УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Г.Мөнхцэцэг өнөөдөр ШУА-ийн үйл ажиллагаатай танилцлаа.
Тэрээр БЗД-т баригдаж буй Шинжлэх ухааны нэгдсэн цогцолборын барилгын үйл ажиллагаатай танилцаж, улмаар ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, Биологийн хүрээлэнгээр тус тус зочилж, эрдэмтэн судлаачдын төлөөлөлтэй уулзаж санал бодлоо солилцлоо.
Үүний дараагаар ШУА-ийн харьяа 16 хүрээлэнгийн захирал болон ШУА-ийн тэргүүлэгч гишүүдтэй уулзалт хийж, эрдэмтэн судлаачдад тулгарч байгаа асуудлууд, цаашид хэрэгжүүлэх хууль тогтоомжтой холбоотой асуудлуудаар ярилцсан юм.
Энэ үеэр Байнгын хорооны дарга Г.Мөнхцэцэг хэлэхдээ “Шинжлэх ухааны нэгдсэн цогцолборын барилгын ажилтай танилцлаа. Ямар ч байсан гайгүй компани ороод ажиллаж байгаа юм байна. Ажил нь урагштай, эрчимтэй явж байгаа юм байна гэсэн дүгнэлттэй буцаж байна. Монгол улсын ерөнхийлөгчөөс өгсөн чиглэлийн хүрээнд манай Байнгын хороо хамгийн түрүүнд анхаарч ажиллах ажил нь яалт ч үгүй энэ цогцолборын асуудал байгаа юм. Хөрөнгө оруулалтын асуудлыг цаг хугацаанд шийдүүлэх асуудлыг анхаарч ажиллана.
Мөн эрдэмтэн судлаачдын зүгээс байнга тавьдаг асуудал буюу шинжлэх ухааны хөрөнгө оруулалт орхигдсон, ажиллах орчин нөхцөл муу, багаж тоног төхөөрөмж тааруу, эрдэм шинжилгээний ажилчдын цалин бага, энэ салбарт ажиллах боловсон хүчний дутагдалтай байгаа зэрэг олон асуудлыг шийдэхэд ШУА-ийн хууль маш чухал. Энэ хуулийг намрын ээлжит чуулганд Боловсролын багц хуультай дагалдуулж оруулах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. Үүн дээр эрдэмтэн судлаачдынхаа үгийг сонсохоор ирсэн. Цаашдаа Байнгын хорооны даргын хувьд тус салбарт тулгараад байгаа нэг ч гэсэн асуудлыг шийдсэн, энэ салбарыг нэг алхам ахиулж ажиллах сэтгэл зүрх байна” гэсэн юм.