spot_img
ЭхлэлНийтлэлЗ.БОЛОРМАА: ХӨВЧ ТАСЛАХ НЬ ЦААШДАА МАШ ТОМ СӨРӨГ АСУУДЛУУДЫН...

З.БОЛОРМАА: ХӨВЧ ТАСЛАХ НЬ ЦААШДАА МАШ ТОМ СӨРӨГ АСУУДЛУУДЫН СУУРИЙГ ТАВЬЖ ӨГЧ БАЙНА

Эрэгтэйчүүдийн “La Salute” эмнэлгийн захирал З.Болормаатай ярилцлаа.


-Эрэгтэй хүүхдийн хөвч таслахыг олон улсад хориглосон гэсэн. Энэ талаар тодорхой мэдээлэл өгөөч…

Ер нь уламжлал болоод шашны дагуу эрэгтэй хүүхдийн хөвч тасладаг орнууд байдаг ч сүүлийн жилүүдэд том бэлэг эрхтэнтэй болох үүднээс хөвч таслалт ихээр нэмэгдсэн байдаг. Мөн ариун цэврийн үүднээс хэрэгтэй гэж яриад байдаг. 2019 онд Италийн Top quality групп дээр очиж сургалтанд суухад сүүлийн жилүүдийн судалгаануудыг үндэслээд дэлхий даяараа хөвч таслахыг хориглож болиулж байгаа талаар Италийн эмч нар ярьж байсан. Яагаад гэхээр хүний бие физологи гэдэг маш гайхалтай. Илүү нэг ширхэг ч юм байхгүй, дутуу нэг ч юм байхгүй учраас цаанаасаа яаж заяагдсан тэр дагуу байлгах ёстой гэдэг зарчмыг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон эрүүл мэндийн салбар өндөр хөгжсөн улс орнууд гаргаж ирж байна.

Насанд хүрэгчид том бэлэг эрхтэнтэй болох гэж хөвч таслуулдаг. Гэтэл үүний сөрөг нөлөө нь бэлгийн ажлаас таашаал авахаа больчихдог. Нэг ёсондоо зүгээр л үрийн шингэнээ гадагшлуулдаг процесс болоод хувирдаг. Яагаад гэхээр хөвч тасалснаар эр бэлэг эрхний урд талын малгай хэсгийн мэдрэлжүүлэлт алга болдог. Тэр хэсэг бол маш эмзэг, мэдрэмтгий, сэрэл мэдрэхүй өндөр цэг. Энэ далд байдаг хэсгийг ил гаргачихаар хувцасанд үргэдэж явсаар байгаад ямар ч мэдрэмжгүй болдог гэсэн үг. Тэгэхээр таашаал авах мэдрэмж эрс багасна, бараг алга болдог. Зүгээр л үрийн шингэнээ гаргадаг процесс болж байгаа юм. Энэ бол бэлгийн сулралд хүргэдэг хамгийн том хүчин зүйл. Хоёрдугаарт, хөвчрөл дээр асуудал үүсгэдэг. Хөвч тасалсан эрчүүдэд хийсэн судалгаанаас харахад эхний хэдэн жил хэвийн байснаа 3-5 жилийн дараанаас хөвчрөл нь сулардаг. Энэ бол мэдрэхгүй, мэдрэлжүүлэлттэй шууд хамааралтай.

-Ариун цэвэр талаасаа маш сайн гээд эрэгтэй хүүхдийг багад нь хөвчийг нь таслаад байдаггүй билүү…

-Одоо ариун цэврийн тухайд хөвч тасдуулах ёсгүй л гэдэг болсон. Цэвэр байхын тулд маш сайн угаах хэрэгтэй. Хүүхдүүдээ багаас нь сайн угааж сурга л даа. Багаас нь угаахыг хэвшүүлж сайн зааж өг л гэдэг хандлага зонхилох болсон. Ариун цэвэрт сайн гэдэг бол дээр үеийн, усгүй үеийн л ойлголт. Энгийн байгаа анатоми физиологийг эвдэнэ гэдэг бол цаашдаа их том асуудлыг үүсгэнэ л гэсэн үг.

-Нэгэнт эрчүүдийн тухай ярьсных танай эрэгтэйчүүдийг эмнэлгийн талаар сонирхмоор санагдлаа. Дан эмэгтэйчүүдийн эмнэлгээ ажиллуулаад явах нь илүү амар байсан юм биш үү?

-Анх “La Sante” эмнэлгээ нээж байхад зөвхөн эмэгтэйчүүд л нөхөн үржихүйн асуудалдаа анхаарах ёстой юм шиг ойлголттой байсан. Статистик тооноос харахад эмэгтэйчүүд болон хүүхдийн эмнэлэг Улаанбаатар хот, орон нутагт олон байдаг боловч эрэгтэйчүүдийн эмнэлэг гарын арван хуруунд багтахаар цөөхөн. Эмэгтэйчүүдийн резидент эмчээр жилд 100, 100-гаар элсэж байхад эрэгтэйчүүдийн эмч маш бага. Бид эр хүнийг ноён нуруу, сайхан хиймортойгоор нь төсөөлдөг мөртлөө эрүүл мэндийн асуудлыг нь хаячихсан. Эрэгтэйчүүдийн дундаж наслалт, амьдралын чанар гэдэг асуудал ч ярихгүй байна. Эрэгтэйчүүдийн дундаж наслалт бүхэл бүтэн 10 насаар эмэгтэйчүүдийн наслалтаас бага байна. Хамаг л хатуу ширүүн, хүнд хүчир ажлуудыг эрчүүд маань нугалаад, хийж гүйцэтгэж байдаг. Би зургаан ахтай өссөн болоод ч тэр үү эрэгтэйчүүдийн асуудал, амьдралын чанар дээр тулгуурлаж судалж ажиллаж байсан. Хоёрдугаарт, яалт ч үгүй хосын харилцаанд нөхөн үржихүйн эрүүл мэндийн эмчилгээ, үзлэг оношилгоо, нөхөн үржихүйн эрүүл мэндийн боловсрол тал руу ороод үзэхээр хоёуланд нь асуудал байдаг. Эрэгтэйчүүд эмэгтэйчүүд шиг төрөхгүй гэх зэрэг ойлголтуудаас болж нөхөн үржихүйг их хаядаг юм байна. Гадны оронд эрэгтэйчүүдийн нөхөн үржихүйд маш өндөр түвшинд анхаардаг. Бид өнөөдөр үргүйдэл дээр хүртэл эмэгтэйчүүдийг л их яриад байдгаас эрчүүдийг ярьдаггүй. Эмэгтэйчүүдийг бид асар үр дүнтэйгээр олон жилийн хугацаанд Монгол Улсдаа анхдагч эмчилгээ, үйлчилгээг оруулж ирэн эмчилж байна. Гэтэл яг эмэгтэйчүүдийг нөхөн сэргээх эрүүл мэнд талаас нь эрүүлжүүлж үзэхэд хэзээ ч эмэгтэй хүн ганцаараа биш юм байна. Элэг бүтэн эрүүл монгол гэр бүл, иргэдийг төрүүлэхэд эхнэр, нөхрийг заавал хамтад нь эмчлэх ёстой юм байна гэдэг бодол үүссэн. Тэгээд 2019 онд “La Sante” эрэгтэйчүүдийн эмнэлгээ нээж Италийн “Top quality group”-ын эрэгтэйчүүдийн бэлэг эрхтэнд шинээр судас ургуулж, үүсгэх дэлхийн хамгийн шилдэг төхөөрөмжийг Монгол Улсад анх удаа албан ёсны эрхтэйгээр нэвтрүүлсэн.

-Эрэгтэйчүүдийн эмнэлэг рүү тодорхой шалтгаантай хүмүүс зорьж ирдэг шүү дээ. Танай эмнэлэг рүү ямар шалтгаантай хүн ирвэл зүгээр вэ?

-Манай эмнэлэг бол нөхөн сэргээх үйлчилгээ үзүүлдэг. Нөхөн сэргээх эмчилгээний зарчим нь заавал асуудалтай, өвчлөлтэй хүн эмчилгээнд ордоггүй. ДЭМБ-аас уриалдаг эмчилгээний хамгийн чухал арга нь урьдчилан сэргээх эмчилгээ гэж үздэг. Манайд хийгдэж буй эмчилгээнүүд бүгд нөхөн сэргээх зарчимтай. Дэлхийд шилдэгт ордог Итали, Франц, Японы тоног төхөөрөмжүүд байдаг. Тоног төхөөрөмжүүд нь дотроо олон эмчилгээний заалтуудтай. Тухайлбал, Францын технологи бол бараг 300 төрлийн программаар эмчилгээ хийдэг. Яг нөхөн сэргээх эмчилгээ хийж байгаа гэдэг давуу талаараа ер нь бүх насныхан, хүүхдүүд хүртэл ирдэг болж байна. Манайх энэ сард хүүхдийн эмнэлэг клиникээр тусгай зөвшөөрлөө нэмэлтээр хүсч, хүүхдийн салбарт тодорхой нотолгоо, шинжилгээ судалгаануудыг хийж байна. Тэгээд хүүхдийн нөхөн үржихүйн эрхтэн тогтолцоон дээр үүссэн асуудал, өвчлөлүүд, тодорхой эмгэг шалтгаан байх юм бол хүндрэх, өвчлөлөөс сэргийлдэг эмчилгээнүүд хийдэг, үзлэг оношилгоо зөвлөгөө өгдөг болчихсон.

-“Ковид-19” цар тахал хүмүүст янз янзын нөлөө үзүүлж буй гэж байна. Эрчүүдийн нөхөн үржихүйд ямар сөрөг нөлөө үзүүлж байгаа бол?

-Сөрөг нөлөө маш их байгаа. Манай эмнэлэг бол франц эмнэлэгтэй судалгаа мэдээлэл, сургалт хамтын ажиллагаагаатай. Франц улс нь дэлхийд нөхөн үржихүйгээрээ нэгдүгээрт ордог улс. Франц улс 2020 оны “Ковид-19” эхлээд л эхний хагас жилдээ хамгийн анхны судалгаануудыг гаргачихсан. Дараа нь Их Британи, БНХАУ, Япон улс судалгаа гаргаж ирсэн. Манайх одоогийн байдлаар энэ талаар айхавтар ярихгүй байна л даа. БНХАУ-д 2020 онд 237 мянган хүнд судалгаа хийхэд шээс задгайрал маш өндөр буюу 57 хувьтай гарсан байдаг. Мөн өтгөн хаталт, бэлгийн үйл ажиллагааны алдагдал, нөхөн үржихүйн тулгамдсан өвчлөлүүд 40-60 орчим хувь хүртэл нэмэгдсэн гэж гарсан. Статистикаас нэмэгдэж байгаа гэдгийг яаж харах вэ гэхээр “Ковид-19” цар тахлын өмнө хэвийн байсан хүмүүс “Ковид-19” цар тахал туссанаас хойших судалгааг харж байгаа юм. Гадны орнууд ковидыг ижил төстэй шинж чанараар нь ангилах юм бол диабит буюу сахарын өвчлөлтэй их төстэй гэж харж байгаа. Бид ковидын цар тахлын өмнө холестрин ихсэх, буруу хооллолт, амьдралын буруу дадлаасаа болоод цус өтгөрлөө гэж бодоход сайхан унтаж амраад, эсвэл дусал тариа зэрэг хэдэн хоног эмчилгээ хийлгээд, буцаад цус шингэрээд эрүүлждэг байсан. Гэтэл “Ковид-19” цар тахлын дараа шаардлагатай эмчилгээ хийж, удаан хугацаанд амраад, эрүүл хоол идээд байсан ч цус нь цаанаасаа дахиад төрлийн фактор руу орчихоод байгаа юм. Тэгэхээр сахарын өвчлөл буюу диабеттэй бас ижил төстэй чангартай. Сахарын өвчлөл бол цусыг их бүлэгнүүлж, захын мэдрэлийн бодисуудыг нарийсгаж байдаг. Цусан дахь сахарын хэмжээ ихэссэнээр ийм өндөр аюулыг авчирдаг. Дэлхий дээр эмчлэгдсэн тохиолдлууд ер нь л бараг байхгүй, цус ерөөсөө мөнхийн асуудалтай болчихож байгаа шүү дээ.

-Цус өтгөрөх гэдэг хамгийн аюултай зүйл биз…

-Цус өтгөрнө гэдэг нь хамгийн нэгдүгээрт нүдний хараа, гар хөлийн үзүүр, бэлэг эрхтэн зэрэг захын мэдрэлийн судаснууд руу очиж буй цусны эргэлт шууд багасаж байгаа юм. Ийм ухагдахуунаараа нөхөн үржихүйн эрхтэн тогтолцоо, бэлэг эрхтэн өөрөө захын мэдрэлийн судас руу орчихож байгаа учраас зайлшгүй асуудал үүсгэх юм байна гээд судалсан. Нэгдүгээрт, ковидоос болж цус өтгөрдөг, хоёрдугаарт, ковид ханиалгах, үнэр, амт мэдрэхгүй байхаас өгсүүлээд харшил үүсгэх олон шалтгаан шинж тэмдгүүдтэй байдаг. Энэ тэмдгүүд нь бидний нөхөн үржихүйн эрхтэн тогтолцоо, аарцаг ёроолын булчинг суллаад байдаг. Ковидоор өвдсөн хүний цус нь өтгөрнө, дээрээс нь мөнхийн доошоо дүлэлттэй ханиаж байна гэдэг аарцаг ёроолын булчинг суллах давхар шалтгаан үүсгэж байна.

-Үүнийг олон улсад яаж эмчилж байна вэ?

-Дэлхийн эрүүл мэндийн салбар нь хөгжсөн улс орнууд иргэдийнхээ эрүүл, аюулгүйгээр нөхөн үржихүйг нэгдүгээрт тавих ёстой гэдэг концепц, бодлого төлөвлөлт рүүгээ анхаарч “Ковид-19” цар тахал эхэллээ, шинж тэмдэг, цусан доторх факторыг судалж автоматаар шууд бүгдийг нь кегель дасгал хийлгэсэн. Франц улс 2020 оны зургадугаар сараас эхлээд бүх иргэдээ үнэ төлбөргүй онлайн хэлбэрээр сургалтад хамруулсан байна. Ингэснээр аарцаг ёроолын булчин чангарч шээс задгайрах, бэлгийн сулрал зэрэг олон өвчнөөс сэргийлж чадлаа. Нэмж хэлэхэд “Ковид-19” цар тахлын дараа, дэлхий даяар үргүйдлийг их ярьдаг болчихсон, олон орон энэ өвчлөл дээр анхаарчихсан. “Ковид-19” цар тахлын дараа үргүйдэл ихсэх боломжтой.

Хүүхдүүд хүртэл “Ковид-19” цар тахлаар их өвчилсөн шүү дээ. Тэгэхээр өнөөдөр хүүхдүүдийн амьдралын зөв дадал хэвшил, аарцаг ёроол, нөхөн үржихүйн эрхтэн тогтолцоо нь сулрахгүй, цусны эргэлтийг эрүүл байлгахын тухайд сайн анхаарах ёстой. Хэрвээ ковидоор өвчилсөн тохиолдолд 10 жилийн дараа баахан үргүйдэлтэй иргэд нэмэгдэх эсэхийг бид мэдэхгүй л байна. Олон улсын хэмжээний үндсэн гурав юм уу дөрвөн шалтгаан байхад Монгол Улсад бол шалтгаан их олон байна шүү дээ. Архи тамхи, эмийн зохисгүй хэрэглээ, суугаа ажлуудыг буруу сууж хийх, хүүхдүүд хүртэл хичээлээ удаан хугацаагаар буруу сууж хийх, дасгал хөдөлгөөнгүй байх, бэлгийн харилцаанд орохгүй байх маш олон шалтгаанууд байна. Гэтэл тэр шалтгаанууд хүртэл ханиад, эмийн хэрэглээ, эмчилгээнүүдийг ихэсгэчихэж байна. Энэ бүхэн нь буцаагаад л булчингийн алдагдлыг үүсгэж байдаг. Тухайн эсийн цусны хангамж, эргэлтийг багасгаж, цусан хангамжийг их гэмтээж байдаг. Энэ нь хорт хавдар, хоргүй хавдрууд болон үргүйдлийн шалтгаанууд нэмэгдэх эрсдэлтэй гэж үзэж байгаа юм. Үүнийг дэлхийн анагаах ухаан маш өндөр түвшинд анхаарч байна.

-Эрчүүд рүүгээ хандахад манай эрчүүд өвдөхөөс нааш эмнэлэг барааддаггүй, их хойрго шүү дээ. Ямар асуудалтай хүмүүс эмнэлэгт ирэх ёстой вэ?

-Эрэгтэйчүүдийн хувьд шээс хаагддаг, шөнө ойр ойрхон босч бие засдаг болон дүлж шээдэг гэх зэрэг шээсний сүв, давсаг, шээс ялгаруулах тогтолцоотой хамааралтай бүх асуудал, өвчлөлүүд манай байгууллага дээр зуун хувь шийдэгдчихсэн. Мөн бэлгийн үйл ажиллагааны бүх төрлийн алдагдлууд буюу хурдан, удаан дур тавих, дур тавихгүй байх, дур тавилтаа удирдаж чадахгүй, бэлэг эрхтэн өглөө хөвчрөхгүй байх, хөвчрөл сул байх, эсвэл бэлэг эрхтний хэмжээ багасах, түрүү булчирхайн томролт шохойжилт зэрэг асуудлууд манай эмнэлэг дээр шийдэгдэж байгаа. Түүнчлэн цагаан мах эргэх, шулуун гэдэс, анусны амсрын контрол алдагдчихсан хүмүүс ирж эмчлүүлэх боломжтой.

Мөн хүүхдийн орондоо шээх, шээс задгайрал, мэдрэлийн, бухимдлын гаралтай шээс задгайрал бүгд манай эмнэлэг дээр эмчлэгддэг. Хоёрдугаарт, бэлэг эрхтнийхээ хэмжээнд сэтгэл хангалуун бус байдаг бол судас ургуулдаг эмчилгээ хийлгэж болно. Судас ургана гэдэг нь хэмжээнд их нөлөөлдөг. Хүн хүний бие физиологи өөр учраас үр дүн нь хоёр, гурван сарын дараа ч юм уу мэдэгддэг. Үүнийг гадуур хийж байгаа гель, имплант, бөгж зэрэгтэй адилтган ойлгож болохгүй.

-Нэмж судас ургуулж цус их гүйлгэж байгаа гэсэн үг байна шүү дээ?

-Тийм, эрүүл аргаар томруулдаг гэсэн үг. Эрэгтэйчүүд дээр тулгуурлаад дахиад нэг хэлэх чухал зүйл юу вэ гэхээр 2019 оны арваннэгдүгээр сард би Италид “Эрэгтэйчүүдийн бэлгийн үйл ажиллагааны алдагдал” сэдвээр Италийн маш алдартай андрологийн эмчээс сүүлийн үеийн эмчилгээний аргуудын талаар вакум сургалт авч байсан. Эмэгтэйчүүд хааяа нэг ханиаж найтаахад шээс дусагнадаг болох үед эмнэлэгт үзүүлэхэд тухайн өвчнийх нь зэрэг дөнгөж эхэлж байгаа буюу нэгдүгээр зэрэгтэй байдаг. Гэтэл эрэгтэйчүүд огт шинж тэмдэг илрэхгүйгээр өвдөөд яваад байдаг. Ямар ч шээс хаагдах зовуурь илрэхгүйгээр өвчин нь хүндэрч гэнэт дүлж шээдэг болно. Бүр шээс хаагдана. Тэгэхээр эрэгтэйчүүд нөхөн үржихүй дээр анхаарах хэрэгтэй. Сүүлийн жилүүдэд өвчлөл залуужаад л байгаа, дөнгөж 30 хүрч байгаа залуучууд түрүү булчирхайн томрол, шохойжилттой гээд оношлогдоод байна. Түрүү булчирхайн томрол шохойжилт өнөөдөр анхан шатандаа оношлогдож байна гэдэг нь тун удахгүй нэг өглөө таны шээс хаагдах эрсдэлтэй нөхцөлд амьдарч байгаа учраас яалт ч үгүй маш хурдан анхаарахаас өөр ямар ч аргагүй.

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл оруулна уу!!!
Нэр оруулах

Шинэ мэдээ
Их сэтгэгдэлтэй
Их уншсан
Ulaanbaatar
broken clouds
-12.9 ° C
-12.9 °
-12.9 °
56 %
8kmh
75 %
Нар
-13 °
Даваа
-12 °
Мяг
-7 °
Лха
-7 °
Пүр
-3 °
spot_img