spot_img
ЭхлэлНийтлэлД.Баярхүү: Дэд сайдуудыг аймгийн засаг дарга болгоё

Д.Баярхүү: Дэд сайдуудыг аймгийн засаг дарга болгоё

Хэргээр ийм сэдэв сэвмээр санагдлаа. Гарчгаа тэгж содон авлаа. Яагаад гэвэл ийм гарчиг үзчихээд заавал уншиж таарна, тэр гарцаагүй. Хэмнэлтийн хуулиар дэд сайдуудыг хална гэх яриа байнга гардаг. Тийм бол тэднийг сориод аймагт Засаг даргаар ажиллуулаад үзье. Боловсон хүчний онч мэргэн бодлого гэх үү? Эсвэл хүний нөөцийн сэлгээ гэх үү, өөрсдөө сонго!
Ховдын Засаг даргын томилгоог Засгийн газар ба Ерөнхий сайд тун оновчтой хийлээ гээд би хувьдаа баярлаад огшоод байгаа. XXI зууны эрчтэй хөгжил рүү чиглүүлсэн боловсон хүчний анхны мэргэн сонголт боллоо. Одоо яалт ч үгүй. Ховдын угшилтай, Ховддоо босс байсан, хуйвалдааны онолоор ховдчуудаа ховсдож, хувааж захирч, бас тоншиж байсан тэр уламжлалыг зоригтой эвдсэнд нь хотын олон сэхээтнүүдийн адил баярлаад ээлжит нийтлэлээ босгож байгаа хэрэг шүү дээ.
Аймгийг аймгийн хүнээр нь удирдуулдаг, аймаг орон нутгаа сайн мэддэг, малчдаа ойлгодог, малд нүдтэй тийм нутгийн ах, дарга нар бол ХХ зуунтайгаа өнгөрсөөн, одоо мэдтүгэй! Танай аймгийг англи хэлтэй баруунд төгссөн хотын сэхээтэн залуус удирдахаар очно. Ерөнхий сайд аль хэдийнэ шийдчихсэн. Бандан пад!
Малыг малчдад нь хувьчилсан, хөдөөд хувийн өмчийг хуульчлаад өгчихсөн. Хөдөө капитализм ноёрхож байгаа. Өөр тайлбар байна уу? 
Бүр болхи жишээ татах уу? Ичмээр, би өөрөө тэгж бичиж байгаадаа ичиж байвч натураль  байгаллаг сэтгэдэг монголчуудад хандаж хэлчихье.
сонин mn
Хөдөө тэр чигтээ хувьчлагдсан. Зуд боллоо гэхэд зудын өвс тэжээл, гурил будааг Ховд аймгийн засаг дарга бүсгүй хариуцахгүй (ЗДТГ), малчид өөрсдөө хар толгойгоороо хариуцах хэрэгтэй гэснийг би хоёр гараа өргөн дэмжин уухайлна. Яах гэж малаа хувьчилж авсан юм бэ гэсэн анхны наад захын асуултын хариуг Ховдын засаг дарга бүсгүй хэлээд өгчихжээ. Ердөө л хувьчлан авсан бол өөрөө (гэр бүлээрээ) арчлан тордож, адуулж, өсгөж, орлого болгох гэж хувьчлан авсаан! гэсэн ганцхан (цорын ганцхан) хариулт буй. Аймагт олон жил царцаж хэвтсэн дутуу барилгуудыг хойш тавина гэжээ. Яах аргагүй зөв. Хоёр гурван мянган хүнтэй суманд клуб, эмнэлэг, сургууль заавал хэрэгтэй биш ээ гэдгийг Ховдын засаг дарга бүсгүй зоригтой хэлээд тавьчихлаа. Социалист хөдөөгөө санагалзсан хуучинсаг сэхээтнүүд (дарга нар) нь ойлгодоггүй ээ, нийслэл рүү ирж Төрийн ордонд гомдол мэдүүлж хов яриад нэмэргүй ээ. Хөөрхий засаг дарга охиныг матаж буулгуулчих санаатай.
Яг хуучнаараа байхыг хүсэгчид ганц Ховдод бус нийт 21 аймаг, тэр олон зуун сумдад яг байгаа шүү, би гөрдөөгүй. Социалист хөдөөгөө хавтгайдаа санагалзсан, түүнтэйгээ зөрчилдсөн 30 жилийн тамыг туулж дуусгая. Одоо дуусгая!
МАН хэрэв боловсон хүчний төрийн бодлогыг сонгуульт энэ жилүүддээ зангидаж байгаа юм бол Ховдын засаг даргын томилгоо шиг ийм дайчин томилгоог бүх аймагт хийгтүн! Хэрэв 2024 оныхоо сонгуульд тойрог өгч өрсөлдүүлнэ гэж байгаа бол (цаадуул нь 2024 онд хүчээ үзнэ гэж байгаа бол? Тийм хүн олон бий, би нэрлэж чадна) Улаанбаатарт яам, агентлагуудад дарга хийж байгаа бүх залуусаа (юуны өмнө дэд сайдууд, ТНБД нар) 2023-2024 онд хөдөө томилж ажиллуулагтун. Хөдөө дэх хөмөрсөн тогоон дотор XXI зууны оюуны гэрэл гэгээг бадруулагтун. Харвард, Оксфорд, Кембриж төгсгөөд ирсэн залуусыг цүнх баригчаар (УИХ-ын гишүүний туслах ч гэх шиг) бүү ажиллуул. Тэд хөдөөд очоод аймаг, эсвэл томхон сум удирдалцаад хөдөөгийн харанхуй мафийг бутцохиод, барууны ажлын тэргүүний туршлага нэвтрүүлэх гээд үзэг. Харвард, Оксфорд, Кембрижийн боловсролтой залуус хөдөөг шал өөр нүдээр харна. Тэд дэлхийн соёлыг хөдөөд түгээнэ. Гадаад хамтын ажиллагааг чинь цэцэглүүлж чадна. Улаанбаатарт аль нэг яаманд муухан нэртэй, хэл амтай яваа боловсролтой залуус минь аав ээжийнхээ уугуул нутгийг зорьж хүчээ үзэгтүн, тэгээд 2024 онд ялаад гараад ир, зам чинь нээлттэй байна. Маргашгүйгээр ялах зам чинь дурайж байна.
Боловсролтой шинэ залуу даргын гарт хуйхлагдаж чадахгүй, тэсэхгүй боож үхэх монгол хүн хөдөөд үй түм бий. Зөвшөөрч байнаа. XXI зууны энэ цаг үед “Хохь чинь!” гэдэг ганцхан хариулт тэдэнд тохирно.
Үй түмэн гомдол, гонгинуураа Төрийн ордон руу урсгаг, харъя, түүнийг нь илчилж, нийгмээрээ элэг доог болгоё. Хэвлэл мэдээллээр матаасыг чинь цацъя. Элэг доог онигоо болоод ирэхээр Гандан руу гүйх байх, тэрийг нь бас элэг доог болгоё. Эцэст нь бөө дээр бууг. Бас тэрийг нь элэг доог болгоё. Би хүн доромжлох тавлах тухай яриад буй биш юм. Ингэж нэг цочроохгүй бол хөдөө чинь болохоо больчихсон байна. Малыг малчдад өглөө гээд хөдөөд ажилгүйдэл, ядуурал, архидалт хавтгай байна. Түүндээ санаа зовсон шинжгүй хээв нэг аж төрсөөр байна. Дөжирсөн толгой дэндүү их байна. Түүн дээр нь хуйвалдааны онолд суралцсан хөдөөгийн дарга нарын мафийн бүлэг гудрах, цуслах гээд үзэж таарч байна. Шоронгийн хаалга татаад байдаг дарга нарыг жагсаавал хөдөөгөөс бас гараад ирдэг юм билээ шүү. Авилга хахууль, ар өврийн хаалга, сум сумаараа нутгархах, бүлэглэж цуслах хэрэг тасрахгүй байсаар ирсэнийг таслан зогсоох алхам Ховдоос эхэлж байна. Бүх аймагт түгээе.
сонин mnАймгийн төсөв жигд байх тухай гонгинооныг би өөрөөр хардаг. Хэнтий манлайлж байна ч гэх шиг. Өмнөговь уул уурхайн хүчинд бусдаасаа илүү цэцэглэн хөгжиж байгаа юм бол бусад нь дандаа гуйлга гуйж, улсын төсвийн мөнгөөр аргацааж байх ёсгүй. Хэнтий дараагийнх нь болог. Улаанбаатарчууд хүсээд очиж чаддаггүй тасархай аймаг болог л дээ. Бүр түрүүлээд монгол, англи хоёр хэлийг хослуулан хэрэглэсэн дижитал аймаг болсон ч болохгүй гэх газаргүй шүү дээ.
Юунд нь хардаж боож үхэх гээд байгаа юм. Хөдөө дэх ажилгүйдлийг (нийгмийн бүх асуудал) шийдэхэд гадаадын туршлагын бэлэн жор, гадаадын мөнгө хангалттай бэлэн байж байна. Бүр болохгүй бол гадаад хүнээр аймгаа түр удирдуулаад үзсэн ч яадаг юм.
Украины дайнд татагдчихгүй гээд үй олон буриад орос залуус Монголд ороод иржээ. Улаанбаатараар нэг холхиулаад байх нь хаашаа юм. Гэр бүлээрээ ажил хайж байна, хаана ч хамаагүй гэсэн зар явж байна лээ. Аймгууд, овсгоотой сумдууд шүүрээд аваач. Наад аймгийн төв, сумын төвд чинь гэрэл гэгээ болж очно. Удмаараа залхуурч хэвтдэг монголчуудад хувийн аж ахуйгаа тордох, хүнсний ногоо тарих, гахай тахианы аж ахуй эрхлэх, худаг усаа тордох үнэ төлбөргүй сургалт, үлгэр жишээ болог л дээ. Малын өвчин гэж байхгүй болог л дээ. Ядаж хир бөөснөөс чинь салгаад өгнө. Ариун цэвэрч, аригч хямгач байдалд сургаад өгнө. Өвс хадлан тэжээлээ хар толгойгоороо хариуцдаг юм гэдгийг амьдрал дээр харуулаад өгнө. Ажилгүйдээд үхчих гээд байгаа бол орос, буриад айлд зарагдаад хөл дээрээ босоод ирээч.
Бусдаасаа илүү сайхан амьдралтай нэг хоёр аймаг гараад ирэг л дээ. Ялгараг. Бусдаасаа хамаагүй илүү бүтээмжтэй, технологи, засаглалтай болог л дээ. Тэднийг дууриагаад бусад нь чирэгдэг. Адаглаад нийслэлдээ багтахгүй шавсан хүн ард нь тийшээ нүүж очиг, юу нь буруу байна вэ?
Дахин уриалъя. Харвард, Оксфорд, Кембрижийн боловсролтой залуус хөдөөг шал өөр нүдээр харна. Тэд дэлхийн соёлыг хөдөөд түгээнэ. Англи хэлтэй америк боловсролтой засаг дарга нарыг тэр “малчдад хайртайчууд” матаж давхиад Ордонд амаа таглуулаад эцэст нь Гандад ороод хад мөргөөд буцаг л дээ!  Хариу тус нь юу вэ? Барууны боловсролтой залуус жинхэнэ монгол хөрсөн дээрээ бууж, хал үзэж туршлагажих үнэгүй дадлага курс чинь болог л дээ!
Д.Баярхүү

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл оруулна уу!!!
Нэр оруулах

Шинэ мэдээ
Их сэтгэгдэлтэй
Их уншсан
Ulaanbaatar
clear sky
3.1 ° C
3.1 °
3.1 °
28 %
7kmh
0 %
Баасан
3 °
Бям
-2 °
Нар
-12 °
Даваа
-13 °
Мяг
-6 °
spot_img