spot_img
ЭхлэлНийтлэлБ.БАТХИШИГ: Засгийн газар зах зээлийн шударга өрсөлдөөний зарчмыг алдагдуулаад...

Б.БАТХИШИГ: Засгийн газар зах зээлийн шударга өрсөлдөөний зарчмыг алдагдуулаад байна

ШУА-ийн Философийн хүрээлэнгийн Бодлого судлал, улс төрийн эдийн засгийн ухааны салбарын эрхлэгч, эдийн засгийн шинжлэх ухааны доктор Б.Батхишигтэй ярилцлаа. Философийн хүрээлэнгийн 50 жилийн ой энэ онд тохиож буй. Харин Бодлого судлал, улс төрийн эдийн засгийн ухааны салбар нь хүрээлэндээ харьцангуй шинэ нэгж аж. Улс төрийн эдийн засгийн судалгааны үр дүн, ач холбогдлын талаар тэрбээр ийнхүү ярилаа.

-Философийн хүрээлэнд Бодлого судлал, улс төрийн эдийн засгийн ухааны салбар байгуулаад жил хүрэхгүй хугацаа өнгөрч буй юм байна. Ийм салбар байгуулах хэрэгцээ, шаардлага нь юу байв?

-ШУА-ийн тэргүүлэгчдийн 2021 оны долдугаар сарын 5-ны хурлын тогтоолоор Бодлого судлал, улс төрийн эдийн засгийн ухааны салбар байгуулахаар шийдвэрлэсэн. Манай салбар өнгөрсөн нэгдүгээр сараас үйл ажиллагаа явуулж эхэллээ. Гэхдээ салбарын эх үндсийг 2018 онд тавьсан гэхэд болно. Тухайн үед хүрээлэнгийн Философийн салбарын дотор Улс төрийн эдийн засгийн ухааны тасаг байгуулсан юм. Ийм тасаг байгуулах санаачилгыг Философийн салбарын эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, доктор, профессор Б.Даш-Ёндон гаргаж, хүрээлэн болон ШУА-ийн удирдлагад танилцуулан, дэмжүүлсэн юм билээ. Тэрбээр Монголд улс төрийн эдийн засгийн ухааныг хөгжүүлэх зайлшгүй хэрэгтэйг ном, бүтээлүүддээ тодорхой дурдсан. 1990 оноос Монгол Улс зах зээлийн эдийн засагт шилжиж эхэлснээр социализмын үед судалж байсан улс төрийн эдийн засгийн ухааныг орхисон юм. Харин оронд нь экономикс хэмээх эдийн засгийн онолыг их, дээд сургуульд зааж эхэлсэн. Ингээд өнгөрсөн 30-аад жилд улс төрийн эдийн засгийн ухаан ор тас мартагджээ. Гэтэл барууны орнуудад шинэ улс төрийн эдийн засгийн ухаан хурдацтай хөгжиж буй. Үүнээс санаа авч, Монголд хөгжүүлэхээр болсон байдаг.

-Улс төрийн эдийн засаг нь эдийн засгийн бусад ухаанаас ямар ялгаатай юм бол?

-Илүү өргөн хүрээтэй гэж үзэж болно. Тухайлбал, эдийн засгийн харилцааг улс төрийн системтэй холбон судалдаг. Өөрөөр хэлбэл, улс төрийн институц эдийн засгийн хөгжилд хэрхэн нөлөөлж байгааг судална гэсэн үг. Хоёрт, эдийн засгийн харилцааг үйлдвэрлэх хүчний хөгжлийн түвшинтэй холбон судалдаг. Үйлдвэрлэл, технологийн хөгжил, капиталын хуримтлал ямар байгаагаас эдийн засгийн хөгжил шууд хамаардаг. Гуравт, эдийн засгийн харилцаа янз бүрийн ашиг сонирхлоос хэрхэн хамаарч байгааг тодорхойлдог. Хувийн, хамт олны, нийгмийн, хэсэг бүлэг хүмүүсийн эдийн засгийн сонирхол харилцан адилгүй. Тэдгээрийн зөрчлийг тодорхойлж, зохицуулах арга замыг олох нь улс төрийн эдийн засгийн ухааны нэг чиглэл юм. Мөн улс төрийн эдийн засгийн ухаан ба экономиксийн онол, арга зүйг судалгаанд хослуулан ашиглаж болно. Бас улс төрийн эдийн засгийн ухаанд философи, социологи зэрэг нийгмийн бусад шинжлэх ухааны онол, арга зүйг ашиглах боломжтой. Энэ бүхэн нь манайд улс төрийн эдийн засгийн ухааны салбар байгуулах үндэслэл, шаардлага болсон юм.

-Манай улс төрийн институц эдийн засгийн хөгжилдөө хэрхэн нөлөөлж байна вэ?

-Улс төрийн институц нь эдийн засагт хутгалдах биш, харин хөгжих нөхцөлийг нь бүрдүүлэхэд голлон анхаарах учиртай. Үүнд гадаад худалдааг хөгжүүлэх, дэд бүтцийг сайжруулах, хөрөнгө оруулалт, санхүүгийн орчныг тогтвортой, тааламжтай байлгах гээд олон үүрэг багтана. Харамсалтай нь, төр, засаг эдгээр үүргээ хэрэгжүүлж чадахгүй байгаа. Тухайлбал, гадаад улсуудтай худалдааны гэрээ хэлэлцээр сайн хийж, бизнес эрхлэгчид бараа, бүтээгдэхүүнээ чөлөөтэй экспортлох боломж бүрдүүлэх учиртай. Гэтэл манай улсын гадаад худалдаа олон жилийн турш алдагдалтай явж ирлээ. Мах, махан бүтээгдэхүүн, ноос, ноолуур, эсгий, арьс, ширэн бүтээгдэхүүнийг олон оронд экспортлох таатай нөхцөл бүрдүүлэхгүй бол боловсруулах аж үйлдвэр хөгжихгүй. Учир нь 70 орчим сая малын ашиг шим, түүгээр хийсэн бүтээгдэхүүнийг гурван сая гаруй хүнтэй зах зээлд шингээх аргагүй. Нүүрс болон бусад ашигт малтмалыг экспортлох дэд бүтцийг бүрдүүлэхэд төр, засаг гол үүрэг гүйцэтгэх ёстой. Гэтэл төмөр зам барилгүй олон жил болсны эцэст энэ онд л эхний хэсгийг нь дуусгасан шүү дээ.

-Сүүлийн үед төрийн оролцоо эдийн засагт илт нэмэгдсэн талаар шүүмжлэх болсон. Энэ нь чөлөөт зах зээлийн зарчмаас хазайлгаж мэдэх нь гэх байр суурийг ч зарим судлаач илэрхийлж байгаа. Судлаачийн хувьд та энэ талаар байр сууриа илэрхийлэхгүй юү?

-Эдийн засаг дахь төрийн оролцоо харьцангуй их байгаа нь зах зээлийн үйлчлэлийг сулруулж, өсөлтийг сааруулж байна. Жишээ нь, “Чингис” бондын мөнгийг төрийн өмчит Хөгжлийн банкаар дамжуулан дотоодын аж ахуйн нэгжүүдэд зээлсэн ч дийлэнх хэсэг нь эргэн төлөгдөх баталгаагүй болжээ. Бондын мөнгийг улсын эдийн засагт нэн хэрэгтэй, ач холбогдолтой томоохон төслүүдэд төвлөрүүлэн зарцуулахын оронд янз бүрийн жижиг төсөлд цацсан. Уг нь энэ мөнгөөр нэг том цахилгаан станц барьчихсан бол Засгийн газар гадаад өргүй, харин ч орлогын тодорхой эх үүсвэртэй, эрчим хүчний хангамж найдвартай болох байлаа. Хөрөнгө оруулалтын гол зарчим бол хүчийг нэн чухал цөөн объектод төвлөрүүлж, ашиглалтад оруулах хугацааг багасгах, зарцуулсан хөрөнгө эргэн төлөгдөх хугацааг богиносгох явдал байдаг. Гэвч бондын мөнгийг томоохон төслүүдэд зарцуулахдаа эдийн засаг, санхүүгийн тооцоо, судалгаа хийгээгүй. Үүнээс шалтгаалан зарим төслийн гүйцэтгэл, үр ашиг муу болсон. Төсөл боловсруулах, тооцоо, судалгаа хийх зэрэгт өчнөөн хөрөнгө зарсан ч хэрэгжүүлсэн нь тун чамлалттай. Бас нэг жишээ нь, Засгийн газар, Монголбанк хамтран 2012-2016 онд “Гол нэрийн бараа, бүтээгдэхүүнийг үнийг тогтворжуулах” дунд хугацааны хөтөлбөр хэрэгжүүллээ. Үүний тулд их хэмжээний цаасан мөнгө гүйлгээнд оруулсан нь төгрөгийн гадаад валюттай харьцах ханшийг үлэмж хэмжээгээр унагасан. 2012 онд нэг ам.доллар 1393 төгрөгтэй тэнцэж байв. Харин уг хөтөлбөрийг хэрэгжүүлж дууссан 2016 онд ханш 2490 болж өссөн. Энэ нь импортын барааны үнэ өсөх нөхцөл бүрдүүллээ. Хөтөлбөрт хамрагдсан аж ахуйн нэгжүүд банкнаас гурван хувийн хүүтэй зээл авч байхад хамрагдаж чадаагүй олон аж ахуйн нэгж 20-иос дээш хувийн хүүтэй зээл авч, өрсөлдөөнд ялах аргагүй болсон. Энэ нь чөлөөт өрсөлдөөний зарчмыг алдагдуулж, зах зээлийн механизмыг гажуудуулсан явдал. Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих, Мал хамгаалах, Тариалан эрхлэлтийг дэмжих гэх мэт Засгийн газрын тусгай санг уг нь үйлдвэрлэлийг дэмжих зорилготой байгуулсан байх. Гэвч төр, засгийн өндөр албан тушаалтнууд эрх мэдлээ ашиглан эдгээр сангаас өөрсдийн хамаарал бүхий аж ахуйн нэгжүүдэд зээл авч өгөөд, дундаас нь ашиг хонжоо хайсан баримт илэрсэн. Энэ нь шударга өрсөлдөөний зарчмыг зөрчиж байгаа юм. Өндөр хүүтэй зээл авсан компани бага хүүтэй зээл авсан аж ахуйн нэгжтэй өрсөлдөж чадахгүй нь мэдээж. Засгийн газар зах зээлийн шударга өрсөлдөөний зарчмыг алдагдуулаад байна. Иймд дээрх сангуудын оронд газар тариалангийн үйлдвэрлэлийг санхүүжүүлэх зориулалттай агробанк байгуулах хэрэгтэй гэж бид зөвлөж байлаа.

-Улс төрийн эдийн засгийн ухааны чиглэлээр Монголд хийж буй томоохон ямар судалгаанууд байна вэ?

-Сонгодог улс төрийн эдийн засгийн ухааны гол төлөөлөгчид нь Адам Смит, Давид Рикардо, Карл Маркс нар юм. Энэ гурван эрдэмтний гол бүтээлүүдийг судалж, тэдний онол, арга зүйг ашиглан өнөөгийн Монголын эдийн засгийн байдалд шинжилгээ хийх, дүгнэлт гаргах зорилго тавьсан. Ингээд 2018 онд “Монголын эдийн засгийн хөгжлийн асуудал” (Улс төрийн эдийн засгийн ухаан ба экономиксийн судалгаа), дараа жил нь “Карл Марксын “Капитал” зохиол ба Монгол дахь зах зээлийн харилцаа”, 2020 онд “Монгол дахь зах зээлийн эдийн засгийн хөгжлийн асуудлууд”, 2021 онд “Адам Смитийн онол ба эдийн засгийн философи” хэмээх ном бичиж, хэвлүүллээ. Энэ жил “Хуучин ба шинэ эдийн засаг (Д.Рикардогоос өнөөг хүртэл)” гэсэн ном бичсэнээ дөнгөж саяхан хэвлүүлээд байна. Эдгээр бүтээлээ их, дээд сургуулиудын номын сангуудад өгсөн. Мөн төр, засгийн удирдах хүмүүс, ШУА-ийн гишүүдэд хүргүүлсэн. Эдгээр нь онол, арга зүйн чиглэлтэй ч практик зөвлөмж, саналууд бас бий. Жишээ нь, монгол төгрөгийн ханш сүүлийн үед унасаар байгаа. Албаны хүмүүсийн зурагтаар ярихыг сонсохоор ханшийн уналтын шалтгааныг төлбөрийн тэнцлийн алдагдал, мөнгөний бодлогын алдаа гэх мэтээр өнгөцхөн тайлбарлах юм. Улс төрийн эдийн засгийн ухаанд бол задлан шинжлэх, нэгтгэн дүгнэх, индукц, дедукцийн, хийсвэрээс тодорхойд шилжих, системийн гээд олон арга хэрэглэдэг. Эдгээрт тулгуурлан дүгнэхэд, төгрөгийн ханшид нөлөөлж буй хүчин зүйлийг үндсэн ба хоёрдогч гэж ангилж болно. Төрийн мөнгө, сангийн бодлого, арга хэмжээ бол хоёрдогч хүчин зүйл. Харин үндсэн хүчин зүйлсэд боловсруулах үйлдвэрлэлийн хөгжил буюу нэмэгдсэн өртөг бүтээх салбарын түвшин, гадаад худалдааны нөхцөл, хөрөнгө оруулалт, улсын төсвийн тэнцэл зэрэг орно. Үүнээс үзэхэд төгрөгийн ханш зөвхөн Монголбанк бодлогын хүүгээ дээш, доош болгохоос хамаарахгүй. Гол шалтгаан нь манай улсад экспортод чиглэсэн нэмүү өртөг бүтээдэг үйлдвэрлэл хэр хөгжсөнтэй холбоотой. Өөр нэг жишээ авъя. Зарим хүн зээлийн хүү өндөр байгааг хадгаламжийн хүү өндөр байгаатай холбон тайлбарладаг. Гэтэл энэ бол хоёрдогч хүчин зүйл. Харин эдийн засгийн чадавх, хадгаламж, хуримтлалын хэмжээ, инфляцын түвшин, төгрөгийн ханшийн хэлбэлзэл зэрэг нь зээлийн хүү өндөр байгаагийн үндсэн шалтгаан юм.

-Адам Смит, Давид Рикардо, Карл Маркс нарын гурван эрдэмтний онол, арга зүйг ашиглан, Монголын эдийн засгийн байдалд шинжилгээ хийхэд ямар дүгнэлт гаргав?

-Зарим дүгнэлтийг эш татъя. Зах зээлийн эдийн засгийн хөгжил, төлөвшлийн хамгийн гол шалгуурын нэг нь хүн амын амьжиргааны түвшний тогтвортой өсөлт. Гэтэл 2020 оны байдлаар манай улс дахь ядуурлын түвшин 27.8 хувьтай. Энэ нь сүүлийн жилүүдэд ядуурал төдийлөн буураагүйг харуулна. Ядуурал, хүн амын орлогын ялгааг багасгах, дундаж давхаргыг өргөтгөхийн тулд нэмэгдсэн өртөг бүтээх үйлдвэрлэлийг хөгжүүлэх, орлого хуваарилалтыг шинэчлэх шаардлагатай. Ялангуяа хөдөлмөрийн үнэлэмжийг нэмэгдүүлэх, үүний тулд жил бүр цалин, тэтгэвэр, тэтгэмжийг инфляцын түвшинтэй уялдуулан заавал нэмэх нь зүйтэй гэж дүгнэсэн. Хоёрт, манай улсад уул уурхай, олборлолт давамгайлсан, боловсруулах үйлдвэрлэлээ орхисон эдийн засгийн өрөөсгөл бүтэц бүрдэх хандлагатай болжээ. Энэ хандлагыг өөрчилж, инновацад тулгуурласан, боловсруулах аж үйлдвэр тэргүүлсэн, олон тулгуурт эдийн засгийн зохистой бүтцийг бүрдүүлэх нь Монголын хөгжлийг хурдасгах гол чиглэл болно. Өөрөөр хэлбэл, хүнд, хөнгөн, хүнсний буюу боловсруулах аж үйлдвэр, уул уурхай, эрчим хүч, хөдөө аж ахуй, тээвэр ложистик, аялал жуулчлалыг нэн түрүүнд хөгжүүлж, эдийн засгийг олон тулгууртай, экспортын чиглэлтэй болгохыг зорих ёстой. Ингэхдээ харилцан бие биеэ дэмжсэн, уялдаа бүхий үйлдвэрлэл, дэд бүтэц, банк санхүүгийн салбаруудаас бүрдсэн эдийн засгийн нэгдмэл систем бүрдүүлэн хөгжүүлэх бодлогыг тууштай хэрэгжүүлэх нь зүйтэй. Цаашид уул уурхайн орд газруудыг ээлж дараатай эзэмших нарийн төлөвлөгөө гаргах, тэгэхдээ эрдэс түүхий эдийг иж бүрэн боловсруулж, нэмэгдсэн өртгийн үйлдвэрлэлийг өсгөх, түүнээс олсон ашгийг зохистой хуваарилбал зохино. Үүний тулд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг нэмэгдүүлэх, боловсруулаагүй болон хагас боловсруулсан эрдэс, түүхий эдийн экспортод татвар ногдуулах, уул уурхайн олборлолтоос үүссэн байгаль орчны бохирдол, эвдрэл, доройтлыг нөхөн сэргээх ажлыг зах зээлийн механизмтай холбох, гүний ус ашиглалтын үнийг нэмэх зэрэг цогц арга хэмжээ шаардлагатай. Уул уурхайгаас олсон ашгийг иргэдэд хавтгайруулан тараах биш, харин түүний нэг хэсгийг Ирээдүйн өв санд, нөгөө хэсгийг боловсруулах аж үйлдвэр болон дэд бүтцийг хөгжүүлэхэд, үлдэх хувийг цалин, тэтгэвэр нэмэгдүүлэхэд зориулан хуваарилах нь зүйтэй гэж үзэж байгаа. Дараагийн нэг зүйл бол бэлчээрийн мал аж ахуй цаашид ч Монгол Улсын эдийн засгийн үндсэн салбар хэвээр байх болно. Тиймээс бэлчээрийг малчдын бүлэгт урт хугацаагаар хариуцуулан ашиглуулах, нөөцийг хамгаалах, даацыг тохируулах асуудлыг эдийн засгийн аргаар, өөрөөр хэлбэл, татвар, төлбөр ногдуулах замаар шийдвэрлэх боломж бий. Хөдөө аж ахуйн банк, даатгалын системийг хөгжүүлж, биржийн сүлжээг өргөтгөн, түүнд малчид түүхий эд, бүтээгдэхүүнээ нийлүүлэхийг нэмэгдүүлэх ёстой. Мөн малын үүлдэр угсааг сайжруулж, ашиг шимийг дээшлүүлэх, эрүүлжүүлэх ажлыг малчдын эдийн засгийн сонирхолтой холбох, өөрөөр хэлбэл, зах зээлийн механизмыг өргөн нэвтрүүлж, төрийн зохицуулалтыг зохистой болгох аргаар шийд вэрлэх нь зүйтэй юм. Төрийн зохицуулалт, аж ахуйн нэгжүүдийн идэвх санаачилгыг хослуулах, зах зээлийн харилцааг улам өргөтгөх замаар энэ бүх асуудлыг шийдвэрлэж болно.

-Танай салбарт бас бодлого судлал хамаардаг юм байна. Энэ чиглэлээр сүүлийн үед ямар судалгаанууд хийж буй бол?

-Энэ нь хууль тогтоомж, хөгжлийн үзэл баримтлал, хөтөлбөр, төлөвлөгөө гээд бодлогын янз бүрийн баримт бичгийн агуулгыг судалж, үнэлэлт дүгнэлт өгдөг нийгмийн шинжлэх ухааны салбар. Үндсэндээ нийгмийн хөгжлийн бодлого боловсруулах явц дахь зөрчлүүдийг илрүүлж, шийдвэрлэх арга замыг тодорхойлдог. Манай улсад бодлого боловсруулах, төлөвлөх уламжлал өмнө нь байсан. Харин өдгөө бодлого судлалын ухаанд үйл ажиллагаа нь суурилсан, хараат бус судалгааны байгууллага шаардлагатай. Манай салбар ийм байгууллагын үндэс суурь болох боломжтой. Гэвч энэ нэгжид эдийн засагч, улс төр судлаач, социологич, математикч зэрэг олон мэргэжилтэн шаардлагатай. Ингэж ажиллаж чадвал төр, засагт хэрэг болох бүтээгдэхүүн гаргаж чадна. Бид өнгөрсөн хавар “Шинэ сэргэлтийн бодлого” дунд хугацааны зорилтот хөтөлбөрт шинжилгээ хийх ажлыг ШУА-ийн даалгавраар гүйцэтгэсэн. Мөн өнгөрсөн гурван жилд Философийн хүрээлэнгийн Социологийн салбар болон Монголын ахмадын холбоотой хамтран “Ахмад настны социаль асуудал: үр дагавар, төлөв, хандлага” сэдэвт суурь судалгаа хийснээ саяхан дуусгаж, ном болгон хэвлүүллээ. Цаашид албан байгууллагууд бодлого, баримт бичигтээ шинжилгээ, дүгнэлт хийлгэхээр захиалбал бид хийхэд бэлэн. Одоогоор манай салбарын хүн хүч цөөн ч гаднаас эрдэмтэн, судлаачдыг оролцуулан судалгаа, шинжилгээ хийх боломжтой. Цаашдаа уг салбарыг бэхжүүлэхийн тулд дээр хэлсэнчлэн эдийн засагч, улс төр судлаач, социологич зэрэг мэргэжлийн хүмүүсийг ажиллуулах шаардлагатай.

-“Шинэ сэргэлтийн бодлого”-ын шинжилгээний дүн яаж гарав. Уг бодлого нь судалгаанд суурилаагүй, хэтэрхий хөнгөн хийсвэр болсон гэж шүүмжлэх хүн цөөнгүй бий.

-Энэхүү бодлого нь тодорхой зорилтууд дэвшүүлснээрээ ач холбогдолтой. Бид уг бодлогод шинжилгээ хийгээд, зөвлөмж гаргасан. Тухайлбал, зарим зорилтын хүрээнд хэт олон том төсөл оруулжээ. Жишээ нь, Сүхбаатар-Замын-Үүдийн төмөр замын төв коридорыг хос замтай болгох гэснээс гадна баруун болон зүүн босоо тэнхлэгийн төмөр замын төслүүдийг эрчимжүүлнэ гэж заасан. 10 жилийн дотор гурван чиглэлд урт төмөр зам тавихад хөрөнгө зардал, хүн хүч тарамдаж, хугацаа сунжрах сөрөг талтай. Иймд хөрөнгө хүчийг хамгийн чухал объектод төвлөрүүлэх тухай эдийн засгийн онолыг баримталж, Сүхбаатар-Замын-Үүдийн төмөр замын төв коридорыг хос замтай болгох төсөлд голлон анхаарч, ирэх 10 жилд багтаан дуусгах нь чухал. Баруун болон зүүн босоо тэнхлэгийн төмөр замын төслүүдийг төв коридорыг дуусгасны дараа барьж эхлэхээр төлөвлөх нь зүйтэй. Хоёрт, төслүүдийг хэрэгжүүлэхэд төр, хувийн хэвшлийн түншлэлийг ашиглах ёстой. Үүний тулд төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийг яаралтай батлах шаардлага бий. Ийм хуульгүй бол төрийнхөн танилынхаа компанид төсөл, хөрөнгө оруулалт өгчихлөө гэсэн хардлага, сэрдлэг тасрахгүй. Энэ нь төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхэд саад учруулна. Гэхдээ улсад цахилгаан станц, боловсруулах үйлдвэр барих хүн хүч, санхүү, технологийн нөөцтэй хувийн хэвшлийн хэдэн компани байгааг нарийвчлан судлах хэрэгтэй. Хэчнээн сайн хөтөлбөр, төлөвлөгөө гаргалаа ч хэрэгжүүлэх эзэнгүй бол хий хоосон мөрөөдлийн жагсаалт болж үлдэнэ. Түүнчлэн “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлэхийн тулд төслүүдийг тав болон нэг жилийн төлөвлөгөөнүүдэд задлан хуваарилж, санхүүжилтийн эх үүсвэр, хариуцах эзнийг тодорхой заан, төсвийн бодлоготой уялдуулах хэрэгтэй. Энэ мэт зөвлөмж гаргасны зэрэгцээ хэрэгжүүлэх зарим арга зүй, хүснэгт, загварыг хавсаргасан.

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл оруулна уу!!!
Нэр оруулах

Шинэ мэдээ
Их сэтгэгдэлтэй
Их уншсан
Ulaanbaatar
clear sky
-12.9 ° C
-12.9 °
-12.9 °
78 %
0kmh
0 %
Баасан
-5 °
Бям
-2 °
Нар
-13 °
Даваа
-13 °
Мяг
-7 °
spot_img