Саяхан төрөх эмнэлгийн даргыг огцруулав. Сайд нь жишим ч үгүй эмнэлгийн дарга болон орлогч нарыг огцруулснаа зарлаад гавьяа байгуулсан мэт сууж байна. Мэрэгжлийн хяналтынханд махны асуудал үүсч, иргэд аж ахуй нэгжүүдийг багагүй түгшээв. Бас л доод шатынхан хариуцлага хүлээв.
Гэтэл халамжийн сайд ганц үгнээс болж сайдын сэнтийгээс мулт авахуулав. Батлан хамгаалахын цэрэг ачиж явсан хоёр машин осол гаргав. Хэн хариуцлага хүлээх нь тодорхой бус. Өмнө нь Ерөнхий сайд асан одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эмнэлгийн ажилтнууд төрөхөөс дулаан хувцасгүй эмэгтэйг гаргасны төлөө огцорч байв. Олон жил хуулийн сайдаар ажилласан Ц.Нямдорж хууль зассан хэргээр Монголын хамгийн том албан тушаал болох УИХ-ын албан тушаалаас огцорсон. Ерөнхий сайд М.Энхсайхан намынхаа үгэнд ороогүй шалтгаанаар, Ерөнхий сайд Ц.Элбэгдорж ХААН банкийг монголчуудад хувьчлах бодлого баримталсаныхаа төлөө, Ерөнхий сайд Ц.Наранцацрал оросуудад бичсэн захидалд гарын үсэг зурсаныхаа төлөө огцорч байсан.
Дээрх өндөр албан тушаалтнууд ганц асуудлаар л огцордог байж. Харин өнөөдөр ганц нэг яам бус хэд хэдэн яамдад асуудал үүсээд байна. Эм тарианы болон цэргийн яам асуудалтай байгаа бол төсөв батлахтай холбогдон мөнгөний яам ч асуудалд ороход бэлэн байна. Аудитор төсөв батлахдаа бараа үйлчилгээг зах зээлийн үнээс өндөр ханшаар баталдаг тухай ноцтой мэдээлэл хийсэн.
Эрхэм гишүүд аниад өнгөрсөн. Гэтэл өчигдөр мөнгөний сайд асан Бямбажав бүр ноцтой мэдээлэл хийв. Түүний үзэж буйгаар энэ жилийн төсөвт шинээр хөрөнгө оруулалтад мөнгө тавиагүй нь сайн шийдэл. Гэхдээ өнгөрсөн 2-10 жилд дутуу баригдсан, нөхөн хөрөнгө оруулах байгууламжийн жагсаалтад барьж эхлээгүй, тэр бүү хэл зураг, төсөлгүй барилгууд цохиж яваа аж.
Мөнгөний сайд асан, Эдийн тогтвортой байдлын гишүүн, өндөр түвшний эдийн засагч энэ хүн алдах эсвэл өнөөгийн мөнгөний сайдаа гүтгэх зорилгоор энэ мэдээллийг хийгээгүй нь лавтай. Мөн өчигдөр төрийн мэдлийн асрамжийн газрын төсвийг ихээр танасан мэдээ гарав. Манай мөнгөний сайд хүүхэдгүй эсвэл хүүхдийн эрхийг хамгаалах хүчин байхгүй гэж үздэг зураг харагдаж байна.
Тэрээр өмнө нь хүүхдийн мөнгийг арван хувиар танах санал гаргасан. Түүний тайлбараар зарим эцэг эхчүүд хүүхдийн мөнгөө авдаггүй. Тэдэнд хүчээр өгөх шаардлага байхгүй. Тэгвэл энэ тохиолдолд хүүхдийн мөнгийг бүтнээр нь төсөвт суулгаад эцэг эхийн өргөдлөөр олгодог хэлбэрт шилжүүлэхэд л маргаан хялбар шийдэгдэнэ. Оны эцэст яамны түшмэдүүд хуурамч өргөдлөөр үлдэгдэл мөнгийг зусалчихгүй бол мөнгөний яам татаж аваад дараа жилийн төсөвт суулгах бүрэн эрх нь бий.
Энэ яамны санаатай гэмээр гаргасан нэг “алдаа” бол НӨАТ-ын сугалааг зогсоосон шийдвэр. Үүнээс болж ямар их боломжийг алдсаныг мөнгөөр тооцоход маш амархан. Дээр нь хил хаалттай байхад гурван их наяд төгрөг дотоод зах зээлд гаргаж инфляцийг гааруулсан. Ийм буруу шийдвэрүүдийг жагсаавал өмнөх огцорсон Ерөнхий сайдуудаас илүү шийтгэлийг өнөөгийн Ерөнхий сайд хүлээх ёстой болж таарна. Эсвэл кабинетын сайд нарынхаа адилаар доод тушаалтнаараа туг тахих хэрэгтэй болно. Энэ нь хэн нэгэн сайдаа золино гэсэн үг. Эс бөгөөс ирэх УИХ-ын хуралд байгаа байхгүй нь мэдэгдэхгүй намуудын сүнсэнд ялагдах болов уу.