Манайхан нэг уулгалахаараа хэт туйлширдаг гэмтэй. Олон жил яригдсан нүүрсний хулгайтай өнгөрсөн жилийн сүүлч хавиас бодитоор тэмцэж эхэлсэн. Засаг нь “…Энэ хулгайтай тэмцэнэ” гэж зарласан. Иргэд ч идэр есийн хүйтэнд жагссан. Ингэсний дараа хууль хүчний байгууллагаас нүүрсний хулгайтай холбоотой байж болох эхний ээлжний хүмүүсийг ил болгосон. Тэр жагсаалтад нь маш олон улстөрч бичигдсэн. Харин тэдний үйл хэргийг гардан зохион байгуулсан хүмүүсээр “Тавантолгойнууд-ын захирлууд нэрлэгдсэн. Тэгмэгц “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Тавантолгой төмөр зам” ХХК, жижиг “Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх удирдлагаар Засгийн газраас Онцгой бүрэн эрхт төлөөлөгч илгээсэн. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирлыг барьж хориод Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбатыг, “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн захирлыг зугтаалгаад ЗГХЭГ-ын Хууль зүйн газрын дарга Н.Мягмарыг томилсон. Харин жижиг “Тавантолгой” ХК руу ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзоригийг явуулсан.
Тодруулбал, Засгийн газрын 2022 оны аравдугаар сарын 26-ны хуралдаанаас “Эрдэнэс Тавантолгой” ХК-д зургаан сарын хугацаатай онцгой дэглэм тогтоож, энэ хугацаанд Онцгой бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбатад тус компанийн үндсэн үйл ажиллагаа, зохион байгуулалт, төлбөр тооцоог сайжруулж, орлогыг нэмэгдүүлэх асуудлыг шууд хариуцан гүйцэтгэж, төлөөлөх эрх олгосон.
Мөн 2022 оны арванхоёрдугаар сарын 9-ний ээлжит бус хуралдаанаас жижиг “Тавантолгой” ХК-д зургаан сарын хугацаатай онцгой дэглэм тогтоож, П.Сайнзоригт тус компанийн үндсэн үйл ажиллагааг удирдлага, зохион байгуулалтаар хангаж, санхүүгийн үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллах эрх, “Тавантолгой төмөр зам” ХХК-д зургаан сарын хугацаатай онцгой дэглэм тогтоож, Н.Мягмарт компанийн бүтцийг оновчтой хэлбэрт оруулах, шаардлагатай бол зарим ажилтныг чөлөөлөх, томилох, төмөр зам барих явцад хөрөнгийг зөв зарцуулсан, эсэхийг тогтоох, аудитын шалгалт оруулах, хууль зөрчсөн байж болзошгүй гэрээг хуулийн байгууллагад өгч шалгуулах, компанийн худалдан авах ажиллагаанд санхүүгийн иж бүрэн хяналт хийж, дүнг Засгийн газрын хуралдаанаар танилцуулах үүргийг өгч томилсон байдаг.
П.Сайнзориг, Н.Мягмар хоёр хагас жил ажиллаад буцаж ирсэн. Хавар, зургадугаар сард ажлаа дуусгаад ирсэн гэх П.Сайнзориг, Н.Мягмар нартай, ялангуяа жижиг “Тавантолгой”-д ажилласан П.Сайнзоригтой холбоотой тухайн компаниудын санхүү , боловсон хүчний асуудлаарх сөрөг мэдээллүүд тухайн үед нэлээд гарч байв. Гэхдээ П.Сайнзориг ХЗДХ-ийн Төрийн нарийн бичгийн дарга учраас тэгсгээд намдсан биз. Удалгүй нам жим болсон.
Харин Ж.Ганбат нь “Эрдэнэс Тавантолгой”-доо үлдсэн. Түүнийг “…Нүүрсээ биржээр зараад Монгол Улсад арвин их ашиг авчирч байна” гээд магтаад л байна. П.Сайнзоригийг ч “…Өр барагдуулсан” гээд өөд уруугүй хөөргөсөн.