Австрали улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Кэйти Смиттэй ярилцлаа.
-Монгол дахь Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийн 30 жилийн ой энэ жил тохиож байна. Ойн баярын мэнд хүргэе?
-Баярлалаа, Монгол дахь Австралийн тэтгэлэгт хөтөлбөр 1993 онд хоёр орны Гадаад хэргийн сайд Gareth Evans, Ц.Гомбосүрэн нар Санамж бичигт гарын үсэг зурснаар эхэлсэн түүхтэй. Монгол Улс ардчилалд хөл тавьж байсан хүнд хэцүү үед тэтгэлэгт хөтөлбөр эхэлж байсан юм.
1994 оны нэгдүгээр сард зургаан монгол оюутан Австралид очиж, хөтөлбөрийн жаврыг үргээж байжээ. Австралид өнгөрүүлсэн цаг хугацаа нь тэд болон тэдний гэр бүлийн цаашдын амьдралыг эергээр маш их өөрчилсөн гэдэгт итгэлтэй байна.
30 жилийн ой энэ жил тохиож байгаатай холбогдуулан бид энэ хугацаанд хүрсэн ололт амжилтаа олон нийтэд таниулах зорилготой олон арга хэмжээг зохион байгуулснаар ойн баярыг тэмдэглэж байна.
Хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд бид Монгол Улсын Засгийн газартай нягт хамтран ажилладаг. Сонгон шалгаруулалтын хувьд тэтгэлэгт хөтөлбөр нь маш өрсөлдөөнтэй. Өргөдөл гаргагчдыг мэргэжлийн болон хувийн манлайллын чанар, академик сургалтын түвшин болон Монгол Улсын хөгжилд хувь нэмэр оруулах чадамжаар нь үнэлдэг. Сонгон шалгаруулалт бол мерит зарчмаар, ил тод, хяналттай явагддаг үйл явц юм.
-Ардчилалтай хамт л манай улсад Австрали улс тэтгэлгээ олгож эхэлжээ дээ. 1993 оноос хойш нийт хичнээн монгол хүн уг тэтгэлгийг хүртээд байгаа вэ. 700 гаруй төгсөгч байдаг гэж сонсож байсан юм байна?
-Энэхүү 30 жилийн хугацаанд 700 гаруй монголчууд Австрали улсад магистр, докторын зэрэг хамгаалахаас гадна, богино хугацааны сургалтад хамрагдсан. Эдгээр төгсөгчид маань төрийн алба, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагуудад амжилттай ажиллаж, улс орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулж байгаа манлайлагчид юм.
-Тавдугаар сарын 29-31-ний өдрүүдэд ойн хүрээнд уг тэтгэлгийн төгсөгчдийн бүсийн чуулга уулзалт Улаанбаатарт болж өнгөрсөн. Уулзалтаар уур амьсгалын өөрчлөлт, ногоон хөгжлийн талаар хөндөн ярилцсан гэсэн. Энэ тухай сонирхуулбал?
-Австралийн тэтгэлэгт хөтөлбөр Төгсөгчдийн бүсийн чуулга уулзалтыг анх удаа Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод гурван өдрийн хугацаанд амжилттай зохион байгууллаа. Үүнд бүсийн долоон орноос 44 төгсөгчид, хөтөлбөрийн 20 орчим ажилтан ирж оролцсоноос гадна Монголоос ногоон хөгжлийн салбарт ажиллаж буй найман төгсөгч оролцлоо.
Тэтгэлэгт хөтөлбөрийн нэг онцлог нь эх орондоо эргээд ирсэн төгсөгчдийн хувь хүний хөгжлийг дэмжих, мэргэжлийн болон хувийн сүлжээг бий болгоход туслахад оршдог. Тус хурал нь янз бүрийн улс орны төгсөгчдөд тулгамдсан асуудлаа хуваалцах, үе тэнгийнхнээсээ санаа, урам зориг авах, цаашид үргэлжлэх холбоо тогтоох боломжийг олгосон.
Чуулга уулзалтын үр дүнд Австралид төгсөгчид Уур амьсгалын өөрчлөлт, ногоон хөгжил түүний санхүүжилтийн талаар илүү глобал түвшний гүн гүнзгий ойлголттой болсноос гадна, энэ салбарын төгсөгчид хоорондоо уулзан танилцаж харилцан туршлагаа солилцон, цаашид бүс нутгийн хамтын ажиллагаагаа илүү нягтруулах арга замаа тодорхойлсон. Үүний нэг жишээ нь энэ сэдвээр харилцан мэдээлэл солилцох, уулзалт яриа байнга өрнүүлэх зорилгоор цахим хуудас нээн ажиллуулахаар тохирсноос гадна Австралийн туршлагаас судлахаар энэ оны сүүлээр Австралид богино хугацааны сургалт зохион байгуулахаар төлөвлөж байна. Австралийн төгсөгчид болон Дэлхийн Уур амьсгалын сангийн Гадаад харилцаа хариуцсан захирал С.Оюун энэ чуулга уулзалтад идэвхтэй оролцож илтгэл тавьсанд талархаж байна.
-Та хэлсэн үгэндээ 2024 онд тэтгэлэг хүртэгчдийн тоог нэмэгдүүлнэ гэсэн байна лээ. Мөн “Австралийн тэтгэлэг ирэх оноос 50 хувиар нэмэгдэнэ” гэсэн мэдээлэл гараад байна. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?
-Ирэх жилийн эхэнд эхлэх тэтгэлгийн тоог 15 болгосноор өнгөрөгч онд Монгол Улсад хуваарилсан Австралийн тэтгэлгийн тооноос 50 хувиар нэмэгдүүлж байгааг дуулгахад таатай байна. Цаашид ч энэ тоог нэмэгдүүлэхийн тулд Элчин сайдын яамнаас шаргуу ажиллах болно.
Австралийн тэтгэлгийн төлөөх өрсөлдөөн Монгол Улсад их байдгаас гадна тэтгэлэгт хамрагдах өргөдлийн тоо жилээс жилд тогтмол нэмэгдэж байгааг дурдах нь зүйтэй. Иймд сурсан зүйлээ Монголдоо ажил хэрэг болгох хүсэлтэй, салбар бүрийн чадварлаг манлайлагчид энэ тэтгэлэгт өргөдөл гаргадагт бид баяртай байдаг.
-Монгол дахь Австралийн тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсан оюутан, суралцагчдын суралцдаг чиглэлийг авч үзвэл ямар ямар салбарынхан тэргүүлдэг вэ?
-Австралийн тэтгэлгээр салбар бүрийн хүмүүс суралцаж төгссөн бөгөөд эдгээр төгсөгчдийн 50 хувь нь төрийн албанд, үлдсэн 50 хувь нь хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагад ажиллаж байна. Түлхүү суралцсан салбаруудад боловсрол, нийгэм, хөгжил судлал, санхүү эдийн засаг, инженерчлэл, уул уурхай, байгаль орчин, мэдээллийн технологи, төрийн удирдлага зэрэг болно. Харин сүүлийн үед шинэлэг салбар чиглэлүүдийг илүү сонгох болоод байна. Тодруулбал, актуар, соёл урлаг, тогтвортой хөгжил, ХАА бизнес гэх мэт.
-Австралийн тэтгэлгийн давуу талууд, суралцагчдад олгодог гол чадвар, мэдлэг юу байдаг вэ?
-Тэтгэлэг олон давуу талтай, үүнээс зөвхөн гурвыг жишээ болгон дурдвал: нэгдүгээрт, суралцах чиглэл хязгаарладаггүй, өргөдөл гаргагчид өөрийн суралцах сургууль мэргэжлээ өөрсдөө сонгох боломжтой. Хоёрдугаарт, гэр бүлийн хамт Австралид суралцах боломжтой, иймд гэр бүлийн гишүүд дам үр шим хүртдэг. Гуравдугаарт, Монголдоо ирээд сурсан зүйлээ хэрэгжүүлэхэд тусламж дэмжлэг үзүүлэхээс гадна Австралид төгсөгчдийн холбооны үйл ажиллагаа маш идэвхтэй байдаг.
-Монголд Австралийн 60 гаруй компани үйл ажиллагаа явуулдаг. Австрали бол уул уурхайн салбар өндөр хөгжсөн орон учир тэр салбарын компаниуд манайд олон байдаг болов уу гэж таамаглаж байна. Сайн удирдлага, зохион байгуулалт бүхий олборлох салбар бол эдийн засгийн үр өгөөж их өгдөг. Тэр утгаараа Австралийн компаниуд чанартай хөрөнгө оруулалт, технологи, туршлагаараа Монголд хөрөнгө оруулалт хийж байгаатай хэн ч маргахгүй байх?
-Австрали-Монголын эдийн засгийн харилцаа хөгжиж байгаа бөгөөд энэ харилцааг өргөжүүлэх боломж бүр ч их байна. Уул уурхайн компаниуд энд шинэ технологи, ур чадвар нэвтрүүлж, ажлын байр бий болгоход үнэтэй хувь нэмэр оруулж байгаад бид баяртай байдаг.
Австрали улсын Худалдааны төлөөлөгчийн газар манай ЭСЯ-ны дэргэд үйл ажиллагаагаа явуулдаг юм. Тэд Монголд хөрөнгө оруулах сонирхолтой Австралийн компаниудад зөвлөгөө өгдөг. Мөн энд Австралийн Худалдааны танхим Австрали, Монголын компаниудын бизнесийн харилцааг дэмжин ажиллаж, үйл ажиллагаа нь маш идэвхтэй байдаг. Бидэнд хамтын ажиллагааны илүү их боломж бий. Засгийн газрын Эдийн засгийг сэргээх шинэ бодлого ч үүнийг зөв голдиролд нь оруулж байна. Монгол байгалийн баялгийн гайхалтай арвин нөөцтэй, бид эдийн засгийн харилцаандаа үүнийг хөгжүүлэх боломжтой.
-Австралийн компаниуд нүүрсний давхаргын хий, ногоон устөрөгчийн хайгуулын салбарт хөрөнгө оруулалт хийхээр анхаарал хандуулдаг. Ногоон устөрөгч нь хүлэмжийн хий ялгаруулдаггүй, байгаль орчинд сөрөг нөлөөгүй, 100 хувь эко технологи учир хоёр тал үүн дээр хамтарч ажиллах нь чухал юм?
-Австралийн хэд хэдэн компани Монголын түншүүдтэйгээ хамтран нүүрсний давхаргын метан болон ногоон устөрөгчийн боломжуудыг судалж байгаад бид баяртай байна. Метан хий, ногоон устөрөгчийг дотооддоо болон экспортод гаргах асар их нөөц Монголд бий.
Нүүрсний давхаргын метан хий нь газрын гадаргаас хэдэн зуун метрийн гүнд орших нүүрсний ордод байдаг байгалийн хий юм. Австралид метан хийг харьцангуй сүүлд буюу 1996 онд Квинсландын Боуэн сав газарт олборлож эхэлсэн байдаг.
Өдгөө Австралийн метан хийн үйлдвэрлэгчид дэлхийн хэмжээнд хамгийн сүүлийн үеийн технологиудыг хөгжүүлэн, тэргүүлж байна. Түүнчлэн Австралийн Засгийн газрын зүгээс аюулгүй байдал, байгаль орчин, усны нөөцийг хамгаалахад чиглэсэн хатуу зохицуулалтуудыг нэвтрүүлсэн. Метан хийгээр эрчим хүч үйлдвэрлэх нь нүүрсээр гаргаж авсан эрчим хүчнээс харьцангуй бага хэмжээний хүлэмжийн хий ялгаруулдаг давуу талтай.
Австрали улс урт хугацаандаа дэлхийн томоохон сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэгч болж, хүлэмжийн хий ялгаруулдаггүй эдийн засгийг бий болгож, бүс нутагтаа болон дэлхийн хэмжээнд хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад шаардлагатай цэвэр эрчим хүчний экспортыг нэмэгдүүлэхийг зорьж байна. Бид дотооддоо ногоон устөрөгчийн үйлдвэрлэлийг эхлүүлэхийн тулд маш их хөрөнгө оруулалт хийж байна. Устөрөгчөөс гарсан түлш нь хүлэмжийн хий ялгаруулдаггүй бөгөөд ирээдүйд шатах ашигт малтмалыг бараг бүрэн орлох боломжтой.
-Ярилцлагын төгсгөлд нэг зүйлийг тодруулахад, та Монголд ирээд жил болж байгаа. Нэг жил болж байгаагаа тэмдэглэн “Улаанбаатар марафон”-д оролцож гүйсэн шүү дээ. Марафонд гүйсэн сэтгэгдлээсээ хуваалцвал?
-“Улаанбаатар марафон”-д оролцож, 10 км гүйсэндээ маш их баяртай байгаа. Олон мянган хүн оролцсон гайхалтай олон нийтийн арга хэмжээ болсон гэж бодож байна. Үзэгчид биднийг дэмжиж гүйж байхад нь урам авсан. Автомашины хөдөлгөөнгүй байхад Улаанбаатартай илүү их танилцах боломж олдсонд бас баяртай байна. Дараа жилийн марафоныг тэсэн ядан хүлээж байна.
-Танд баярлалаа.