spot_img
ЭхлэлЯрилцлагаЧ.Чимэгбаатар: Өнөө үед хурцаар илэрч буй тэнэгрэл өвчин биднийг...

Ч.Чимэгбаатар: Өнөө үед хурцаар илэрч буй тэнэгрэл өвчин биднийг мөхөлд л хүргэнэ

Хэл бичгийн ухааны доктор Ч.Чимэгбаатартай ярилцлаа.


-Манайхны нийтлэг гаргадаг үйлдэл, дадал зуршил, характер бусад улс орныхноос өөр байна уу. Гар утсаа зай завгүй ухаж бусдын хувийн амьдралыг шүүж, цэцэрхэж өдрийг барж байгаа нь анзаарагдах юм?

-Монголчуудын араншин бусад улс үндэстнээс өөрийг бид мэднэ. Энэ өөр нь зогсонги чанар биш, дотоод болон гадаад орчин нөхцөлийн өөрчлөлт, хөгжил, харилцаа, бусад хүчин зүйлийн нөлөөгөөр аажмаар хувьсан өөрчлөгдөж, эдгээрийн зарим нь урьд өмнө бидэнд далд оршиж, илрээгүй байсан олон шинж нь ямар нэгэн хүчин зүйлээр өдөөгдөн илэрч байдаг хөдлөнгө үзэгдэл юм. Тийм өдөөлтийн нэг нь нүүр ном юм. Энэ бол түүхэн шинэ үзэгдэл, хэрэгсэл. Хүмүүсийн өдөр тутмын хэрэглээ нэгэнт болжээ. Үүнийг хэрхэн, ямар цаг хугацаанд хэрэглэх нь хүний хувийн явдал. Надад бол, нийгэм нүүр номтой хэрхэн харьцаж, хэрхэн хэрэглэж байгаа нь ажиглалтын бай юм. Би судлаач хүн учраас энэ хэрэгсэл буюу нүүр ном бидний далд ямар араншин, үндэстний сэтгэлгээний ямар шинжийг өдөөн илрүүлж байгаа нь тун ажиглууштай анзаарууштай санагддаг. Би бусад улс үндэстний нийгмийн харилцааны сүлжээг анзааран уншдаг. Би тэр бүр олон ялгааг дурдахгүй, нийтлэг гол зүйлийг л базаад хэлье. Хэрэглэгч харилцагчид нь хувийн явдал, мэдээллийг ил гаргаад байдаггүй. Манайхан шиг, гэрийнхнийхээ зургийг өдөр бүр тавиад л, хайртай шүү гэж нүүр номоор дамжуулж сэтгэлээ илчлээд л, хувийн нууцлууштай мэдээллийг тэр бүр ил гаргаад байдаггүй. Ингэхээр харилцааны зорилго агуулга тун тодорхой байдаг. Амин хувийн, бусдад хэрэггүй зүйлийг, жишээлбэл, манайхан шиг идэж байгаа хоолоо тавиад л “ингээд л сууж байна даа” гэж бусдад гайхуулах юм байхгүй. Энэхнээс олон зүйл анзаарагдана. Өөр бичих юм байхгүйдээ л манайхан ингэж байгаа хэрэг. Өөрийгөө хүчилж байгаа хэрэг. Ингэснээр тодорхой хүрээнд байр суурьтай болж байгаа, түүнийгээ бататгаж байна гэж итгэж байгаа хэрэг. Энэ нь манайхны мэдлэг боловсролын хэмжээ , нийгмийг ойлгох чадвар, юуг ойлгох ёстой, юуны төлөө зорих ёстой гээд олон зүйлийн толь тусгал болж, үүнийг илрүүлэх хэрэгсэл нь нийгмийн сүлжээ болж байна. Гадныхан хувийн нууцлалаас гадна нууцлал ч гэж дээ, тэд бусдад мэдүүлэх зүйл, мэдүүлэхгүй зүйлийн ялгаа заагийг сайн мэддэг учир бусдад тавьж байгаа зүйл нь зорилготой байдаг. Ингэхээр цаана нь юу үлдэхэв гэвэл ерөөсөө л “нийгэм ба би, дэлхий ба бид” гэсэн харьцаа харилцааны бүх зүйл үлдэнэ. Энэ бол үнэ цэнэт харилцаа. Манайхан энэ үнэ цэнэ гэдгийг огт мэдэхгүй, бусдад хэрэгтэй юм бичиж байна гээд л сургаал, цэцэн үг өдөржин хайж түүж сургамжлан бичээд байдаг. Гэтэл өөрөө бусдыг сургамжлах хүн мөн үү, өөрөө яагаад тэр үгийг мөрдлөг зарчим болгохгүй байна, өөрийнх нь мэдлэг чадвар, хүмүүжил боловсрол, шударга чанар гээд олон шинж үүнтэй нь зөрчилддөг. Сүүлдээ бүр элдэв балай үг зохиогоод л, доор нь Чингис хаан гээд биччихдэг, тэрийг нь манайхан мэдэхгүй шейрлэн хувилаад тараагаад байдаг. Маш олон зүйл эндээс харагддаг. Энэ тухай хойшхон дурдана аа. Энэ мэт ол он юмыг ажиглахаар манай нүүр номын ертөнц эрээвэр хураавар худал хуурмаг мэдээлэл, эцэсгүй хэрүүл тэмцэл, мэдэмхийрэл цэцэрхэл, элийрэл тэнэгрэлийн холион бантан том тогоо мэт л харагдана. Энэ том тогооны гол хачир нь, гэр бүл, найз нөхдийн аар сар явдал сонирхол, эрт өдгөөн шагнал магтаалаа яаж ийгээд сэдэлжүүлээд гаргаж тавьдаг зэрэг шинжийн зүйлс. Өчүүхэн бага хувь нь танин мэдэхүйн үнэ цэнэт мэдээлэл.

-Бид хэтэрхий завтай байна уу. Бусдын бичсэн нийтлэлийн дор цэцэрхэж өөрийнхөө мөн чанартай зөрчилддөг олон жишээ байх юм.

-Тийм ээ, хэтэрхий завтай байна. Яаж завгүй байх учраа олохгүй байна. Завгүй байх юмсан гэдэг хүсэл мөрөөдөл их байна. Харамсалтай нь, завгүй байлгах нөхцөлийг нь төр засаг бүрдүүлж өгч чадахгүй байна, өөрөө ч хичээхгүй байна. Манайх хүн-нийгэм, төр-нийгэм гэсэн харилцааны бүтэц, систем боловсронгуй болох ёстой өдий байна. Үүний учрыг нэг бүрчлэн дурдаад яахав. Манай ард түмний , амьдралд хандах уламжлалт сэтгэлгээний сөрөг шинжүүд нь өөрчлөгдөж чадахгүй байсаар өдий хүрлээ. Бид бүхний л мэддэг шинжүүд шүү дээ, залхуу, худалч, хариуцлагагүй, юу эс байхав, тэр бүгд. Энэ шинжүүдийг эртний уран зохиолд ч шүүмжилсэн л байд аг, Д.Равжаа В.Инжинаши болон бусад соён гэгээрүүлэгчид ч маш хурц шүүмжл эн бичсэн л байдаг. Тэдний үед манайх Манжийн дарлалд байсан учраас ард түмний харанхуй бүдүүлэг байдал, оюун ухааны дорой байдал, идэвхгүй байдал, эрдэмгүй гэгээрэлгүй байдал, аж төрлийн арчаагүй байдал, аймхай мохоо байдал гээд олон зүйлийг харж мэдрээд, ийм байж яаж энэ дарлалаас мултарна даа гэх бухимдал, цөхрөл, гашуудал, эмгэнэл нь сэтгэлийн гүнээс тийм хатуу үгээр илрэн гарсан байдаг. Тэр шүүмжлэлт байдал одоо ч хэвээрээ. Та нар нэг зүйлийг анхаараарай. Тэр үетэй харьцуулахад, дотоодод байтугай гадаадад их сургуульд сурсан, төгссөн нь толгой дараалан болжээ. Манай яам газрууд бүгд тийм ажилтнаар дүүрсэн. Гэтэл яагаад хөгжихгүй байна, яагаад ухамсар хүмүүжил сайжрахгүй байна. Ингэхээр ард түмнээ боловсролтой л болгочихвол бүх юм болчих юм байна гэх итгэл үнэмшил бас л гол зүйл биш болох нь амьдралаар батлагдлаа. Тэгвэл тэр орхигдсон, бидний мэдээгүй, мэдрээгүй тэр гол зүйл юу вэ? Би хэлж байгаа зүйлээрээ тэрийг дам танд хэлээд байгаа гэж бодож байна. Энэ учрыг ойлгоогүй олонх өөрийгөө гэгээрсэн мэт харагдуулахыг хүчлэн хичээх болсон нь маш эмгэнэлт үзэгдэл. Ингэх нь манайд нийгмийн түгээмэл шинжтэй болж байна. Олон жилийн маш буруу бодлого, нийгмийн туршлага ингэж илэрч байна. Өөрийнх нь ухамсар дорой атал бусдыг сургах утгын үг хийсвэрээр цээжлэх, тухайлбал нүүр номд бусдын бичсэн зурвасын доор шударгын туйл сэтгэгдэл бичих, ярих зэргээр өөрийнхөө мөн чанартай зөрчилдөх тэрсэлдэх, үүндээ итгэх, өөрийгөө “нийгэмд нөлөөлөгч” гэж бодох эмгэг хийрхэл түгээмэл боллоо.

– Бидэнд нийтлэг ажиглагддаг энэ хандлага нэг төрлийн эмгэг үү. Та юу гэж тодорхойлох вэ.

-Тийм ээ, эмгэг. Гарцаагүй. Хувь хүний эрүүл мэндэд удамшлын хүчин зүйлийг улам их ярих боллоо. Манайд ч тэр, эмнэлэгт үзүүлэхэд эмч нар удамд чинь үүгээр өвдсөн хүн бий юү, гэж асуух нь улам л түгээмэл болж байна. Улс үндэстэн ч үүнтэй яг адил. Улс үндэстний эрүүл мэнд, бүхий л сайн саар шинж нь удамшилтай буюу уламжлалтай нь холбоотой. Манай уламжлалд тун муу шинж бий шүү. За би цухас дурдъя. XIX зууны сүүл хагаст байх аа, манай нутгаар явсан гадаадынхан бусад улс үндэстэнд анзаарагддаггүй байдлыг мэджээ. Манай их олон хүнд дебил буюу тэнэгрэлийн шинж, асуусан юмыг ойлгодоггүй, хариулж чаддаггүй, мангаагаад хөшчихдөг, оюуны хомсдолын шинж илэрч байж. Тэгээд түүнийг монголизм гэж нэрлээд, олон улсад бүртгэгдээд хэвшчихсэн л дээ. БНМАУ-ын үед, тэр нэршлийг болиулах гэж, лав миний мэдэхээр 60-аад онд манай засгийн газар ДЭМБ-д хандаж л байсан. Би тэр тухай ном, 1908 онд билүү дээ, Европт гарсан номыг харж л байсан. Номын нэр нь Монголизм. Би боддог л юм, тэр өвчин гол нь цус ойртолтоос үүдэлтэй тэнэгрэл биз. Бусад дагалдах учир шалтгаан ч бий. Энэ шинж тэр үед үндэстний түгээмэл шинжийн хэмжээнд очсон нь тун ноцтой. Тэр түгээмэл шинж бүрмөсөн устаж үгүй болоогүй. Болохгүй. Далд хэлбэрт ороод тохиромжтой нөхцөлийг хүлээдэг. Яг л амьд биет мэт. Үндэстний шинжийн онол ч, анагаах ухаан ч үүнийг баталдаг. Хувь хүний бие организмд тодорхой нөхцөл бүрдэхэд удамшлын өвчин илрэн гардаг. Яг л үүнтэй адил. БНМАУ-ын үед явуулсан нийгэмч бодлогын үрээр тэр шинж бараг л устаж үгүй болсон. Гэвч тохиромжтой нөхцөл бүрдэнгүүт тэр шинж сэдрэн гарч ирсэн нь дурдаад байгаа, одоох, нийгмээрээ шизофренитэх шинж. Энэ удаа тэртээ цагийн номой дорой тэнэгрэлийн шинж яг эсрэгээр, мунхагийн түрэмгий шинж, өөрийгөө хүчлэн, мэдэгчийн дүрд, удирдагчийн дүрд орох зэрэг шинжид мутацилагдсан нь нийгмийн сүлжээгээр илэрч байна. Ийм байдлын үр хөврөл нь тэртээ цагт тэр гадаадын судлаачдын илрүүлж томьёолсон тэр монголизм гэх өвчин гарцаагүй мөн. Шизофрени өвчний “агуу ихийн тэнэгрэл” гэх хам шинж нь бидний өнөөгийн нийгмийг тодорхойлж байна.

-Тийм бол ийм эмгэг биднийг юунд хүргэх вэ?

-Нийгмийн энэ эмгэг биднийг үндэстний мөхөлд хүргэнэ. Биднийг цэрэг зэвсгээр эзлэх түрэмгийлэл ирэхгүй. Энэ эмгэгийг улам дэвэргэх аргаар л хэрэгжүүлчихнэ. Дэвэргэх аргыг янз бүрээр гоёж чимэглэсэн -изм, бусад үзлээр хачирлан хүчирлэн хэрэгжүүлнэ дээ. Үүнд нийгмийн сүлжээ гол хэрэгсэл нь болчихоод нийгэм нь тэр чигээрээ тийшээ ханаран орж буй нь аюул.

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл оруулна уу!!!
Нэр оруулах

Шинэ мэдээ
Их сэтгэгдэлтэй
Их уншсан
Ulaanbaatar
scattered clouds
8.2 ° C
8.2 °
8.2 °
45 %
2.6kmh
37 %
Лха
16 °
Пүр
11 °
Баасан
6 °
Бям
7 °
Нар
9 °
spot_img