Аажив нь банкнаас их хэмжээтэй зээл авах зорилгоор Банкны зээлийн судалгаа хариуцсан мэргэжилтэн Онход албан тушаалын байдалтай нь холбогдуулан 70,000,000 төгрөг хахууль болгон өгчээ.
Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шүүгдэгч Ааживыг “өөрт давуу байдал бий болгох зорилгоор хахууль өгсөн”, шүүгдэгч Онхыг “хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс түүнд давуу байдал бий болгосон” гэм буруутай гэж үзэв.
Хэрэгт авагдсан баримтаар, Аажив, Онх нар анх зээл хэрхэн авах талаар уулзаж, холбогдох зөвлөгөөг нэг нь өгч, нөгөө нь авсан, улмаар их хэмжээний зээлийг шуурхай гаргуулах, мөн дансны битүүмж чөлөөлүүлэхэд шан харамж өгөх, авах болон хамаарах бусад асуудлаар харилцан ярилцаж тохиролцсон нь тогтоогдсон байна.
Банкны зээлийн судалгаа хариуцсан мэргэжилтэн Онх нь тухайн тохиолдолд зээл олгох, данс битүүмжлэх эрх бүхий албан тушаалтан байгаагүй хэдий ч өөрийн албаны эрх нөлөө, нэр хүнд, танил талаа ашиглаж, Ааживаас түүнд хахууль өгөх бүрт Ааживын зээл авах, зээлийн дансны битүүмж чөлөөлүүлэх хүсэл зориг бодитой биелэгдэж байсан нь тогтоогдсон тул шүүгдэгч Онхыг өөртөө хууль бус ашиг орлого олох сэдэлт, зорилгоор хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн гэж шүүхээс үзсэн байна.