Дайн, цар тахал дэлхийн нийгэм эдийн засгийн байдалд цоо шинэ нөхцөл байдал бий болголоо. 2012 онд Давост болсон дэлхийн эдийн засгийн форум: Нийгмийн зөв зохион байгуулалтад одоогийн либериализм тийм ч үр дүнтэй бус болохыг зарлан шинэлэг бүтээлч арга замуудыг эрэлхийлэх талаар нухацтай чуулсан юм. Урган гарсан ойлголтуудад голлох нь дайны дараахь нийтлэг ойлголт зарим жижиг улс орнуудын хувьд бэрхшээл болж магадгүй талаар дурьджээ. Харин арван жилийн өмнөх эл дүгнэлтэд Монгол Улс, тухайлбал Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж төвийг сахих байр сууриа баримталсан ч “харилцан ойлголцох санамж бичиг”-т улсаа төлөөлөн гарын үсэг зурсан билээ.
Харин яг арван жилийн дараа Монголын мөнхийн хөршүүдэд амаргүй нөхцөл байдал үргэлжилсээр байна. Цаг үеийн нөхцөл байдал, шаардлагыг эрсдэл багатай даван туулахын тулд юун түрүүн улс төр, эдийн засгийн макро түвшний дүн шинжилгээг хийж гаргалгаа дэвшүүлдэг аж. Үүний тод жишээ нь цар тахалд нэрвэгдэж багагүй хохирол амссан өмнөд хөрш БНХАУ-ын улс төр тайван бус ч арга замаа аль хэдийн тогтоожээ.
Бээжин хотноо болж буй Хятадын коммунист намын ХХ их хурлыг нээж хэлсэн үгдээ Ши Жиньпин хүн төрөлхтний өмнө урьд өмнө хэзээ ч байгаагүй сорилт тулж ирсэн талаар дурджээ.
Энэхүү сорилтыг гагцхүү , энх тайван, хөгжил, шударга ёс, ардчилал, эрх чөлөө зэрэг эрхэм хүн төрөлхтний нийтлэг үнэт зүйлсийг эрхэмлэн дээдэлж, харилцан ойлголцож, бусад ард түмэнтэй илүү ойр дотно харилцаа тогтоох замаар л давна гэдгийг тэрбээр цохон тэмдэглээд, энэ дагуу ажиллахыг бүх улс орнуудад уриалсан байна. Түүнчлэн, хүн төвтэй, хүн төрөлхтний хамтын нийгэмлэгийг хөгжүүлэхийн төлөө тууштай ажиллахаа илэрхийлжээ.
Нийгэм судлаачдын үзэж буйгаар:
… Хувь хүний хүсэл давамгайлдаг либериализмын ойлголтууд улс орны нийгэм эдийн засгийг уналтад оруулдаг. Өнөөгийн эрин үе жижиг үндэстнүүдэд хариуцлагатай цаг үе мөн. Орших уу? Эс орших уу? Гэсэн асуудалд түүхэн хариулт өгөхийн тулд өөрийн үндэстний бие даасан ухамсрыг хөгжүүлж, бие даасан хөгжлийн замыг нээх хэрэгтэй болж байна. Улс түмний, ер нь аливаа оршин байгаа бүхний харилцан хамаарлын тухай шүтэн барилдахуйн үзэл санаа нь даяаршилийн үзлээс хавигүй эртний, Ази-Дорно дахины уламжлалт давуу тал.
Бодлогын дор хөгжиж байгаа орнуудын эдийн засгийг хяналтандаа бүрэн авах нь үндэстэн дамнасан корпорациудын эрх ашгийг хамгаалах бодлого байсаар иржээ. Эрх чөлөө, тусгаар тогтнол бие даасан байдал бол ямар ч ард түмэнд бүхнээс эрхэм үзэл санаа.