spot_img
ЭхлэлГадаад мэдээУмард Солонгос өчигдөр баллистик пуужингууд харважээ

Умард Солонгос өчигдөр баллистик пуужингууд харважээ

Умард Солонгос өчигдөр дахин пуужин харвасан байна. Япон, Өмнөд Солонгосын албаныхны нотолж байгаагаар Пеньян наанадаж 3 пуужин харвасны 1 нь тив алгасагч баллистик пуужин байж болзошгүй байгаа юм.

Үүний улмаас Японы зүүн хойд эрэг дагуух орон нутгуудад радио, чанга яригч, гар утас зэрэг бүх төхөөрөмжид түгшүүрийн дохио дуугарч, загасчдыг эрэг рүү яаран буцах зааварчилга өгчээ.

Хиймэл дагуулаар дамжуулан орон нутаг руу гамшгийн үеийн мэдээлэл дамжуулдаг Жей-Алерт үндэсний сэрэмжлүүлэг системээ ашиглан Японы Засгийн газар аюулын дохиолол ажиллуулсан байна.

Пуужинг Японы Мияги, Ямагата, Ниигата мужуудын дээгүүр нисч болзошгүй талаар сэрэмжлүүлэг мэдээнд анхааруулаад байсан ч, дараа нь Японы Засгийн газраас мэдээлснээр пуужин нутаг дээгүүр нь гаралгүй Зүүн тэнгисийн дээгүүр нисч байхдаа радараас алга болжээ.

Өчигдөр өглөө 7:40 цаг орчим Умард Солонгосоос наад зах нь 3 пуужин Зүүн тэнгисийн чигт харвасан гэж Японы БХЯ-наас мэдээлсэн. Тэдгээрийн нэг нь 2000-аад км-ийн өндөрт гарч 750-аад км зайд, Японы эдийн засгийн хаалттай бүсийн гадна тусчээ.

Улмаар үүнийг тив алгасагч баллистик пуужин байх магадлалтай гэж үзэн мэдээллийг нарийвчлан шалгаж байгаа гэсэн байна. Японы Засгийн газрын албаныхан пуужингаас үүдэлтэй хохирол учирсан мэдээлэл ирээгүйг уламжилсан байна.

Өмнөд Солонгосын штабын дарга нарын нэгдсэн хороо мөн холын тусгалтай баллистик пуужин Пеньянаас холгүй Сунан орчмоос хөөргөсөн, анализ шинжилгээгээр пуужин дууны хурднаас 15 дахин илүү хурдтай ниссэн үзүүлэлт гарч байгаа юм байна.

Энэ пуужин Умардын “Хвасон-17” нэртэй тив алгасагч баллистик пуужингийн шинэ загвар боловч өндрөө авч чадаагүй байж мэдэх юм гэж Өмнөд Солонгосын ОНТ KBS мөн мэдээлсэн байна.

Умард Солонгос энэ оны 3 сард “Хвасон-17” пуужинг анх удаа амжилттай туршсанаа зарлаж байсан. 6000 гаруй км-ийн өндөрт хүрсэн уг пуужин өнөөдрийг хүртэлх Умардын хамгийн дэвшилтэт загварт тооцогдож байгаа юм.

Пеньян өмнө нь 20 гаруй буюу ганц өдрийн дотор урьд байгаагүй олон тооны пуужин харвасан. Мөн нэг пуужин Өмнөд Солонгосын нутаг дэвсгэрийн ойролцоо усанд туссан нь олон улсын анхаарлын төвд орсон.

Сүүлийн саруудад ийнхүү пуужин харвах давтамжаа эрс олшруулж бүс нутгийн түгшүүртэй байдлыг улам дэвэргэж байгаад Япон, Өмнөд Солонгосын зүгээс Пеньяныг эрс буруутгаж байна.

Цаашлаад тус улсыг 2017 оноос хойш анх удаа буюу 7 дахь удаагаа цөмийн туршилт хийхээр санаархаж байж болзошгүй гэдэг болгоомжлолыг нэмэгдүүлж байна.

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдений засаг захиргааны зүгээс ийм тохиолдолд “тооцоолж баршгүй нэмэлт зардал, хор уршиг учрах”-ыг анхааруулжээ.

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл оруулна уу!!!
Нэр оруулах

Шинэ мэдээ
Их сэтгэгдэлтэй
Их уншсан
Ulaanbaatar
clear sky
-16.9 ° C
-16.9 °
-16.9 °
85 %
1kmh
0 %
Бям
-2 °
Нар
-12 °
Даваа
-12 °
Мяг
-8 °
Лха
-6 °
spot_img