Агаар, хөрсний бохирдолдоо живэх шахсан дөрвөн уулын дундах нийслэл хотын маань байшин барилга, гадна үзэмж төрх сайжирсаар ч өвөлдөө утаанд зундаа шаварт живдэг бурангуй байдал ойрын хэдэн жилдээ өөрчлөгдөн сайжрах боломж тун бүрхэг. НҮБ-ын судалгаагаар Улаанбаатарт хотод жил ирэх тусам агаарын бохирдол улам л аюултай түвшинд хүрч, хүн амьдрах ч аргагүй нөхцөл үүсээд байгаа юм. Утааг арилгана хэмээн утаагүй зуух, шахмал түлш дахин төлөвлөлт гээд өч төчнөөн тэрбумаар нь төсвөөс зарлагадан шийдэх оролдлого хийдэг ч байдал жил улирч, сар өдөр өнгөрөх тусам улам л түгшүүртэй боллоо.
Ямар нэг систем аль нэг хэсэгтээ өвчлөхөд биеийн бүрдлүүд эрүүлших аргагүйгээр ар араасаа доройтдог. Утаанаас гадна түгжрэлийг ч нэг сар нэг жилд бүрэн шийдэх чадамжгүй төр засагтайгаа ард түмэн сайн мэдэж байгаа. Улс төрийн холбогдолтой шийдвэрүүдийг маш түргэн шуурхай шийдвэрлэж гаргадаг атлаа нийтийн эр ашгийг хөндсөн асуудлыг шийдвэрлэхдээ дэндүү гэмээр хойрго хандаж ирсэн эрх баригчдын алдаа завхралыг шүүн хэлэлцэх цаг ирэх болов уу.


