spot_img
ЭхлэлНийгэм50-ААД НАСНЫХАН Л ҮЛДЭЖ ХОЦОРСОН МОНГОЛЫН ХӨДӨӨ

50-ААД НАСНЫХАН Л ҮЛДЭЖ ХОЦОРСОН МОНГОЛЫН ХӨДӨӨ

Уудам Монгол орноороо нар зөв тойроод Улаанбаатар хотдоо аяны дөрөө мултлахад сэтгэл нэг л тавгүй. Шаваг тэсэгтэй баруун говьд шанд булаг нүдэнд торохгүй, сарьдаг уулсын мөнх цас шовх оройдоо үзэгдэх төдий багасжээ. Дэлхийн уур амьсгалын өөрчлөлт дулаарал, уул уурхайн замбараагүй хяналтгүй байдлаас болж Монгол орны нийт газар нутгийн 80 хувь цөлжилтөд автсан байна. “Цаг уурын станцууд дээр багажаар хийсэн ажиглалтаар агаарын жилийн дундаж температур Монголд 1940 оноос 2011 оны хооронд 2.16C- ээр дулаарсан нь дэлхийн дундажтай харьцуулахад маш өндөр үзүүлэлт юм.

Монголд сүүлийн 77 жилийн мэдээгээр хамгийн их дулаан 1997 оноос хойш тохиолдсон нь дэлхийн дулаарлын хандлагатай нийцэж байгаа бөгөөд дэлхийн хэмжээнд хамгийн хурдацтай дулаарч байгаа орны нэг болж байгаа юм.”https://www.ubinfo.mn/read/10557

Уул, тал, хээр хөндийгөөр мал бэлчих ч бог бод ялгаагүй засмал зам даган идээшилж заримдаа машинд дайруулж үхсэн сэг зэм тааралдах нь нэгийг өгүүлэх шиг. Хангай говь ялгаагүй ургамлын шим муудан армаг тармаг газраар шарилж, халгай голдуу ургасан дэлгэр намрын цагт ч малын хамар хатгах олигтойхон идэш олдохгүй байгаа бололтой.Дүүртэл таргалсан хонь ямаа, адуу үхэр ховор байна. Ихэнх нь арьсан дороо усан тэвээрэг авсан бололтой.
Намрын мал налайн, гэдсээ ивж хэвтээд л цаанаа л нэг цатгалан байдаг сан. Дандаа л газар хошуугаа газар хатган засмалын хажуугаар далан гуу даган цувж яваа харагдах.Малынхаа араас мотортой, моторгүй унаа мордож салхинд борлосон малчид Монголчууд гэхээсээ Төвд, Бутанууд аятай. Хятадын зохиолч Ма Жианы “Хэлээ гарга” номонд гардаг шиг зэрлэг, хоцрогдмол дүрүүд олон тааралдана.

Хэзээ ч тосон нүнжгээ гээж үзээгүй нүүдэлчин заяаг минь гадна дотнын хязгааргүй шунал ингэтэл нь соржээ. Ухсан нүх, овоолсон шороо энд тэндгүй холхих ачааны том машинуудын мөрөөр улайссан хангай говь. Алаг морины хондлой шиг армаг тармаг цоохортон оочны сахал шиг сөрвийсөн сөөмгөр шар өвс бараадан хөөрхий малчид малаа оторлож, явган нүцгэн, унаатай унаагүй, оронтой оромгүй нүүдэллэн явааг харахад сэтгэл эмтрэм.

Малаа даган бидэрч яваа гандмал дээлтэй, нүүрнийх нь үрчлээ болгонд орчлонгийн тоос шингэж, нүдэндээ хорвоог түмэнтээ эргэцүүлэн явах тэднийг ажиглахад ихэнх нь 50-аад насныхан. Хүүхдүүд нь цөм хичээл сургуульдаа явцгааж залуус ажил төрөл бараадан хот орныг зорьсон бололтой. Хязгааргүй үргэлжлэх тэнгэрийн хаяа руу, аажим жаргах нарны шаргал туяанд шилбүүр үүрэн, хэдэн малаа гилэн хөсөг хөтлөн нүүдэллэж одох тэдний араас хоолой зангиран харж зогсохдоо 21-р зууны хамгийн сүүлийн нүүдэлч, малч Монголчууд… гэх өр зурсан бодол өрцнөөс тархинд, тархинаас нүдний аяганд мэлтэрлээ.
Д.Энхбат

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл оруулна уу!!!
Нэр оруулах

Шинэ мэдээ
Их сэтгэгдэлтэй
Их уншсан
Ulaanbaatar
clear sky
-19.9 ° C
-19.9 °
-19.9 °
77 %
1kmh
0 %
Нар
-3 °
Даваа
-3 °
Мяг
-1 °
Лха
1 °
Пүр
-4 °
spot_img