Өнгөрөгч 7 хоногт ирэх оны төсвийн 2 дахь хэлэлцүүлгийг хийж дууслаа. Ирэх оны төсөв ёстой л урд хормойгоороо хойд хормойгоо нөхөв гэдэг шиг л болж байна. Өмнөх жилүүдэд эхлүүлсэн төсөл арга хэмжээнүүдээ дуусгах тухай л бодохоос биш шинэ хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын тухайд бодох ч юм биш.
Ядаж байхад улсын өр 33 тэрбум ам доллар давж, ноён долларын ханш өдрөөс өдөрт тэнгэрт хадсаар. Энэ хэцүү үед итгэл найдвар гагцхүү уул уурхайн экспортын бүтээгдэхүүн болох нүүрс, зэс, төмрийн хүдэр, жоншны экспорт дээр л тогтож байгаа. Тиймээс ирэх онд 36,5 сая тн нүүрс экспортлох том зорилт тавьсан. Нэг тонн нүүрсийг 110.8 ам доллар байхаар тооцоож байгаа. Гэхдээ төдий хэмжээний нүүрс өдий хэмжээний үнээр зарж чадах эсэх нь нүүрсний гол хэрэглэгч БНХАУ-ын цар тахлын хоригтой холбоотойгоор цаашид хил нээлттэй байх эсэхээс шууд хамаарна.
Гэтэл дайран дээр давс гэгчээр өөрсдөө бид экспортдоо тээг садаа болж ирсэн тэнэг үйлдэл олон хийсэн. Авах тал нь үгүй гээгүй байхад дулааны аргаар боловсруулсан махаа өөрсдөө хэл ам хийж, экспортоо зогсоож махны экспортоо таг гацаасан гашуун сургамж бий.
Одоо мөн л нүүрсний экспортдоо хориг тавиад эхэлж. Дээрээ УИХ, Засгийн газар нь нүүрсний экспортоо нэмэгдүүлнэ, хөрөнгө оруулалтыг дэмжинэ, хөрөнгө оруулагчдаа тонон дээрэмддэг байдлыг таслан зогсооно гэх зэрэг ухааны юм ярьсаар байгаа ч дунд доод шатанд нь тэр бүхнийг хоосон уриа болгон замхруулагчид хаа сайгүй.
Хэдхэн хоногийн өмнө ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар гадаадын хөрөнгө оруулагчдыг хохироосон талаар ЦЕГ-аас 50, АТГ-аас 5 хэргийн мэдээлэл ирүүлсэн тухай мэдэгдсэн. Энэ мэдэгдлийнхээ үеэр “Дорноговь аймгийн Замын-Үүд сумаас нүүрс тээвэрлэдэг Сауд Гэйт компани 2017 онд УБТЗ-ын эзэмшил газрыг түрээсийн гэрээ байгуулж ажиллаж ирсэн. Гэтэл УБТЗ үндэслэлгүйгээр газрын түрээсийг огцом нэмж үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй нөхцөл байдлыг бий болгосон” асуудлыг цохон дурдаж энэ мэтээр хөрөнгө оруулагчдыг тонон дээрэмдэж буй ноцтой хэрэг зөрчилд хэрэг бүртгэлтийн хэрэг нээлгэхээр ажиллаж байгаагаа дуулгасан юм.
Уг нь уг авто тээврийн терминалыг УБТЗ санаанд оромгүйгээр түрээсийн үнээ өсгөж гацаанд оруулаагүй бол тус талбайгаар дамжин Монголын 10 гаруй ААН сар бүр 10 сая ам долларын нүүрс БНХАУ-д экспортлох боломж алдагдахгүй байв.
БАРИМТ №1 : Хамгийн сонирхолтой нь УБТЗ ХНН-ээс Гаалийн ерөнхий газарт хандан “Сауд гэйт” ХХК-ийн ашиглаж байгаа уг талбайг өөрийн мэдэлд авсантай холбогдуулан гаалийн хяналтын бүс болгож өгнө үү” гэсэн хүсэлтийг гаргасан ч тус газар нэгэнт хөрөнгө оруулагч талтай хууль ёсны гэрээ байгуулан хамтарч ажиллаж байгаа тул өөр хэн нэгний хүсэлтээр гаалийн хяналтын талбайг шилжүүлэх боломжгүй гэдгээ мэдэгджээ. Мөн хэрэв шинээр гаалийн хяналтын бүсээр зарлуулах хүсэлтэй байгаа бол журамд заасны дагуу өөрийн хөрөнгөөр талбайг тохижуулсан, хашаа барьсан, камержуулсан талаарх холбогдох баримтаа ирүүлж дахин хандах шаардлагатай гэсэн хариуг тэдэнд өгсөн байна.
БАРИМТ № 2 : Сауд гэйт ХХК-ийн ашиглаж байгаа талбайд хадгалагдаж байгаа нүүрсийг 10-р сарын 10-наас эхлэн тонн тутамд нь 500 төгрөгөөр тооцон түрээсийн үнэ авахаар УБТЗ шийдвэрлэжээ. Гэтэл энэ нь бодит байдал дээр хэрэгжих ямар ч боломжгүй болжээ. Тухайлбал тус терминалаас 20,000 тонн ачааг гаргах болоход зөвхөн 16 хоногийн хөлс нь 140 сая төгрөг болсон байна. Хил гаалийн асуудлаас шалтгаалан ачаа тээвэрлүүлэгч компаниуд хэд хоног хадгалуулах нь тодорхойгүй. Тиймээс ийм нөхцөлийг хүлээн зөвшөөрөх ямар ч боломжгүй гэдгээ тэд илэрхийлсэн байна
БАРИМТ № 3 : Хөрөнгө оруулсан, хууль журмын дагуу гэрээ байгуулан түрээсэлж байсан талбайгаа УБТЗ-д дээрэмдүүлсэн Сауд гэйт ХХК талбайн түрээсийн гэрээг дахин сунгуулах талаар шүүхэд нэхэмжлэл гаргаад байна. Тэгэхээр шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацаанд Сауд гэйт ХХК талбайгаа чөлөөлөхгүй. Хуулиар хамгаалагдсан ийм эрх тэдэнд бий. Тус талбайг хүч түрэн булааж авах эрх УБТЗ-д байхгүй.
Энэ бүхнээс дүгнэн үзэхэд УБТЗ-ын хөрөнгө оруулагчдыг хөөж туусан увайгүй үйлдлээс шалтгаалан Монгол улс зөвхөн энэ терминалаар дамжуулан сар бүр 10 сая ам долларын нүүрс экспортлох боломжоо алдсаар л байна. Шүүхийн маргаан дор хаяж жил гаруй хугацаанд үргэлжилж таарна. Ялагч нь мөддөө тодрохгүй эл маргаанаас үүдэн хөрөнгө оруулагч хувийн хэвшил, тэдэнтэй хамтарч ажилладаг үндэсний компаниуд, эцсийн бүлэгт Монгол улс хохирогч болж байна.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Экспортыг нэмэгдүүлэхэд төр, хувийн хэвшил, гадаадын хөрөнгө оруулалтын нэгдмэл байдал чухал” гэж саяхан мэдэгдсэн. Гэтэл дээрээ байгаа төрийн бодлогыг уландаа дэвсэлж, доороо байгаа хөрөнгө оруулагчийг дээрэмдэн тонож төмөр замынхан тэвх тавьж, төсвийн орлого тасалдахад гол дүрд тоглосоор байна.
Төгрөг үнэгүйдэж, доллар галзуурч, эдийн засаг “сэхээний тасаг”-т амь гол нь тасрах шахам тарчилж байхад тэд тийм л хувь нэмэр оруулж байна.