“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаарт Зарим Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай, Түр хорооны бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай Монгол Улсын Их Хурлын тогтоолуудыг нийтэлсэн.
Зарим Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолоор Улсын Их Хурлын гишүүн Ганибалын Амартүвшин, Төмөртогоогийн Энхтүвшин нарыг Улсын Их Хурлын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны, Монгол Улсын Их Хурлын гишүүн Бадмаанямбуугийн Бат-Эрдэнийг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны, Монгол Улсын Их Хурлын гишүүн Хаянгаагийн Болорчулууныг Эдийн засгийн байнгын хорооны, Монгол Улсын Их Хурлын гишүүн Чинбатын Ундрамыг Нийгмийн бодлогын байнгын хорооны, Монгол Улсын Их Хурлын гишүүн Баттогтохын Чойжилсүрэнг Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны бүрэлдэхүүнээс тус тус чөлөөлж, Улсын Их Хурлын гишүүн Ганибалын Амартүвшинг Улсын Их Хурлын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны, Монгол Улсын Их Хурлын гишүүн Чинбатын Ундрамыг Эдийн засгийн байнгын хорооны, Монгол Улсын Их Хурлын гишүүн Цагаанхүүгийн Идэрбатыг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүнээр тус тус баталжээ.
Түр хорооны бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай Улсын Их Хурлын тогтоолоор “Түр хороог байгуулж, бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай” Монгол Улсын Их Хурлын 2020 оны 31 дүгээр тогтоолын 1 дэх заалтад заасан Түр хорооны бүрэлдэхүүнийг шинэчлэн баталжээ. Үүнд: Түр хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн, Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Баттөмөр, Түр хорооны гишүүдэд Улсын Их Хурлын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Энх-Амгалан, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Саранчимэг, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Г.Мөнхцэцэг, Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Э.Батшугар, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга П.Анужин, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Мөнхбат, Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн, Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга Т.Энхтүвшин, Хууль зүйн байнгын хорооны дарга Л.Мөнхбаатар, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ц.Цэрэнпунцаг нар болон Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн төлөөлөл Б.Бейсен, Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь “Та бидний эвсэл”-ийн төлөөлөл С.Ганбаатар, Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь “Зөв хүн электорат эвсэл”-ийн төлөөлөл Т.Доржханд.
Мөн тус дугаарт Давж заалдах шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд томилох тухай, Шүүгчийн албан тушаалаас чөлөөлөх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигуудыг нийтэлсэн ажээ.
Давж заалдах шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд томилох тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Ягнайжавын Туулыг Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд томилж, тухайн албан тушаалд томилогдсонтой нь холбогдуулан Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалаас чөлөөлсөн байна.
Шүүгчийн албан тушаалаас чөлөөлөх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигуудаар хуульд заасан өндөр насны тэтгэвэрт гарах эрх үүсэж, өөрөө хүсэлтээ гаргасан Жалцангийн Цэнгэлийг Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалаас, Жамсранжавын Эрдэнэчимэгийг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалаас тус чөлөөлжээ.
Түүнчлэн эмхэтгэлийн тус дугаарт Аргачлал батлах тухай Монгол Улсын Засгийн газрын тогтоолын хавсралтаар “Нээлттэй өгөгдлийн төлбөр тооцох аргачлал”-ыг баталсан байна. Энэхүү аргачлалыг Засгийн газраас баталсан нээлттэй өгөгдлийн жагсаалтад ороогүй, эсхүл нээлттэй өгөгдлийг нийтлэхээс өмнө хүн, хуулийн этгээдийн хүсэлтээр нээлттэй өгөгдлийг боловсруулж өгөх төлбөрийг тооцоход баримтлах ажээ.