндээс авсан шинжилгээгээр чийглэг бага гарсан ч бат бэх чанар нь 85 хувьтай гарсан. Тиймээс байгалийн хатаалт тийм ч оновчтой биш гэж үзэж байна” гэсэн юм.
Энэ жил утаатай тэмцэх их ажил Улаанбаатарыг хүлээж байна. Төр засгийнхан өнгөрсөн жил иргэд рүү дайрсаар арьсаа хамгаалсан. Энэ жил хэрхэх бол. Ер нь гурав дөрөвхөн айл түүхий нүүрс хулгайгаар түллээ гээд утаа ихэсчихдэг үлгэр байхгүй билээ.