“Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ, БНХАУ-ын Боловсролын яамны дэргэдэх Хятад, гадаадын хүмүүнлэг солилцооны төв, “Дорнын олимп” гэгддэг Азийн спортын их наадмыг зохион байгуулах хорооноос хамтран зохион байгуулсан Монгол, Хятадын хүүхэд залуучуудын соёлын солилцооны нэгдсэн арга хэмжээ энэ сарын 30-нд Монгол Улсын ЭСЯ-ны дэргэдэх Соёл, мэдээллийн төвд болов. Уг арга хэмжээнд Бээжин хотод ажиллаж, амьдарч буй монгол иргэдийн төлөөлөл 32 хүүхэд, БНХАУ-ын Гуанши мужийн Наньнин хотын бага сургуулийн 32 хүүхэд оролцлоо” хэмээн Монголын ЭСЯ-наас манайд мэдээллээ.
Энэ удаагийн арга хэмжээний үеэр монгол хүүхдүүд Монгол орны тухай танилцуулга хийж, үндэсний хувцасны загвар үзүүлэн биелгээ бүжиг болон төгөлдөр хуурын тоглолтоор зочлон ирсэн хятад хүүхдүүдэд мэндчилгээ дэвшүүлсэн бол хятад хүүхдүүд Хятад ший жүжиг, Гуандун дуурь, найрал дуу дуулж сонирхуулсны зэрэгцээ Жуан үндэстний уламжлалт хувцасны соёлыг танилцуулав.
Арга хэмжээний хаалтын ёслол дээр хоёр орны хүүхдүүд Азийн наадмын сүлд дууг хамтдаа дуулж, тэмцээнд оролцох баг, тамирчдад амжилт хүслээ. Энэхүү арга хэмжээг цар тахлын улмаас хойшлогдсоор 2023 оны намар БНХАУ-ын Ханжөү хотноо товлогдоод байгаа Азийн спортын их наадмыг угтан зохион байгуулжээ.