Хятадын Коммунист намын 20 дугаар их хурал дээр Ши Жиньпин улс орныхоо хөгжлийн өсөлтийг хангах шинжлэх ухаан, инновацийн талаарх үзэл баримтлалыг тодорхойлов.
Ням гаригт Бээжинд болж өндөрлөсөн Хятадын Коммунист намын 20-р их хурал Хятад улсын хүсэл зорилго, итгэл найдварын гол цөм нь шинжлэх ухаан, технологи гэж үзэв.
Дарга Ши Жиньпин таван жил тутамд болдог хурлын нээлтийн үг хэлэхдээ, тус улс шинжлэх ухаан, технологийг үйлдвэрлэлийн үндсэн хүч, авъяас чадварыг үндсэн нөөц баялаг болгон, инновацийг өсөлтийн гол хөдөлгөгч хүч гэж үзэх ёстой гэв.
Ням гаригт тэрээр 40 жилийн өмнө тогтсон хурлын дүрмийг зөрчиж, намын ерөнхий нарийн бичгийн даргаар гурав дахь удаагаа ахин сонгогдож, намын удирдах бүрэлдэхүүнд томоохон өөрчлөлт хийв. Улс төрийн товчоо гэж нэрлэгддэг шийдвэр гаргах байгууллага нь шинжлэх ухаан, технологийн чиглэлээр мэргэшсэн, туршлагатай хэд хэдэн гишүүнтэй болсон байна. Өмнөх Улс төрийн товчоонд байсан нэг гишүүнтэй харьцуулахад одоо 25 гишүүний 6 нь шинжлэх ухааны салбарт ажиллаж байсан хүмүүс болсон байна.
Nature сэтгүүлийн шинжлэх ухааны бодлого судлаачид Ши Жиньпингийн нээж хэлсэн үгийг намынхаа 2027 он болон түүнээс цаашхи мөрийн хөтөлбөрийг тодорхойлсон мэдээллийн товчилсон хувилбар гэж үзсэн байна.
Шинжлэх ухааны санхүүжилт
Судлаачдийн үзэж байгаагаар Хятадын шинжлэх ухаанд оруулсан гайхалтай их хөрөнгө оруулалт цаашид ч үргэлжлэх төлөвтэй байна. 2021 онд Хятад улс нь судалгаа, хөгжлийн ажлын (R&D) эрчимтэй хөгжлийн гол хэмжүүр болох судалгаа, хөгжлийн ажилд 2.8 их наяд юанийн (386 тэрбум америк доллар) санхүүжилтыг зарцуулсан нь дотоодын нийт бүтээгдэхүүний (ДНБ) 2.4 хувь болжээ. Тус улсын хамгийн сүүлийн таван жилийн төлөвлөгөөнд 2020 оноос 2025 он хүртэл жил бүр санхүүжилтыг долоон хувиас дээш өсгөх зорилт тавьжээ. Хэрэв энэ нь 2035 он хүртэл энэ эрчээрээ үргэлжилбэл Хятадын судалгаа, боловсруулалтын санхүүжилт Эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын орнуудын (OECD) дундажтай тэнцэж, 2.7%-д хүрэх магадлалтай гэж Австралийн Сиднейн Технологийн Их Сургуульд Хятадын инновацийн чиглэлээр судалгаа хийдэг Марина Жан хэлсэн байна. Гэсэн хэдий ч энэ онд Хятадын ДНБ-ий өсөлт зорилтот түвшинд хүрэхгүй байгаа нь бизнес эрхлэгчдэд судалгаа, боловсруулалтын ажилд хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэхэд хэцүү байх болно гэж тэр нэмж хэлэв.
Японы Хирошимагийн их сургуулийн дээд боловсролыг судлаач Футао Хуан эдийн засгийн нөхцөл байдлаас үл хамааран Хятад улс судалгаа, хөгжлийн хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлнэ гэдэгт бага зэрэг эргэлзэж байна гэсэн байна. Шинжлэх ухаан, технологийн ач холбогдолыг их хурлын тайлан илтгэлд энэ нэр томъёо хир зэрэг олон удаа дурьдагдаж байгаагаас харж болохоор байна. Тухайлбал – 2017 оны их хурлын илтгэлд 17 удаа, 2012 онд 16 удаа, 2007 онд 15 удаа дурьдагдаж байсантай харьцуулж үзэхэд энэ жилийн их хурлын илтгэлд 44 удаа дурьдагдсан байна гэсэн дүн шинжилгээг Нью-Йорк хот дахь Азийн нийгэмлэгийн бодлогын хүрээлэнгийн Хятад судлалын төвийг тэргүүлдэг Жин Цянь хийжээ.
Цянь-ийн хийсэн дүн шинжилгээнээс харахад шинжлэх ухааны чиглэлээр мэргэшсэн, ажлын туршлагатай, цол зэрэгтэй 42 орчим албан тушаалтан намын дээд удирдлага болох Улс төрийн товчоог бүрдүүлдэг улс төрийн дээд байгууллага болох Төв Хороонд сонгогдсон байна. Эдгээр гишүүд ерөнхийдөө шинжлэх ухаантай холбоотой яамд, судалгааг санхүүжүүлэх агентлаг зэрэг төрийн байгууллагуудын тэргүүнээр ажиллана.
Хагас дамжуулагч ба бие даах чадвар
Энэ сарын эхээр АНУ хагас дамжуулагчийн дэвшилтэт технологи, үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, ноу-хауг Хятад улсад экспортлох асуудалд шинээр хязгаарлалт тогтоов. Энэхүү хяналт, хязгаарлалт нь Хятад улс инновацийн эдийн засгаа хөгжүүлэхээр найдаж байсан худалдаанд АНУ-аас тавьсан хязгаарлалтуудын хамгийн отгон нь болж байна. Шинжлэх ухаан, технологийн салбарт бие даах чадвар чухал болохыг Ши Жиньпиний хэлсэн үг, судлаачдын үзэж байгаагаас хараад энэхүү тэргүүлэх чиглэл нь хагас дамжуулагч үйлдвэрлэл, дижитал эдийн засаг, квант тооцоолол, биоанагаах ухаан зэрэг стратегийн чухал салбаруудад хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд чиглэнэ гэсэн үг болж байна. Хойд Каролинагийн Дархам дахь Дьюкийн их сургуульд Хятадын шинжлэх ухаан, инновацийн чиглэлээр судалгаа хийдэг Денис Саймон “Хэрэв та үүнийг худалдаж авах боломжгүй бол түүнийг хийх л хэрэгтэй” гэж хэлэв.
Харин Хятад улс одоо хөрөнгө санхүүгээ хэрхэн хуваарилж байгааг судлаачид ажиглаж байна. Жан хэлэхдээ, илүү их хөрөнгө мөнгийг суурь судалгаанд зарцуулах шаардлагатай байгаа бөгөөд өнөөг хүртэл засгийн газраас гаргаж байгаа хөрөнгө оруулалттай адилхан хэмжээгээр компаниуд хөрөнгө гаргах шаардлагатай байна.
Энэхүү тайланд R&D-ийн хөрөнгө оруулалт нь бизнесийн салбарт гол үүрэг гүйцэтгэж байгаа нь урам зориг оруулж байна гэж Жан хэлэв. “Инноваци нь олон талт болон бие даасан байдлыг шаарддаг бөгөөд инноваци нь бүтэлгүй болох тохиолдолыг бас тэвчиж тэсэж гарах хэрэгтэй” гэж тэр хэлэв. Харин Цянь хэлэхдээ, төв засгийн газар зах зээлийн динамик байдалд улам бүр хөндлөнгөөс оролцож байгаа бөгөөд энэ нь үргэлжлэх төлөвтэй байна гэв. Ийм нөхцөлд хөрөнгө мөнгөний дийлэнх хэсэг нь төрийн өмчит аж ахуйн нэгжүүд, тэргүүлэх технологийн пүүсүүд, шилдэг их дээд сургуулиудын судлаачид руу урсаж, багахан хэсэг нь жижиг компани, жирийн их дээд сургуулиудын судлаачид руу ирэх байх гэжээ. Цянь Хятадын шинжлэх ухааны нийгэмлэг нь эрдэм шинжилгээний эрх чөлөөнд сөргөөр нөлөөлж байгаа бодлогын улмаас судалгааны орчны талаар тийм ч өөдрөг үзэлтэй биш бололтой гэв. Түүнчлэн Хятад улс сансрын шинжлэх ухаан , батлан хамгаалах, уур амьсгалын өөрчлөлт, цэвэр эрчим хүч, хөдөө аж ахуй зэрэг салбарын судалгааг нэн тэргүүнд тавих төлөвтэй байна гэж Цянь хэлэв.
Авьяас чадварыг удирдах асуудал
Ши Жиньпин хэлсэн үгэндээ Хятад улс аль хэдийн “дэлхийн хамгийн том судалгаа, хөгжүүлэлтийн боловсон хүчинтэй” болсон гэж тэмдэглэв. Тэр мөн инновацийг нэмэгдүүлэхийн тулд тус улсын чадварлаг боловсон хүчинд хөрөнгө оруулалт хийх болно гэв. Вашингтон ДС хотын Жоржтауны их сургуулийн Аюулгүй байдал, шинээр гарч ирж буй технологийн төвд Хятадын шинжлэх ухаан, технологийн чиглэлээр судалгаа хийдэг Жейкоб Фельдгойз нь Хятад улс судлаачдаа хиймэл оюун ухаан зэрэг зарим судалгааны чиглэлээр сургах талаар асар их хүчин чармайлт гаргаж байгаа хэдий ч “чанарын хувьд цоорхой байсаар байна” гэдгийг судалгаа харуулж байна гэв. Жишээлбэл, Хятадын судлаачид АНУ-ын судлаачдаас хиймэл оюун ухааны талаар илүү олон өгүүлэл хэвлүүлдэг ч АНУ-ын судлаачдын өгүүллүүд хоёр дахин их хэмжээгээр ишлэгдэж байна.
Ажиллах хүчээ нэмэгдүүлэхийн тулд Хятад улс гадаадын судлаачдыг авчирах, гадаадад ажиллаж буй Хятад эрдэмтдийг татахын зэрэгцээ дотоодын эрдэмтдийг сургах боломжтой гэж судлаачид үзэж байна. Гэхдээ гадаадын авьяастай эрдэмтэдийг ажилд авах нь эмзэг сэдэв тул дотоодын хүчин чармайлтыг тэргүүн эгнээнд тавьж, гадаадын судлаачдыг ажилд авах ажлыг чимээгүйхэн, сүр дуулиангүйгээр хийх байх гэж Саймон хэлэв. Сүүлийн жилүүдэд АНУ-ын эрдэмтэд Хятадын авъяаслаг боловсон хүчнийг сургах хөтөлбөрүүдтэй санхүүгийн хувьд холбоотой гэдгээ зарлаж мэдэгдээгүйн улмаас шүүмжлэлд өртөх болов.
Зарим шинжээчид АНУ, БНХАУ-ын хоорондын улс төрийн хурцадмал байдал шинжлэх ухаанд ч орж ирсэн гэж үзэж байна. Сүүлийн хэдэн жилд цөөхөн судлаачид АНУ-Хятадын давхар хамааралтайг өгүүлэлдээ мэдэгдсэн хоёр улсын эрдэмтдийн хамтран бичсэн өгүүллийн тоо буурсан байна. Богино болон дунд хугацаанд АНУ, Хятадын судлаачид үргэлжлүүлэн ажиллах байх, гэхдээ 1990-ээд оноос 2010-аад оны дунд үе хүртэл “хоёр талын хамтын ажиллагааны оргил үед” хүрсэн түвшинд хүрэхгүй гэж Саймон хэлэв. Хятад улс эх орныхоо авьяас чадвартай хүмүүсийг сургахад илүү их анхаарал хандуулж байгаа нь илүү их дарамт ирж болзошгүй гэдгийг судалгааны үр дүн харуулж байна гэж тэр нэмж хэлэв. “Хятад инновацийн үзүүлэлтээ сайжруулах нь зүгээр ч нэг хүсэл биш харин энэ нь одоо улс орны зайлшгүй шаардлага болж байна” гэв.
Гэсэн хэдий ч Хятад улс “бусад улс оронтой шинжлэх ухаан, технологийн солилцоо, хамтын ажиллагаагаа өргөжүүлэхийг зорьж байна” гэж их хурлын тайланд дурджээ. Энэ нь Хятад улс Европ, Австрали, Канад зэрэг бусад бүс нутгуудад анхаарлаа хандуулж хамтран ажиллахын тулд АНУ-тай хамтран ажиллахаас татгалзаж, дэлхийн хэмжээний дэд бүтцийн төлөвлөгөө болох “Бүс ба Зам” санаачилгад хамрагдаж буй улс орнуудтай шинжлэх ухааны харилцаагаа өргөжүүлэхэд хүргэх болно гэж Саймон хэлэв.
Тэг COVID
Хятадын судлаачид тус улсын COVID-ийг тэглэх хатуу бодлогын дагуу аялал жуулчлалын хязгаарлалт нь гадаадад байгаа үе тэнгийнхэнтэйгээ харилцаа холбоогоо хөгжүүлэх, хадгалахад хүндрэл учруулсан гэж үзэж байна. Нислэгийн боломж хязгаарлагдмал, тасалбарын өндөр үнэ, өргөн цар хүрээтэй хорио цээрийн дэглэм нь гадаадад зорчих эсвэл гадаадын эрдэмтэд Хятад руу орох бараг боломжгүй гэсэн үг гэж Хятадын Ноттингем Нинбо их сургуулийн шинжлэх ухааны бодлого судлаач, гадаадын мэргэжил нэгт нөхөдтэйгээ нүүр тулан уулзах, олон улсын хуралд дахин оролцох хүсэлтэй Конг Цао хэлэв. Их хурлын өмнө шинжээчид хязгаарлалтыг удахгүй зөөлрүүлэх эсэх талаар зөрчилтэй байр суурь илэрхийлж байв. Ши Жиньпин илтгэлдээ “Тэг COVID” гэдэг үгийг ганцхан удаа дурьдсан нь түүний ач холбогдолыг онцолсон юм. Цянь хэлэхдээ, энэ нь COVID-ийг тэглэх нь тогтсон бодлого учраас байж магадгүй тул Ши энэ талаар дэлгэрэнгүй ярих шаардлагагүй гэж үзсэн байх. Эсвэл энэ нь Си уян хатан байдлаа хадгалахыг хүсч, өөрчлөлтөд нээлттэй байгааг илтгэж байна гэж Цянь хэлэв.
Зарим судлаачид Хятад улс намын их хурлын дараа зарим хязгаарлалтыг цуцлах оролдлого хийх боломжтой гэж үзэж байгаа ч зарим нь тус улсын хууль тогтоох байгууллага болох Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурал ирэх оны эхээр хуралдахаас нааш хөдөлгөхгүй гэж үзэж байна.
Академич Т.Ган-Эрдэнэ