Орон сууцны ипотекийн зээлийн хөтөлбөрийн хүрээнд Монголбанк, Засгийн газар болон банкуудын эх үүсвэрээр нийт 6.6 их наяд төгрөгийн зээлийг 109.8 мянган өрхөд олгоод байна.
Цар тахлын тухай хууль, Төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах 2022 оны үндсэн чиглэл, “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”, Сангийн сайд Монголбанкны Ерөнхийлөгчийн хамтарсан тушаалаар батлагдсан төлөвлөгөөний дагуу Монголбанкнаас ипотекийн хөтөлбөрийг 2023 онд багтаан Засгийн газарт шат дараатай шилжүүлэх бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.
Дээрх төлөвлөгөөний дагуу тус хугацаанд нийт 2.0 их наяд төгрөгийн хөтөлбөрийн зээл олгох төлөвлөгөөтэй байгаагаас одоогийн байдлаар 1.5 их наяд төгрөгийн хөтөлбөрийн зээлийг 19.4 мянган өрхөд олгоод байна.
Харин энэ оны эхний 9 сард нийт 494.8 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй хүүтэй ипотекийн зээлийг 5.9 мянган өрхөд Монголбанк болон банкуудын эх үүсвэрээр олгоод байна. Мөн энэ оны 10 дугаар сард 56.25 тэрбум төгрөгийн хөтөлбөрийн зээлийг олгохоор ажиллаж байна.
Цар тахлын хуулийн дагуу хөтөлбөрийн зээлийн эргэн төлөлтийг хүү хуримтлуулж тооцохгүй нөхцөлөөр 2020 оны 4 дүгээр сараас 2022 оныг дуустал 5 удаа хойшлуулсан.
Хөтөлбөрийн хүрээнд олгогдож буй зээлд тавигдах шаардлага, шалгуур өөрчлөлт ороогүй буюу “Орон сууцны ипотекийн санхүүжилтийн журам” болон “Ипотекийн зээлийн үйл ажиллагааны журам”-ын дагуу хэвийн хэрэгжиж байна.