spot_img
ЭхлэлАнгилаагүйИХ ХОТЫН ЧИМЭЭ: Би танд давхрааны амлалт өгье

ИХ ХОТЫН ЧИМЭЭ: Би танд давхрааны амлалт өгье

Энэ намрын хамгийн дулаахан сүүлчийн долоо хоног гэж сонслоо. Амралтын өдрүүдээр алжаалаа тайлж, агаар салхинд гарч, амарч зугаалж амжихыг бодоорой. Бидний хүүхэд насны амралт уул руу гарч чаргаар гулгаад, гол руу очиж тэшүүр хөлөглөөд, мөнгө олдвол котокддог. Хааяа сургуулийнхаа зааланд сэмхэн тоглочихдог байж билээ. Харин одооны хүүхдүүд компьютер тоглоом, гар утаснаас салахаа байж дээ.

Өчигдөр өглөө хүүгээ сургуульд нь хүргэж өгөхөөр алхахад нэг л зэврүүн цас орох гээд ч байгаа юм шиг бүүдийж байсан бол үдээс хойш нь нар хөөрөн, дагаад сэтгэл ч цэлмэх шиг болов. Ингээд хотын төвөөр жаахан сониучирхан алхлаа. Хар баасан гариг гээд хаа сайгүй хямдрал зарлаж. Говийн ноолууран эдлэл хямдарсан гэхээр нь очиж сонирхлоо. Загвар сайтай аятайхан бараанууд нь шилэгдээд дуусчихаж. Тиймээс жаахан үзэж байгаад буцаад гарав. Төв талбай хавиар хүмүүсийн хөдөлгөөн сийрэг, зам ч урсгал жигд түгжрэлгүй өдөр байлаа. Ингээд төв талбайгаас Хүүхдийн паркыг зорилоо. Хэдэн хүн паркын газрыг шуналтнуудаас салгана гээд уриа лоозон барьж жагсжээ. Хэрэгт дурлаад очиж хэдэн асуулт тавив.

-Паркийн газрыг нийтийн эзэмшлийн талбай болгочихвол та юу хийх вэ?

-Мод тарьж зүлэгжүүлээд, хүүхдүүдтэйгээ амарч зугаалах ногоон орчныг бүрдүүлэх хүсэлтэй хотын мянга мянган иргэн байна. Хотод хүүхдүүдтэйгээ тухтай суучих газар үнэндээ алга. Энэ газрыг л тийм болгомоор байна.

-Хэрэв энэ газарт ямар нэгэн барилга барьчихвал яах вэ?

-Тэгвэл ёстой тэмцлийн хурц хэлбэрт шилжинэ. Ямар нэгэн аргаар бариулахгүйн төлөө үзнэ дээ гэв.

Тэрбээр дотроо нэг зүйлийг бодож буй бололтой бодолхийлэн үлдэв. Би ч хүүхдээ сургуулиас авах цаг болсон учир сургуулийн зүг эргэн алхав. Сургуулийн үүдэнд очоод удаагүй хүүгийн анги тарж гарч ирлээ.

-За миний хүүгээр сонин юу байна?

-Надаар нам тайван даа. Хичээл л хийлээ. Ө үсгээ давтлаа. Та харин юу хийв. Сонин юм танд л байдаг даа.

-Ээж нь хотын төвөөр явж байгаад ирлээ. Чи пирошки авч идсэн үү?

-Идсэн. Тэгсэн нэг танихгүй том ах “Ах нь ганц хазъя” гээд

-Хазуулсан уу?

-Хазуулсан.

-Үлдсэн мөнгөөрөө үзэмний шүүс авч уусан уу?

-Үгүй ээ.

-Яагаад?

-Нэг эгч гуйхаар нь өгчихсөн.

-Яагаад?

-Яах вэ дээ. Өлссөн юм байлгүй хөөрхий. Өрөвдөөд өгчихсөн.

-Тэгээд чи пирошкиндоо цадсан уу?

-Цадаагүй. Та дахиад мөнгө өгвөл нэгийг аваад ирэх үү?

-Одоо яах юм харья хоёулаа. Би дахиж чамд мөнгө өгч явуулахгүй ээ.

-Яагаад?

-Чи өөр хүнд өгчихдөг юм байна шүү дээ.

-Өгөөгүй ээ танд худлаа ярьсан юм. Ямар ч ах миний пирошкиг хазаагүй. Би цадсан.

-Худлаа яриад л.

-Худлаа яриагүй ээ. Би танд давхрааны амлалт өгье.

-Тийм амлалт байдаг юм уу?

-Том давхраатай, сормуус хөмсөгтэй хүүхдүүдийн өгдөг амлалт байхгүй юу. Надад ч бүгд л байна. Эсвэл та хөмсөг сормуусны амлалт авах уу?

-За тэр дэмий юм шиг байна. Дараа нь хоёулаа ярилцаж байж шийдье гэсээр бид хоёрын яриа дуусч гэр рүүгээ орсон юм даа. Одооны зургаан настуудын амлалт хүртэл өөр болжээ.

Их хотын иргэнээс

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл оруулна уу!!!
Нэр оруулах

Шинэ мэдээ
Их сэтгэгдэлтэй
Их уншсан
Ulaanbaatar
few clouds
2.1 ° C
2.1 °
2.1 °
21 %
7kmh
20 %
Даваа
8 °
Мяг
9 °
Лха
2 °
Пүр
12 °
Баасан
7 °
spot_img