spot_img
ЭхлэлНийтлэлТогтвортой хөгжлийн зорилго ба Монгол Улс

Тогтвортой хөгжлийн зорилго ба Монгол Улс

Улс орон бүхэн өөрийн хөгжлийн бодлоготой байдаг. Харин дэлхий нийтийн хөгжлийн бодлого юу вэ?  Өнөө цагийн хүн төрөлхтөн бидний нийтлэг зорилго, хүсэл эрмэлзэл өнгөрснөөс бидэнд уламжлагдсан өнөөгийн нөхцөл байдал, биднээс ирээдүйд үлдээх өв, үнэт зүйл юу байх вэ? Дэлхийн Засгийн газар гэгддэг НҮБ-аас дэлхий дахины хөгжлийн бодлого болгон Тогтвортой хөгжлийн зорилгыг дэвшүүлсэн. 2000-2015 онд НҮБ-аас Мянганы хөгжлийн зорилтыг дэвшүүлсэн бол дараагийн 15 жилийн хөтөлбөр болгож Тогтвортой хөгжлийн зорилгыг дэлхий дахинд хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Ингэхээр Тогтвортой хөгжлийн зорилго бол бүх улс орнууд, энэ дэлхийд амьдран буй бүх хүнд хамаатай бодлого хэмээн ойлгох ёстой.

Тогтвортой хөгжлийн зорилго нь 2015-2030 онд дэлхий нийтээр ядуурал, өлсгөлөнг устган, байгаль эх дэлхийгээ хамгаалж, нийгмийн шударга ёсыг түгээн дэлгэрүүлж, өнөө болон ирээдүй хойч үеийнхэн энэ дэлхий дээр сайн сайхан амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилготой. Ингэхдээ хүний эрхийг бүх талаар хангаж, эдийн засаг, нийгэм, байгаль орчин гэсэн гурван салбарын уялдааг сайжруулахад бүх түвшинд хүчин чармайлт гаргахыг НҮБ-аас уриалсаар байна. Энд Парламентууд, Засгийн газрууд, Иргэний нийгмийн байгууллагууд, иргэд, ялангуяа хүүхэд залуучуудын оролцоо хамгийн чухал.

Тогтвортой хөгжлийн зорилго нь 17 зүйл, 196 зорилттой. Улс орнуудын Парламент, Засгийн газар нь бүх түвшний бодлогын бичиг баримт, хууль, тогтоол, аливаа шийдвэртээ эдгээр зорилгыг хэрэгжүүлэхэд чиглэсэн бодлогыг баримтлах үүрэг хариуцлагыг хүлээж байгаа. Улс орнууд өөр өөрийн онцлог, нөхцөл байдалтай уялдуулан ядуурлыг бууруулж, боловсрол, соёл, эрүүл мэндийг дэмжих, нийгмийн шударга ёс, тэгш эрхийг хангах, байгаль орчноо хамгаалан, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхээр амлалт авч, түүнийгээ хэрэгжүүлж байгаа.

Монгол Улсын хувьд 2016 онд “Тогтвортой хөгжлийн хөтөлбөрийн үзэл баримтлал-2030”, 2020 онд “Алсын хараа – 2050” бодлогын баримт бичгийг батлан Тогтвортой хөгжлийн зорилгуудтай уялдуулан хөгжлийн тэргүүлэх чиглэлүүдээ тодорхойлсон. “Алсын хараа 2050” хөгжлийн бодлогын эхний 10 жил буюу 2030 он хүртэлх зорилго, зорилт нь Тогтвортой хөгжлийн зорилгыг хэрэгжүүлэхэд чиглэгдэж байгаа юм.

Харин манай амлалт хэрхэн хэрэгжиж байгаа вэ? Тогтвортой хөгжлийн хэрэгжилтийн тайлангаас харвал 2022 оны байдлаар Монгол Улс 163 орноос 109 дүгээрт жагсаж байгаа бөгөөд хэрэгжилт 63.5 хувь байна. Тогтвортой хөгжлийн 17 зорилгоос сургуулийн өмнөх боловсролд хамрагдах, суурь боловсрол эзэмших, бичиг үсэгт тайлагдах зэрэг шалгуур үзүүлэлтийг хангаж, Чанартай боловсролыг дэмжих зорилгодоо хүрсэн хэмээн үнэлэгджээ. Ядуурлыг устгах, Хөгжлийн төлөөх түншлэлийг бэхжүүлэхэд ахиц гаргасан бол Эдийн засгийн өсөлт, баталгаат ажлын байрыг бий болгох, Инновац болон дэд бүтцийг хөгжүүлэх, Тэгш бус байдлыг бууруулах, Жендэрийн эрх, тэгш байдлыг хангах зорилгуудыг хэрэгжүүлэхэд сорилтууд байсаар байгаа бөгөөд эдгээрийг даван туулах бодлогыг хэрэгжүүлэх шаардлага байгаа юм. Эдгээрээс бусад буюу Эрүүл мэндийг дэмжих, Баталгаат ундны ус, ариун цэврийн байгууламжаар хангах, Сэргээгдэх эрчим хүчийг нэвтрүүлэх, Хариуцлагатай хэрэглээг дэмжих, Уур амьсгалын өөрчлөлтийн үр  нөлөөг багасгах зэрэг 9 зорилгод хүрэхэд оновчтой, үр дүнтэй бодлого хэрэгжүүлэх асуудал тулгамдаж байна.

Өнгөрсөн жилүүдэд дэлхийн нийтэд нүүрлэсэн цар тахал, үүнээс үүдсэн эдийн засаг, нийгмийн хүндрэл, олон улсын харилцаан дахь геополитикийн нөхцөл байдлууд Тогтвортой хөгжлийн зорилгыг хэрэгжүүлэхэд багагүй бэрхшээл үүсгэсэн билээ. Энэ хүндрэл бэрхшээлийг даван туулахын тулд  Монгол Улсын Их Хурлаас ирэх 10 жилд хэрэгжүүлэх дунд хугацааны “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг 2021 оны 12 дугаар сард батлаад байна.

“Шинэ сэргэлтийн бодлого” нь Тогтвортой хөгжлийн зорилгыг хэрэгжүүлэхэд нэн тэргүүнд тулгамдаж байгаа эдийн засгийн өсөлтийг хангах, сэргээгдэх эрчим хүчийг нэвтрүүлэх, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөг багасгах, шударга ёсыг цогцлоох зорилгод хүрэх шалгуур үзүүлэлтүүдийг хангахад чиглэсэн байдаг. Жишээлбэл, Боомтын сэргэлт, Эрчим хүчний сэргэлт, Төрийн бүтээмжийн сэргэлтийн бодлогын хүрээнд Боомтуудын нэвтрүүлэх хүчин чадлыг дээшлүүлэх, ачаа тээврийн зангилаа төвийг бий болгох, эдийн засгийн чөлөөт бүс, боомтуудыг нэмж байгуулан худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэн усан болон хуримтлуурын станц барих болон цахим шилжилтийн арга хэмжээнүүд нь Тогтвортой хөгжлийн зорилгод багтсан эдийн засгийн өсөлт, баталгаат ажлын байрыг бий болгох, сэргээгдэх эрчим хүч нэвтрүүлэх, шударга ёс цогцлоох зэрэг асуудлуудыг шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай арга хэмжээнүүдийг тусгасан.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэвшүүлсэн “Тэрбум мод” хөдөлгөөн нь Ногоон хөгжлийн сэргэлтийн бодлогын хүрээнд хэрэгжиж, Тогтвортой хөгжлийн зорилгод заасан Хуурай газрын эко системийг хамгаалах зорилгыг хэрэгжүүлэх юм.

Ийнхүү манай улс урт болон дунд хугацааны бодлогын түвшинд Тогтвортой хөгжлийн зорилгыг хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийг тусгасан байдаг боловч тэдгээрийн хэрэгжилтийг хангахад төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулж, иргэний нийгмийн байгууллагууд, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, тэдэнд хангалттай мэдлэг олгох, чадавхжуулах шаардлага нэн тэргүүнд тулгамдаж байгаа билээ.

Тогтвортой хөгжлийн зорилгыг хэрэгжүүлэхэд Ази, Номхон далайн бүс нутгийн орнуудад тулгамдаж буй асуудлууд, энэ чиглэлээр бүс нутгийн хамтын ажиллагааны талаар Ази, Номхон далайн орнуудын удирдагчид, улс төрийн манлайлагчид Сөүл хотноо чуулж байна. Сайхан ирээдүйн төлөөх “Бан Ги Мүн” сан, Стэнфордын Их сургуулийн дэргэдэх “Волтер Шөрэнштайны Ази, Номхон далайн судалгааны төв”-тэй хамтран зохион байгуулж байгаа “Номхон далай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын арга хэмжээнд Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар оролцож, Монгол Улсын тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилт, тулгамдаж байгаа асуудлуудын талаар илтгэл тавьж, хэлэлцүүлсэн байна.

“Бан Ги Мүн” сан нь улс орнуудын удирдагчид, олон улсын байгууллага, иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилгыг сурталчлан таниулах, эрдэм шинжилгээ, судалгааг дэмжин бодлогын зөвлөмж гаргах, залуучууд, эмэгтэйчүүдийг чадавхжуулах үйл ажиллагааг  явуулдаг юм.

Стэнфордын Их сургуулийн дэргэдэх “Волтер Шөрэнштайны Ази, Номхон далайн судалгааны төв”-д Азийн болон Стэнфордын Их сургуулийн тэргүүлэх эрдэмтэн судлаачдын мэргэшсэн баг ажиллаж Ази, Номхон далайн бүс нутгийн геополитикийн нөхцөл байдал, дэлхий дахинд өрнөж буй үйл явдлууд бүс нутагт хэрхэн нөлөөлөх болон АНУ-Азийн харилцааны талаар судалж, бодлогын зөвлөмж боловсруулах, олон нийтийн хэлэлцүүлэг, хурал, уулзалт зохион байгуулах,  АНУ болон Азийн орнууд хоорондын харилцааг бэхжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг явуулдаг байна.

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл оруулна уу!!!
Нэр оруулах

Шинэ мэдээ
Их сэтгэгдэлтэй
Их уншсан
Ulaanbaatar
clear sky
-16.9 ° C
-16.9 °
-16.9 °
85 %
0kmh
0 %
Бям
-2 °
Нар
-12 °
Даваа
-13 °
Мяг
-7 °
Лха
-6 °
spot_img