Улсын хоёрдугаар төв эмнэлэг нь 44 дэх удаагийн эрдмийн чуулганаа “Оновчтой менежемент-Чанартай тусламж, үйлчилгээ” сэдвийн дор 2022 оны 10 дугаар сарын 29-ний өдөр амжилттай зохион байгууллаа.
Энэ удаагийн эрдмийн чуулган нь ЭМЯ-наас 2022 оныг “Эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар аюулгүй байдлыг сайжруулах жил” болгон зарласан ажлын хүрээнд зохион байгуулагдаж байгаагаар онцлогтой. Тухайлбал, эрдэм шинжилгээ, судалгааны ажлуудын үр дүнд дэвшилтэд технологи, инноваци нэвтрүүлсэн, тусламж, үйлчилгээний чанар аюулгүй байдал, эрүүл мэндийн салбарын тулгамдсан асуудлыг шийдвэрлэх талаарх бодлого, менежментийг тодорхойлсон, эмнэлзүйн ховор тохиолдлын оношилгоо, эмчилгээнд туршлага солилцох зэрэг онол практик хосолсон үр өгөөжтэй чуулган болсон юм.
“Эрдмийн чуулган- 44” эрдэм шинжилгээний хурлыг нээж УХТЭ-ийн Ерөнхий захирал АУ-ны доктор, дэд профессор Б.Эрдэнэбулган нээж үг хэлээд, хурлын зочин илтгэгчээр ЭМЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Б.Буянтогтох уригдан ирж мэндчилгээ дэвшүүлж, “Эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн бодлого ба гүйцэтгэлийн санхүүжилт” сэдвээр, УХТЭ-ийн Радиологийн тасгийн эрхлэгч, АУ-ны доктор М.Мөнгөнхуяг “Тархины хаван” сэдвээр хуралд оролцогч нарын мэдлэгийн хүрээг тэлсэн сонирхолтой боловсролын илтгэлийг танилцуулсан.
УХТЭ-ийн Ерөнхий захирал АУ-ны доктор, дэд профессор Б.Эрдэнэбулган хэлсэн үгэндээ “Дэлхий нийтээрээ цар тахалтай тэмцсэн хоёр жилийн хугацаанд олон зүйл хувьсан өөрчлөгдөж, шинэчлэгдсэний дотор анагаах ухааны салбарт давшингуй өөрчлөлт нилээдгүй гарлаа. Бид ч энэ хугацааг алдалгүй өөрсдийн мэдлэг, туршлагад суурилсан судалгааны ажил, эрэм шинжилгээний туршилтуудыг хийж үр дүнг нь хүртсэн давташгүй түүхийг өгүүлсэн цаг хугацааг даван тууллаа.
УХТЭ нь сүүлийн жилүүдэд бүхий л чиглэлдээ өргөжин тэлж үйл ажиллагаа эрчимжиж буй бөгөөд хүний нөөцийн хувьд ч мэдлэг чадвар өсөн нэмэгдэж байгааг харахад таатай байна. Үүний илэрхийлэл бол эрдмийн чуулганд оролцсон эмч нарын судалгаа, бүтээл, тохиолдлын чанар, цар хүрээ олон улсын түвшинд хүрч өрсөлдөх хэмжээний болсон байгаа нь манай эмнэлгийн бахархал гэж хэлмээр санагдаж байна” гэдгийг онцлон хэлээд бидний туршлагыг хамтран суралцахаар ирсэн хамтын ажиллагаатай орнуудын эрдэмтэд мөн зүүн бүсийн 5 аймаг, алслагдсан 3 дүүргийн эмнэлгийн удирдлагад талархаж байгаагаа илэрхийлэв.
Мөн БНСУ-ын Канбуг Самбунг эмнэлгийн Эрүүл мэндийн төвийн дарга, төслийн удирдагч Кан Жэ Хонь цахим мэндчилгээ дэвшүүлсэн бөгөөд тус эмнэлгээс 6 хүний бүрэлдэхүүнтэй зочид ирснээс 3 эрдэмтэн илтгэлээ тавьж хэлэлцүүлсэн.
Эрдэм шинжилгээний хуралд нийт 32 аман илтгэл, ханын 19 илтгэлийг хэлэлцүүлж, шилдэг илтгэлийг шалгарууллаа.
Тухайлбал,
-
Суурь судалгааны илтгэлийн ТЭРГҮҮН байранд Зүрх судас судлалын тасгийн эмч Л.Эрдэнэхүү нарын “Зүрхний цочмог шигдээсийн үеийн титэм судасны нарийслын зэргийг цээжний хэв шинжит өвдөлт, хэт мэдрэг тропонины, зүрхний цахилгаан бичлэгийн өөрчлөлттэй уялдуулан судалсан дүн”
-
Суурь судалгааны илтгэлийн ДЭД байранд Радиологийн тасгийн эмч Ц.Отгонтуяа нарын “Монгол хүний бөөрний дээд булчирхайн компьютерт томографийн шинжилгээний хэвийн хэмжээ”
-
Суурь судалгааны илтгэлийн ГУТГААР байранд Яаралтай тусламжийн тасгийн эрхлэгч Ж.Уламсайхан нарын “Яаралтай тусламжийн тасагт хоол боловсруулах замын цус алдах зовуурьтай ирсэн үйлчлүүлэгчдэд үзүүлсэн тусламж үйлчилгээ, зарцуулсан цагийн судалгаа”
-
Эмнэлзүйн тохиолдлын илтгэлийн ТЭРГҮҮН байранд Ерөнхий мэс заслын тасгийн эмч Н.Тайван нарын “Монгол улсад хийгдсэн анхны Дурангийн Уиппл мэс засал”
-
Эмнэлзүйн тохиолдлын илтгэлийн ДЭД байранд Ангиографийн тасгийн эрхлэгч В.Гантулга нарын “Баруун талын цээжний артерийн судасжилттай элэгний эсийн анхдагч хавдарт катетараар артерийн судас бөглөх эмчилгээг хийсэн тохиолдол”
-
Эмнэлзүйн тохиолдлын илтгэлийн ГУТГААР байранд Радиологийн тасгийн эрхлэгч М.Мөнгөнхуяг нарын “Differentiation of hemorrhagic metastasis from brain abscess using advanced MR imaging techniques: The first evaluation of the case series by 3T MRI in Mongolia “
-
Ханын илтгэлийн ТЭРГҮҮН байранд Гэмтэл, согог ортопедийн тасгийн эмч Ч.Очбаяр нарын “Дээд мөчний үйл ажиллагааны алдагдал бүхий шваннома хавдрын мэс засал эмчилгээний тохиолдол”
-
Ханын илтгэлийн ДЭД байранд Эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлэгийн тасгийн эмч Т.Баярхүү нарын “Цөсний хүүдий авах мэс заслыг цээжний спинал мэдээгүйжүүлгийн дор хийсэн тохиолдол” тус тус шалгарлаа.