Энэ удаад мөхөс миний өгүүлэх гэсэн зүйл бол Чингис хааны хөрөг болой. Тийм ээ, энэ үзэсгэлэнд Монгол үндэстний дундаас төрөн гарсан агуу их хүн Тэмүүжин Чингис хааны эш хөргийг дэлгэн үзүүлж байгаа нь далдын далд архивын хадгаламжид байдаг эл хөргийг 4-5 жилийн хугацаанд нэг удаа ил гарган үзүүлдэг тэр завшаант цаг таарсан хэрэг. Аргагүй ээ, 700 гаруй жилийн тэртээд зурсан хөрөг учраас чингэж онцгойлон анхаарч хадгалахгүй бол болохгүй нь ойлгомжтой.
За, тэгээд их хааныхаа эш хөргийг хэдэнтээ нүдээр үзэж, сүслэн мөргөж, сэтгэл итгэлээ шившин хүргэх ховорхон завшаан тохиож буйд баярлан мөхөс бичгийн хүмүн би бээр сэтгэл дотроо тэр бүхнээ шивнэн гүйцэтгэж явав. Чингэж их хааныхаа сүнс сүлд оршсон гэгээн дүрийн өмнө саатан зогсохуй удам хойчис нь болсон бидэн юу эсийг бодож, юу эсийг тунгаах билээ. Найман зууны тэртээх их өвөг дээдэс, Монгол гэсэн нэрийг ертөнцийн чихнээ дуурсгаж, Монголоон гэх сэтгэлээр нэгэн насны үйлийг бүтээн, өөрийгөө шатааж, өрөөлийг гийгүүлсээр дууссаны гүн учир шалтгааныг эртний мэргэдийн хэлсэнчлэн бийр бэхсээс бус, биет хөрөг дүрээс нь олж харахыг хичээнгүйлэн, тийн олны гайхахыг эс ажран зогслоо.
Эзэн богд Чингис хааны эл хөргийг 1280 оны үест Хубилай хааны ордны зураач Хорихусун хэмээх монгол хүн зурсан гэж түүх бичлэгт тэмдэглээстэй байдаг. Чингис хааны ач хүү Хубилай хаан Монголын эзэнт гүрний их нийслэлийг Хятад газарт шилжүүлэн нүүлгэж, өнөөгийн Бээжин хотод төвлөрүүлэн их хотыг сүндэрлүүлсэн нь хятадаар Дайду буюу Их нийслэл, дундад Ази, Европ дахинаа Ханбалык, монголоор Хаан балгас хэмээн дэлхий дахинаа алдаршсан түүхтэй. Эртний монгол хэлнээ балгас гэдэг нь хот гэсэн утгатай үг байсан бол аажмаар түүхийн урт хугацааны туршид эвдэрч сүйдэн, эзгүй хаягдсан хотын үлдэгдэл, туурийг тийн нэрлэх болсныг бага залууст учирлан хүргэх ёстой анам. Яагаад гэхүл, өмнөх өгүүлэл, тэмдэглэлүүдийг маань хүүхэд залуучууд уншаад ойлгохгүй болсон тухай хүмүүс халагласан нь нэг бус буйд оршино.
Хубилай хаан бол багаасаа хятад газар сууж, дорно дахины ёс заншил, эрдэм боловсролд цагааширсан хүн билээ. Түүний эцэг Тулуй нь Чингис хааны отгон хүү байсан. Чингис хаан нэгэн насны үйл зорилго болгон явж хураасан дэлхийн дайдыг нэгтгэсэн гүр их улсаа насныхаа төгсгөлд дөрвөн хүүдээ хувааж өгсний Монгол, Хойд Хятадын нутгийг голомт сахих отгон хүүдээ өвлүүлдэг эртний заншил ёсоор Тулуйд эзэмшил болгон өгчээ. Цагаан хэрэмийн цаахан талд орших өнөөгийн Бээжин хот тэргүүтэй Хойд, Зүүн хойд Хятад бол эртнээс янагш нүүдэлчдийн нутаг орон байсан агаад энэ цаг үед Зүрчидийн Алтан улсын харьяанд байсан билээ. Тиймээс Хубилай хөвгүүн эцэг Тулуй, их жанжин Мухулай нарыг даган дорно зүгт хийх их аян дайнд одож, он удтал Хятад нутагт явахдаа хятад зүгийн мэдлэг, боловсролд суралцан цагааширсан нь ийм учиртай.
Өмнөд Хятадыг эзлэн нэгтгэх их аян дайнд оролцон Хятад орны гүнд явж асан Хубилай, ах Мөнх хааныг тэнгэрт хальсан тухай мэдээ аваад өөрийгөө хаанд өргөмжилсөн юм. Энэ бол 1260 оны хэрэг явдал болой. Улмаар 1267 онд Хархорумд төвлөж байсан их нийслэлийг дотор газарт шилжүүлэн Бээжин хотод аваачжээ. Тийнхүү Италийн алдарт жуулчин Марко Пологийн дуун алдсанчлан, Дайду-Хаанбалгас хэмээх дэлхийд хосгүй үзэсгэлэнт сайхан хотыг цогцлоосон түүхтэй. Хятад ард түмний дунд “Бээжингээс өмнө Дайду-Хаанбалгас байсан” гэсэн зүйр үг байдаг.
Торгон хүрээ, суурьтай Чингис хааны хөрөг
Тэр их нийслэлд агч их хааны ордон бас хосгүй үзэсгэлэнтэй, сүрлэг төгөлдөр байсныг Италийн алдарт аялагч Марко Поло дуу алдан зураглаж өгүүлсэн байдаг. Тэр гайхамшигт ордонд дээдсийн хэрэглэж асан эд зүйлс, хааны сэнтий, исэр суудал, хивс, хөшиг, ширээ сандал, ер буй бүхэн нь гайхамшигтай байжээ. Зарим нь ур хийц, чанар чансаагаараа өнөөгийнхөөс ч хол илүү байсан гэдэг. Хубилай хаан насныхаа сүүл рүү өвөг дээдсийнхээ зураг хөргийг зуруулан ордондоо залж, тэдний тахилгын сүмийг байгуулж, зургуудаас нь хувь хуулбар хийлгэн залж тахиж шүтэх болжээ. Тэгж өвөг эцэг Чингис хаан, эмэг эх Бөртэ үжин, өөрийн эцэг Тулуй, эх Сорхагтани бэхи нарын хөргийг зуруулсан байна. Зарим түүхийн тэмдэглэлд өндөр өвөг Есүхэй баатар, өндөр эмэг Өэлүн эхийн хөрөг дүрийг ч бүтээн сүмд залсан гэх нь бий. Лавтайяа, тэдний тахилгын сүм тус тусдаа байсан нь үнэн юм.
Чингис хааны энэ эш хөрөг бол яг тэр үед ийм зорилгоор бүтээгджээ. Түүнээс өмнө их хааны хөрөг зураг байсан, түүнийг ордны зураач Хорихусун харж байгаад хуулж зурсан, бас Хубилай хаан түүнд, миний өвөг эцэг ийм хүн байсан хэмээн дүрслэн хэлж зуруулсан гэдэг. Тэгэхлээр өнөөг хүрч ирсэн энэ эш хөрөг бол Чингис хааны хөрөг мөн гэдэгт эргэлзэх учиргүй. Өнгөрсөн зууны ерээд оны үест цаг өөр болж, түүх, соёлынхоо тухай айж бэргэлгүй дуугарах болсон сайн цагийн эхэнд зарим хүн энэ зургийг Чингис хааны зураг биш, Хятадын нэг жанжны зураг хэмээн мэдэмхийрч, эргэлзэх сэтгэл төрүүлж, олны сэтгэл, итгэлийг бүдэгрүүлж байсан юм. Үнэндээ тийм байх учиргүй юм. Яахлаараа мянга шахам жил ордлон сууж ирсэн үе үеийн хаад дээдэс Чингис хааны хөрөг хэмээн өөр хүний зургийг шүтэн тахиж, хамгаалан хадгалж ирэх билээ?
1368 онд Юань гүрний сүүлчийн хаан ухаант Тогоонтөмөр Дайду-Хаан балгасыг орхин гарахдаа Хубилай хаанаас хойших Монгол арав гаруй хаад зуу шахам жил ордлон суусан энэ хот, орд харшаас бараг юу ч авч явж чадаагүй байдаг. Тиймээс дэлхийн хагасыг эзлэн нэгтгэсэн их гүрний хааны ордонд дэлхийн өнцөг булан бүрээс цугларсан тоо тоймгүй их гайхамшигт эд зүйлс үлдэж хоцорсон нь мэдээж юм. Тэр бүхний дотор Чингис хааны эл эш хөрөг байсан нь лавтай.
Чингэж хэдэнтээ их хааныхаа сүнс сүлд оршсон гэгээн дүрийн өмнө саатан зогсч, тэрхүү эш хөргийг тогтоон ажиж, эртний гайхамшигт судар ном шимтэн унших лугаа адил сэтгэл татагдан үзэвэй. Хамт явсан Соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт хятад судлаач Ц.Сүрэнжав тосон бал гарган ирж хөргийн ард байх бичээсийг хуулж авах гэтэл музейн ажилтан балыг нь хураан авч харандаа өгөв. Учир нь тосон бал, бэх зэрэг нь агаарт ууршдаг тул хөмрөгийн агаарын найрлага, нөхцлийг өөрчлөх магадлалтай гэнэ. Гэхдээ хуулж авсаан. Хэдэн зууны тэртээх хөргийн энэ тайлбарыг Монголын хэвлэлд анх удаа гаргана гээд түүндээ ихэд олзуурхаж байна лээ. Их хааны эш хөрөг үнэхээр гайхамшигтай ажээ. Тайванийн “Хааны ордон” музейгээс хэвлүүлсэн “Хааны ордны уран зураг, уран бичлэгүүдийн бүртгэл”-д дурдсанаар, тус музейд хадгалагдаж буй Чингис хааны энэ хөргийн өндөр нь 59.4 см, өргөн нь 47 см хэмжээтэй, торгоор бүрж хавтасласан зураг юм. Хаадын зураг тус бүрийн баруун талын хуудсан дээр тухайн хүний товчхон намтрыг хавсаргажээ.
“Юань улсын түүх, тахил тайлгын тэмдэглэл”-д дурдсаныг үндэслэвэл, 1277 оны наймдугаар сард Хубилай хааны зарлигаар гүрний их нийслэл Дайду-Хаанбалгаст дээдсийн тахилгын сүм байгуулах зарлиг буулгаж, улмаар удаахь оны арван нэгдүгээр сард дахин зарлиглаж Чингис хааны хөргийг бүтээхийг ордны зураач монгол үндэстэн Хорихосунд даатгасан байна. Хорихосун зураач их хааныг амьд сэрүүнд нь үзээгүй боловч ач хүү Хубилайнх нь дүр төрхөөр баримжаалж зурсан гэж үздэг. 1279 оны хоёрдугаар сард дахин зарлиг буулгаж Чингис хаан, Өгөдэй хааны хөргийг хувилан Судар бичгийн хүрээлэнд байрлуулан хавар, намрын улиралд тахилга үйлддэг болжээ.
Чингис хааны хөргийг сайтар ажиглан өгүүлье: Хаан бээр тэргүүндээ элдэв гоёл чимэглэлгүй жирийн нэг малгай өмсчээ. Малгайн нүүрэн тал нь цагаан өнгөтэй, орой нь хар өнгөтэй, арьсан малгай бололтой. Дашрамд дурдахад, Хубилай хааны зураг дээр тэр бас яг ийм, гэхдээ нүүрэн тал нь хар, орой нь цагаан өнгөтэйгөөр дүрслэгджээ. Нарийн ажвал малгайг хийсэн бөс эдийн ширхэг, ангийн үсний ширхэг нь ялгаран харагдана. Тэгэхлээр энэ бол булган малгай биз. Өмссөн дээл нь цагаан өнгөтэй. Мөн л элдэв гоёл чимэглэл, товч сэлт байхгүй, эртний монгол дээлийн нийтлэг хийц хэлбэртэй. Хубилай хаан зураг дээрээ бас л яг ийм дээлтэй байна. Тэр үеийн монголчууд толгойн оройн үсийг хусч, зулай дээрээ тав гэзэг үлдээдэг, мөн хоёр чихний дээд ард туг үс үлдээн, түүнээ доош сүлжин унжуулдаг байжээ. Үүгээрээ хитанчуудын үсний засалттай тун адилхан юм.
Хөргийг илүү тод харуулвал
Тэр үеийн Хятадын Сүн улсын элч Жао Хун бээр 1220-иод оны үед Сүн улсын элч болж Монгол оронд зорчин ирж их хаанд бараалхаж байсан бөгөөд харьж очоод бичсэн “Монгол татаарын тухай бүрэн тэмдэглэл” хэмээх судар нь дэлхийн Монгол судлалд нэгдүгээр эх сурвалж болдог үнэт бүтээл билээ. Тэрээр уг бүтээлдээ ингэж бичжээ: “Татаарын эзэн Тэмүжиний бие төрх хүдэр чийрэг, магнай өргөн, сахал урт, сүрлэг агуу, ер бусын болой” гэсэн байдаг. Чингис хааныг нас барснаас хойш дөч гаруй жилийн дараа Хубилай хааны дэргэд ирж шадарласан италийн алдарт жуулчин Марко Поло өөрийн сонссончлон: “Чингис хааны бие бялдар хүдэр чийрэг, билэг ухаан хурц сэргэлэн, үг яриа онцгой агаад баатар эрэлхэгээрээ алдаршжээ” гэж тэмдэглэсэн бөгөөд, Хубилай хааны төрх байдал нь түүний өвөг эцэг Чингис хаан лугаа адил гэж сонссоноо бичсэн байдаг. Эдгээр мэдээ занги, эл эш хөрөг зэргээс үзэхэд Чингис хаан нь өндөр сүрлэг, хүдэр чийрэг биетэй, өргөн нүүр, уужим магнайтай, урт цагаан сахалтай, ухаалаг тогтуун харцтай хүн байжээ.
Чингис хааныг сэрүүн тунгалаг ахууд нь уулзаж учирсан өөр нэг хүн бол Даос хэмээх Бомбын шашны их арш Чанчунь бомбо билээ. Түүнийг дагалдан бараа болж аялан явсан шавь Ли Жичан нь аян замын тэмдэглэл хөтөлж явсан агаад Хятаддаа буцаж очсон хойноо “Чанчунь бомбын өрнө зүгт аялсан тэмдэглэл” хэмээх алдарт судрыг тэрлэн бичжээ. Харамсалтай нь энэ сударт их хааны дүр төрхийн тухай огт дурдаагүй юм. Үүнийг хоёр зүйлээр таамаглан цайруулж болно. Нэгдүгээрт, Чингис хаан бусдаас ялгарах юмгүй монгол хүн байж. Тиймээс явуулын хүмүүс түүнийг онцлон дурдаагүй байх нь. Өнөөдөр гадаадын зарим улсад Чингис хааныг монгол биш, казах хүн байсан, япон, орос, европ хүн байсан гэх зэргээр булаалдах болсон. Хэрэв тийм бол түүнтэй уулзаж, бараалхаж явсан Жао Хун, Чанчунь бомбо гээд олон хүн энэ тухай зайлшгүй дурдах ёстой байсан. Үгүй ядаж л “Өнөөх зэрлэгүүдийн чинь дунд нэг казах хүн, эсвэл орос хүн байж байна шүү!” гэж дуу алдах байсан нь гарцаагүй. Гэтэл хэн ч тэгж хачирхаж гайхсангүй. Хэрэв тийм байсан бол хожмын Марко Поло, Плано Карпини, Вилгельм Рубрук зэрэг олон элч төлөөлөгчид энэ тухай заавал сонсч таарна. Гэвч хэн ч тэгж хэлсэнгүй, бичсэнгүй. Тэгэхлээр Чингис хаан бол яах аргагүй монгол хүн байсан, хүн гайхаж хачирхамгүй, бусад монголчуудаасаа үл ялгарах эгэл жир монгол хүн л байсан байж таарна аа.
Хоёрдугаарт, “Чанчунь бомбын тэмдэглэл”-ийг бичсэн шавь Ли Жичан нь багшийгаа дагалдаж яваад зам зуурт үлдэж хоцроод, буцах замд нь угтан нийлсэн байдаг. Тийм учраас эл түүхэн үйл явдлыг бичиглэж тэмдэглэсэн гол эх бичээч нь Чанчунь бомбыг Чингис хаанд золгон бараалхахад биеэр байлцаагүй юм. Чухам тиймээс их хааны дүр төрхийг эл номд дүрслэн өгүүлээгүй нь тун магадтай.
Тайваньд хадгалагдаж ирсэн Монголын хаад, хатдын хөрөг зургуудын хамт хадгалагдаж байгаа Чингис хааны эш хөрөгийг үзэж шинжээд олж мэдсэн, төрсөн сэтгэгдлээ хуваалцсу. Нэгдүгээрт, энэ зураг бол Чингис хааны эш хөрөг эргэлзээгүй мөн. Бүр тодруулвал, 1279 онд Хубилай хаан өвөг эцгийнхээ хөргийг зуруулах зарлиг буулгаж зуруулсан тэр хөрөг мөн гэж үзэж байна. Ингэж үзэх хэд хэдэн учир бий. Юуны өмнө энэ хөрөг бол энд тэндээс, өөр газраас, хожим хойно тэгж ингэж олдсон гэсэн зохиомол үлгэр домоггүй. 1949 онд Дундад Иргэн Улсын Ерөнхийлөгч Чан Кайши Хятадаас дүрвэн Тайвань арал руу гарахдаа, лавтайяа сүүлийн мянга орчим жилийн туршид Хятад орныг эрхшээсэн үе үеийн зүрчид, монгол, хятад хаад төрж барьсаар ирсэн Бээжин дэх Хааны ордонд тэдгээр үе үеийн хаад, дээдэс эдэлж хэрэглэж, хадгалж хамгаалж ирсэн хэдэн мянган эд өлгийн зүйлс, хаадын эрдэнэсийн санг зөөж авчирсны дотор энэ хөрөг хүндтэй байр эзэлдэг хосгүй үнэт өв дурсгал юм.
Хоёрдугаарт, тэгэхлээр Чингис хааны энэ эш хөрөг бол олон үе дамжин хааны ордонд хадгалагдаж ирсэн эх хувь мөн. Хөрөг дээрх дүр бол өөр хэн нэгэн биш, Чингис хаан мөн гэдэгт эргэлзэх хэрэггүй. Зарим хүн энэ зураг дээрх дүрийг Чингис хаан биш, энэ бол хятадын цэргийн жанжны зураг гэх нь байдаг. Шуудхан хэлвэл, Монголын Юань гүрний эсрэг улаан алчууртны бослогыг зохион байгуулан удирдаж, монголчуудын эсрэг хядлага үйлдсэн Шань мужийн захирагч Гоу Цишин гэгч хүн хэмээн 1743 онд Шангуан Жоу гэдэг хүний бичсэн номонд байдаг гэнэ. Тэр номын үгээр бол Гоу Цишиний хөргийг Чингис хааны хөрөг болгон засахдаа сахал нэмж, малгайг нь ангийн үсээр чимэглэн, өмсгөлд нь эмжээр нэмсэн гэнэ. Ийм зүйлд итгэхийн аргагүй юм. Тэгээд ч өнөөдөр Чингис хааны хөрөг хэмээх нэртэй зураг хоёр байдгийн нэг нь Бээжинд хадгалагдаж байдаг бөгөөд эл номд чухам тэр хөргийн тухай өгүүлсэн нь магадтай юм.
Гуравдугаарт, Тайванийн музейд ганц энэ зураг хадгалагдаж байгаа бус, үүний хамт Юань гүрний Монгол хаад, хатдын 25 зураг бий. Тэдний эдэлж хэрэглэж асан зүйлс, эш хөргүүд, хувийн цуглуулгад байсан Юань гүрнээс ч өмнөх цаг үеийн уран зураг, бийрийн бичлэгүүд байна. Эд бүгд тэртээх 13 дугаар зуунаас хамтдаа хадгалагдсаар өнөөг хүрч ирсэнд эргэлзэх нь илүүц буй заа.
Хубилай хааны хөрөг
Дөрөвдүгээрт, Чингис хааны хөргийг зурахад Хубилай хаанаар үлгэр болгосон гэдэг үг үнэний ортой байна. Үүнийг хоёр хааны хөргийг зэрэгцүүлэн харахад төвөггүй мэдэгдэнэ. Чингис хааны хөрөг дээр хааны өмссөн дээл, малгай нь ерөөсөө л Хубилай хааны хөрөгт түүний өмссөн тэр дээл, малгай дүрээрээ байна. Хоёр зургийг зурахдаа нэгийг нь суурь болгож, түүнийгээ нөгөөг нь зурахдаа шууд ашиглажээ гэж хэлж болохоор. Хоёр хааны тэргүүн, нүүр царай, сахал үс, чих зэрэг эрхтнийг маш адилхан зуржээ. Та бүхэн ажигтун.
Ингээд үзэхээр энэ хоёр зураг нэг үед нэг дор бүтээгдсэн, нэг зураачтай нь эргэлзээгүй байна. Өвөр Монголын эрдэмтэн Сайшаалын бичсэнчлэн, Хубилай хаан өөрөөрөө үлгэр болгон зуруулсан гэдэг нь үнэн боловч, харин өтөл насны овор суулган үрчлээс нэмж зуруулсан гэдэг нь худлаа юм. Яагаад гэвэл 1279-80 оны үед буюу уг хөргүүдийг бүтээж байх тэр цагт Хубилай хаан өөрөө өвөөгийнхөө тэнгэрт хальсан тэр насан дээр ирсэн буюу 65-тай болоод байсан тул тэгж өтөл насны овор суулгаж, үрчлээс зураас нэмэх шаардлагагүй мэт санагдана. Харин өвөөгөө ямархуу дүр төрхтэй хүн байсан талаар зураачид сайтар хэлж зөвлөсөн байж таарна.
Эн бүхнээс үзэхэд, өдгөө Тайваньд хадгалагдаж байгаа эл зургийг их хааны өөрийнх нь зураг биш, хятад жанжны зураг гэх аваас Хубилай хааны хөргийг ч өөрийнх нь биш, өөр хүний зураг гэж үзэхэд хүрнэ. Гэтэл өнөөг хүртэл Хубилай хааны хөргийг өөрийнх нь биш гэж байсангүй, бас энд хадгалагдаж байгаа их хааны хөргийг ч өөрийнх нь биш гэж байсангүй. Дахин хэлэхэд мөн, биш гэж мэтгэлцэж ирсэн тэр маргааны бай бол өөр зураг юм аа.
Эцэст нь мөхөс бичгийн хүмүн бээр нэгэн зүйлийг монгол түмэндээ хүргэх гэсэн билээ. Тэр бол Чингис хааны харц авай. Тийм ээ, эл хөрөг дээрх Чингис хааны харц тун учиртай анам. Хөргийг хэдэнтээ дэргэдээс нь харж, нягтлан шинжиж, тогтон харах тусам их хааны харц ер бишийн болох нь улам бүр мэдэгдэнэ. Их хааны харц үнэхээр жир биш, бас шид увьдас шингэсэн мэт харагдана. Тогтон харах тусам тэр харц далд гүн утга агуулах мэт, хүнд гүн бодолд автсан мэт, эс бөгөөс чимээгүйхэн ямархан нэгийг асуух мэт ээ. Олон үеийн туршид ордонд залагдаж, үр хүүхэд, ач зээ, хойч үеийнхэндээ шүтэгдэж ирсэн энэ зурагт их хааны сүнс, сүлд хийморь шингэсэн байж таарна.
“Жоконда” хэмээх алдарт зураг Париж хотноо Луврын музейд залаастай байдаг. Тэр зураг дээрх Мона Лиза хатагтайн инээмсэглэл хэдэн зууны туршид хүн төрөлхтнийг гайхашруулсан ирсэн билээ. Жокондагийн үл ялиг инээмсэглэл асар их нууцыг агуулсан хэмээн цэцэрхэн өгүүлэгчдийн цуваа үл тасарна. Тэр инээмсэглэл нээрээ ямар далд нууцыг агуулдаг билээ? Үүн шиг Чингис хааны харц асар ихийг агуулнам, өгүүлнэм. Их хааны эл хөрөг ном хэвлэлд орсон, цаасан дээр буулган хувилж, зарж байдгаасаа огт өөр аж. Дэргэд нь зогсч байгаад хажуу тийш алхан хөдлөхөд тэр харц дагаж хөдлөх шиг болно. Зогтусч дахин ажихуйд далдын ид шид, увьдсаар ховсдон татаж, тэр харцаараа чимээгүйхэн шивнэх шиг болно. Их хааны харц ямархан далын нууцыг агуулнам, бас ямархан учрыг өгүүлнэм бол? Та ажигтун, тайлагтун.
Тайванийн музейд буй Монголын түүх, соёлын холбогдолтой эд үзмэр, өв дурсгалуудыг Монголдоо аваачин монголчууддаа үзүүлэх талаар бид ярилцаж байгаа. Хэзээ нэг цагт, гэхдээ хол биш ойрхон нэгэн цагт эрхэм уншигч та тэдгээрийг, түүний дотор их хааныхаа эш хөргийг үзэх завшаан буй гэдэгт итгэнэм. Тэр цагт та их хааны харцыг сайтар тогтон ажаарай. Тэр харц асар ихийг өгүүлнэм, бас далдхан нууцыг агуулнам.