spot_img
ЭхлэлАнгилаагүйҮнийн өсөлтөөр сайжирдаг эдийн засаг

Үнийн өсөлтөөр сайжирдаг эдийн засаг

Эрх баригчид сүүлийн үед татварын төлөвлөгөө байнга давсан тухай мэдээлж байна. Мөн телевизээр компаниуд бараа, үйлчилгээний үнээ 50-70 хувиар бууруулсан тухайгаа 24 цаг сурталчилна. Харин сөрөг хүчин болон сэтгүүлчид иргэдийн амьжиргаа өдөр ирэх тусам дордож байгааг баримтаар харуулна. Үнэн хэрэгтээ монголчууд зурагтаа асаахаар сайхан амьдраад, унтраахаар өлсдөг болоод цөөнгүй жилийг үдэж байна. Манай мөнгөний сайд тоонд үнэхээр сайн. Үнэхээр түүний хэлсэн тоог харвал монголчуудын ихэнх нь тэрбумтан биш гэхэд саятан болчих боломжтой их мөнгө эдийн засагт нэмэгдсэн. Харамсалтай нь мөнгөн сайд маань эдийн засагт мөнгө нэмэхээр талх хоёр дахин нэмэгддэг гэж ойлгодог бололтой юм. Инээдтэй нь бусад орны мөнгөн сайд нар татвар бүрдүүлэх, төрийн санхүүг өсгөх гэж өдөр шөнөгүй орондоо орох завгүй зүтгэнэ. Харин манай мөнгөн сайд Засгийн газрын бүх гишүүдийн нийлбэр цагаас илүү цагаар зурагтын өмнө тухлана. Өндөр хөгжилтэй орнуудад иргэд нь Ерөнхий сайд аа л сайн танина. Мөнгөний сайд байдаг эсэхийг ч бараг мэдэхгүй. Харин манайд Ерөнхий сайдыг таних иргэн мөнгөн сайдынхаас хэд дахин бага. Учир нь хүүхдийн мөнгө, тэтгэвэр тэтгэмж, цалин хөлс нэмэх хасахыг мөнгөн сайд зурагтын өмнө сууж байгаад л шийдээд байгаа мэт сэтгэгдэл төрнө. Нэгэнт бидний амьжиргааг шийддэг бурхан зурагтад байхад Ерөнхий нэрнээс цаашгүй жижиг гарын сайдад гаргах цаг, зав хэнд байхав дээ.

 Зарим иргэд мөнгөн бурханыг хүүхдэд аллергитэй гэж ярина. Учир нь тэрээр хүүхдийн мөнгийг танах талаар хамгийн их ухуулагч. Дээр нь асрамжийн газрын хүүхдийн хоолны мөнгийг хассан төсөв УИХ-д оруулж ирсэн. Харин мөнгөн бурхан НӨАТ-ын татварын сугалааг зогсоосноор төсөвт хэр их хохирол учирсаныг тооцож чадаагүй эсвэл түүний хүүхдээс хасах гээд байгаа хэмжээнээс хэд дахин өндөр учраас яам нь мэдээлээгүй гэсэн иргэдийн хар ч нэмэгдэж байна. Өмнө эь мөнгөн сайд маань хүүхдийн мөнгийг банканд хадгалах санаачлага гаргаж байсан. Эсвэл тал хувийг нь хадгалах тухай ч ярьсан.Энэ нь чононд мах хадгалуулахтай адил хэрэг болно. Хөгжлийн банк, Капитал банкы сүйрлийн түүх одоо ч дуусаагүй. Эдийн засагчийн ярьсанаар “Хүүхдийн мөнгөний 30 хувь хадгаламж үүсгэсэн. Мэдээж хүүтэй. Энэ нь эдийн засагт чамгүй нөлөө үзүүлнэ. Хүүхдийн ирээдүй ч баталгаатай. Харин сангийн сайд хадгалбал… За, за болъё. Нуруу руу хүйт оргиж байна” гэх.

 Үнэн хэрэгтээ мөнгөн бурханы хүүхдээс хасах мөнгө нь төсөвт төсөвт хэр нэмэр болох бол. Хэрэгтэй бол түүнээс ихийг олох өөр арга манайд хангалттай бий. Зөвхөн архи тамхины онцгой албан татварыг ялаан чинээ нэмчихэд л хэд дахин ихийг олно. Гэхдээ мэдээж дээрх салбарын лоббичид УИХ-д олонхи биш бол шүү дээ. Сүүлийн үед хотын захын дэлгүүр зарим уушийн газраар орж үзлээ. Дэлгүүрийн худалдагч нарын яриагаар  хүүхдийн мөнгө олгох цагаар архины борлуулалт өсдөг нь үнэн. Гэхдээ өр дарах болон хүнсний хэрэглээний дэргэд өчүүхэн хувийг эзэлдэг аж. Өдөрт зуу зуугаараа эрүүлжигдэж байгаа иргэд зөвхөн хүүхдийн мөнгөөрөө л архидаад суудаг гэвэл манай мөнгөн бурханаас өөр итгэх хүн энэ хорвоод байхгүй л болов уу.

 Харин хэдэн жилийн өмнө уушийн газрын нэг бармен “Хүүхдийн мөнгө буух нь манайд нэг их мэдрэгддэггүй. Тэтгэвэр буухаар л танхим маань дүүрнэ шүү дээ” гэж байсан. Ингэлээ гээд сайд маань тэтгэвэр хасна гэх вий дээ. Энэ талаар танил маань “Үгүй дээ. Тэтгэврийн хөгшчүүл гэдэг чинь чанга гарууд. Хүүхдүүд шиг сургууль, цэцэрлэгт хоригдоод суухгүй. Маргааш нь талбай дээр гараад л мөнгөн бурханыг хөнгөлж орхино” гэж байна.

 Тэгвэл мөнгөн бурханы яриад байгаа эдийн засгийн өсөлт гэдэг нь юу вэ гэсэн асуулт гарна. Хүүхдүүдээс “Та нар мөнгө авахгүй бол ээж, аав чинь жаргана” гэвэл бүх хүүхэд хоёр гараа өргөнө. Аав, ээжүүдээс “Та нар хүүхдийн мөнгөө юунд зарцуулдаг вэ” гэвэл 30 хувь нь “Банкинд хадгалдаг”, 50 хувь нь “Өрхийн амьжиргаандаа зарцуулдаг”, 19 хувь нь “100 хувь өөрийнх нь гар дээр тавьж, заруулалтыг хянана”, нэг хүрэхгүй хувь нь л “Хүүхдийн мөнгө буухаар ганц нэг юм тогшино тогшино. Гэхдээ юу гэж бүх мөнгөөр нь уухав дээ. Хүйтэн зүрхт байгаа биш” гэх болов уу. Ер нь манай эдийн засгийг хүүхдийн мөнгө  л сүйрүүлээд байгаа мэт сэтгэгдэл төрүүлэх ажиллагаа яваад байгаа мэт.

 Мөнгөн сайдын амнаас гарч байгаа тоогоор бол манай эдийн засаг чамгүй өсөөд байгаа харагдана. Тоо худлаа ярьдаггүй гэдэг. Мөнгөн тоо өсөөд байгаа нь үнэн ч иддэг талхны хэмжээ буураад байгааг ходоод батална. Эндээс ходоодондоо итгэх үү, тоонд итгэх үү гэсэн асуулт гарна.

 “Засгийн газар мөнгөний ханшийг унагах замаар иргэдээ дээрэмддэг” гэсэн үг байдаг. Та өчигдөр 500 төгрөгөөр авч байсан талхаа өнөөдөр 1000-аар авна. Танд гарз, Засгийн газарт олз. Учир нь таны цалин нэмэгдээгүй ч талхыг та хоёр дахин өндөр үнээр авлаа. Харин Засгийн газар нэг талхнаас хоёр талхны татвар авна. Нэг сумаар хоёр туулай буудлаа гэсэн үг. Инфляци гэдэг нь Засгийн газар бараа, үйлчилгээг нэмэхийн төлөө биш, хомсдуулах замаар их хэмжээний татвар авахыг хэлнэ. Ингэхээр мөнгөн бурханы зурагтаар яриад байгаа манай эдийн засгийн өсөлт гэдэг нь бараа, үйлчилгээний үний өсөлт болж таарна.

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл оруулна уу!!!
Нэр оруулах

Шинэ мэдээ
Их сэтгэгдэлтэй
Их уншсан
Ulaanbaatar
few clouds
6.1 ° C
6.1 °
6.1 °
9 %
8kmh
20 %
Даваа
8 °
Мяг
9 °
Лха
2 °
Пүр
12 °
Баасан
7 °
spot_img