Сүүлийн үед нийслэлийг мөчлөх тухай яриа газар авч байна. Нийслэл маань томроод задалж, бутлахгүй бол Монголын хөгжлийн ганц дайсан болж хувирсан юм байх. Нүдээ нээвэл Улаанбаатар хот Хятадын нэг жижиг хоттой тэнцэх хэмжээний хүн амтай шүү дээ. Хүн бага насандаа ямар орчинд өснө, тэр орчноороо сэтгэж насаа элээдэг гэдэг.
Эндээс харвал монголчуудын 90 хувь нь малчин сэтгэлгээтэй. Хамтаараа нүүдэллэж явдаг 3-4 айлыг бид хот айл гэж ярьдаг. Цөөн тооны томоохон хийдийг эс тооцвол манайд олуулаа нэг дор амьдарч байсан түүх алга.
Олуулаа амьдрана гэдэг амар биш. Олон хүн хамтдаа амьдрахын тулд харилцан зөвшилцөл, бие биенээ хүлээн зөвшөөрөх, өөрийн биш нийтийн эрх ашигт зохицон амьдрах гээд тал хээр хонины дэргэд эдэлдэг эрх чөлөөгөө багаар бодоход тал хувиар хасуулна. Таны бялуу, боорцогны алыг идэхийг нийгэмшсэн хотын дэглэм шийднэ. Жишээлбэл Сингапурт бохь зажлахыг хориглосон байдаг.
Та үүнийг хүлээн зөвшөөрч байж л тэнд амьдрах эрхтэй болно. Хүний түүхэнд олноороо нэг дор зохицон амьдрахыг нийгэмших гэнэ. Өөрөөр хэлбэл нийтээрээ нэг журмаар амьдрах ойлголт аж. Өнөөдөр улаанбаатарчууд нэг хэвэнд орох гэж зүдэрч байна. Хэвэнд оруулах гэж буй нийслэлийн удирдлага ч үг, үсээ барж байгаа бололтой. Эцэст нь эрх баригчид нийслэлчүүдийг тохитой амьдруулахын тулд нийслэлийг бутлахаас өөр замгүй гэж үзэв.
Энэ бодлогын эхний золиос оюутнууд болж мэдэх нь. Хэдэн жилийн өмнө манай мөнгөлөг оюутнуудын орлогоор нийслэлийн арваад мянган байгууллагаас хамааралтай 60 мянган иргэд амьдардаг тухай эдийн засагч ярьж байсан. Багш нарыг хөдөө ажиллуулах шийд гаргаснаа нэгэн баатарлаг сайд ярьж байна.
Хүн нэмэгдвэл хүнс нэмэгдэнэ гэдэг монгол үг байдаг. Энэ нь орчин цагий үзлээр олуулаа нийлбэл олз нэмэгдэнэ гэсэн утга болж таарна. Хүний төвлөрлыг хамгийн чадмаг ашигласан орнуудад Япон, АНУ, Сингапур, Хятад улс тооцогдоно. Дэн Сяопин хятадын хаалгыг дэлхийд нээхэд хөрөнгө оруулагчдад ажиллах хүчин дутагдсан. Улмаар хятадын удирдлага хөдөөгөөс нийслэл рүү чиглэсэн их нүүдлийн өмнө нүдээ аньсан. Үр дүн нь дэлхийн хоёр дахь том эдийн засгийг цогцлоож чаджээ. Америк гүрэн хүрз, царилаар л боссон.
Алт хайж очсон бусад тивийнхэний нэгдэж, нягтарч чадсан тэр хэсэгт л өнөөгийн аварга хотууд сүндэрлэжээ. Эндээс харвал хүний төвлөрөл л хөгжлийг авчирдаг болохоос уудам тал, тоолшгүй олон мал хөгжил дэвшилд хүргэдэггүй нь батлагдана.Тэр тусмаа төвлөрлийг сааруулснаар социализмд хүрэхгүй гэдэг нь ойлгогдоно. Перугийн эдийн засагч Э. Сато Улаанбаатарын гэр хороололд нийслэлчүүдийг бүү хэл Монголыг тэжээх хэмжээний капитал байгааг хэлсэн байдаг. Хэрэв гэр хорооллыг капиталжуулах бодлого хэрэгжүүлбэл нийслэлд ажиллах хүчин дутна. 1990 оных шиг хятадын хямд ажиллах хүчин олдохгүй.
Өнөөдөр хөдөө цөлсөн иргэд буцаж ирээд ч хүчин мөхөсдөнө. Гэхдээ нийслэлчүүдийг хөдөөлүүлэх ажиллагаа амжилтад хүрэхгүй гэдгийг олон хүн ярьж байгаа. Бараг л үнэн. Учир нь эрх баригчид гаднаас орж ирж байгаа хэрэглээнээс гарсан машин, монголд тохирохгүй мотоцикль,томоохон барилгуудад дулаалгад ашиглаж байгаа хэдэн жилийн дараа халуу шатахад л бензинээс илүү дүрэлзэх хөөсөнцөрыг аниад л сууж байна. Тийм байж ардчиллын чансаагаараа дэлхийд тэргүүлдэг улаанбаатарчуудад илгээлтийн эзэн гэдэг үнэмлэх шахахад чац болов уу.
Харамсалтай энэ инээдтэй үлгэрийн дуулианаар улстөрчид шоудаж эхэлж байна. Орон нутагт хоёр мянга шахам төрийн орон тоо эзэнгүй байгаа гэнэ. Түүнийг эзэнжүүлэхийн тулд татвар төлөгчдөөс чамгүй урамшуулал гаргана.
Сонгууль ойртох тусам улстөрчид хөдөөд социализм бус коммунизм байгуулах амлалт өгнө. Үр дүн нь нэг хүнд ногдох өр нэмэгдэж, нийгмийг хамарсан ядуурал тэлнэ. Олон жилийн өмнө гадны нэгэн иргэнээс нийслэлийн асуудлыг хэрхэн шийдэх боломжтойг сонирхож билээ.
Гадны хүнээс гэртээ хэрхэн сайхан амьдрахыг асуух нь ичгүүртэй байсан. Гэвч АНУ-ын том эдийн засагч учраас ичих нүүрээ элгэндээ наан байж сэтгэгдлийг сонсож чадсан юм. Түүний үзэж буйгаар Улаанбаатар хот нүүдэлчин сэтгэхүйгээр төлөвлөгдсөн. Нийслэлийг төлөвлөхдөө хүн амын 30 хувь нь л суурин амьдарна. Бусдыг нь захиргааны аргаар бүх насаар нь хөдөө амьдруулна гэж сэтгэсэн. Монголд ардчилал гарч хөдөөгийнхөн мал шиг хөдөө хашигдахгүйгээр нийслэлд амьдрах эрхтэй болно гэдгийг тооцоогүй. Дээр нь хүн амын нүүдэл нэмэгдэх тусам төр газрын төлөвлөлт, дэд бүтцийг нэмэгдүүлэх үүрэг хүлээсэн байдаг.
Гэтэл энэ үүргээ биелүүлээгүйгээс гэр хороолол байшин хорооллоос давсан. Энэ нь агаар,хөрсний бохирдол, замын түгжрэлий голомт болж, шийдэх аргагүй томорсон. Түүнээс гадна нийслэлийн асуудалд нийслэлийн асуудалд нийслэлийн удирдлагаас илүү тухайн орны улстөрчид түлхүү оролцдог тогтолцоо пост коммунист байдаг. Энэ нь хүндрэлтэй асуудлыг шийдэхэд улам их хүндрэл учруулдаг.
Монгол улсын хувьд хүн ам цөөтэй ч багагүй баялагтай. Тиймээс шинэ Улаанбаатар байгуулах зарим иргэдийн санал хэрэгжих боломж байж болох юм. Орчин цагт шинэ хот байгуулах нь хуучныг дахин төлөвлөхөөс хавьгүй бага зардалтай болсон. Дэлхийд дижитал хот байгуулах төслүүд хэрэгжиж эхэлсэн. Улаанбаатарыг шинээр байгуулах тохиолдолд дэд бүтцээс бусад зардлыг хуучин Улаанбаатараас босгох боломжтой. Улаанбаатарын төвлөрлыг ашиглаад Монголын бизнеийн төв болгож болно. Компаниуд бага боловч энэ зах зээл дээр өөрсөддөө тохирсон чамгүй ашиг хийх боломжтой.
Мөн энэ төвлөрлийг ашиглаад хотын эргэн тойронд томоохон үйлдвэрүүдийг баривал эдийн засгийн өгөөж нэмэгдэнэ. Хүн амын төвлөрөлд ойрхон барьсан үйлдвэр ажиллах хүчний нийгмийн асуудлыг шийдэх зардал хэмнэнэ. Өнөөгийн Улаанбаатарт байгаа төрийн барилгуудын компаниудад худалдаж болно. Хамгийн хурдан арга бол хуучин барилгыг шинэ суурьшилд барьсан барилгаар арилжих. Хуучин байршилд бизнес өндөр ашиг авчрах тул компаниуд маш богино хугацаанд шинэ хотыг босгоно. Америк эдийн засагч ийм сонирхолтой санаа гаргаж байсан.
Манай зарим эдийн засагчид энэ санааг хэрэгжих бүрэн боломжтой гэж үздэг. Гэхдээ өлөн улстөрчид савраа дүрэхгүй бол шүү дээ.
Х.Бат