Гэхдээ эрх баригчдын халаасанд орсон зарим хэвлэл мэдээллийн хэрэгслүүд “… эдийн засаг сэргэлээ, ядуурал буурлаа, удахгүй сайжирна…” гэцгээдэг ч чөлөөт нийгмийн нэг давуу тал болсон мэдээллийн чөлөөтэй урсгалыг хааж, тэдэнд итгэхээ байсан ард түмнийг хуурч арай л чадахгүй байна.
Тэд үнэхээр бодит байдал, булавч бултайсан статистикийн тоо баримтуудыг няцааж дийлэхгүй. Хотын захын хүнсний дэлгүүрүүдийн өрийн бүртгэл зузаарч, хүүхдийн мөнгөөрөө аргацаадаг өрх гэрүүдийн тоо улам ихэссэн.
Америкт л гэхэд манайх шиг хүүхдийн мөнгөний бодлоготой ч орлогын түвшнээс нь хамаарсан халамж хэлбэрээр олгодог төдийгүй иргэдийнхээ боловсрол, хувь хүний хөгжлийг давхар хамгаалан, хөгжүүлж, орхигдуулдаггүй аж. Харин хүн амыг хавтгайгаар нь ядууралд өртүүлэх нь дарангуйлагчдын засаглалд хүчтэй илэрдэг.
Ард түмэн эхлээд ядуурлын үр нөлөөг цочирдож хүлээж авдаг байсан бол одоо дасан зохицож эхэллээ. Үүний үр дагавар ноцтой аюулд дагуулна. Сэтгэлзүйчдийн үзэж байгаагаар дарамтад дассан хандлага нэг л өдөр ухаангүй үйлдэл хийхэд хүргэдэг. Учир нь ямар ч зүйл дээр логик дараалал алдагдахад эхлээд гажуудаж, дараа нь нуран унадаг.
Сонгуульд зориулсан улс төржилтөөр нийгмийг хөтлөвөл алсдаа бэлэн мөнгөнд амаа үдүүлдэг байсан ард түмэн үндэстний доройтол руу хэвийх магадлалтай. Ийм зорилгоор нийгмийн харанхуй хэсгээ алгуурхан, далдаас бойжуулаад байгаа ч юм шиг.