spot_img
ЭхлэлХуульШүүх эрх мэдлийн хөгжлийн бодлогын талаар шүүхийн захиргааны албан...

Шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлогын талаар шүүхийн захиргааны албан хаагчид хэлэлцэж байна

Шүүхийн захиргааны албан хаагчдын “Шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлого” сэдэвт хэлэлцүүлэг 2023 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Төрийн ордонд эхэллээ.

Бүх шатны шүүхийн захиргааны албан хаагчид, Улсын Их Хурал, Засгийн газар, Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хороо, олон улсын байгууллагын төлөөлөл уг хэлэлцүүлэгт оролцож байгаа юм. Хэлэлцүүлгийг нээж Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Р.Онончимэг үг хэллээ.

Хэлэлцүүлгийн эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн илгээлтийг Ерөнхийлөгчийн Хууль зүйн бодлогын зөвлөх А.Бямбажаргал уншиж танилцууллаа. Монгол Улсын Ерөнхийлөгч илгээлтээ “Та бүхэн шүүхээр эрхээр хамгаалуулахаар ирсэн иргэдийг анхлан тосож авч, үдэн гаргадаг, шүүхийн нүүр царай болдог нэн чухал хариуцлагатай албан хаагчид юм. Иймд та бүхэн мэргэжлийн ёс зүй, сахилга хариуцлагыг чанад сахиж, хичээн хөдөлмөрлөх ёстойг онцгойлон анхааруулж байна” гэжээ.

Монгол Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзоригийн мэндчилгээг Тамгын газрын дарга С.Заяадэлгэр уншиж танилцуулсан юм. Ерөнхий шүүгч мэндчилгээндээ “Шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлогын нэг чухал бүрэлдэхүүн хэсэг нь шүүхийн захиргаа бөгөөд  шинэчлэлийн хүрээнд “Шүүхийн захиргааны бие даасан загвар”-ыг хөгжүүлэх эрх зүйн орчинг бүрдүүлснээр захиргааны ажилтнуудыг улам мэргэшүүлэх, нийгмийн баталгааг дээшлүүлэх боломж нэмэгдэнэ гэж итгэж байна. Цаашид шүүхийн захиргааны ажилтны эрх зүйн байдлыг тусгайлан тогтоох хэрэгцээ, шаардлага байгааг цохон тэмдэглэе” гэж онцолжээ.

“Шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлого, стратеги зорилтууд”, “Цогц чадамжтай, мэргэшсэн, тогтвортой шүүхийн захиргаа” сэдвүүдээр Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Н.Отгончимэг, А.Отгонцэцэг нар илтгэл тавьж, Улсын Их Хуралд уламжлах “Шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлого” баримт бичгийн төсөл, шүүхийн захиргааны төв байгууллагын бодлого, хэрэгжүүлж буй ажлыг танилцууллаа. “Шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлого”-ын төсөлд шүүхээр үйлчлүүлэгчдийн эрхийг бүрэн эдлүүлж, шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангахаас гадна захиргааны менежментийг орчин үеийн шаардлагад нийцүүлэн, шүүхийн хүний нөөцийн чадавхыг тасралтгүй хөгжүүлэх, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, үйлчилгээний дэд бүтцийг хөгжүүлэх, хэрэг хянан шийдвэрлэхэд тохирсон тогтвортой тогтолцоог бүрдүүлэх, нээлттэй, ил тод байдлыг дээшлүүлэх зорилтуудыг тусгасан аж.

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны дарга Б.Энхбаяр, Төрийн албаны зөвлөлийн гишүүн С.Цэдэндамба, Улсын дээд шүүхийн Тамгын газрын дарга С.Заяадэлгэр, Засгийн газрын Хүний нөөцийн газрын дарга С.Алтангэрэл, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хөдөлмөрийн харилцааны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Алимаа, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ)-ийн “Шүүх, эрх мэдлийн байгууллагуудын эрх зүйн орчинг боловсронгуй болгох, чадавхыг сайжруулах” төслийн удирдагч Л.Заяа, Дорнод аймаг дахь шүүхийн Тамгын газрын дарга Ц.Мөнхсайхан нар хэлэлцүүлгийг удирдаж, дээрх сэдвүүдээр байр сууриа илэрхийлсэн юм.

Хэлэлцүүлэг үдээс хойш шүүхийн захиргааны өнөөгийн байдал, ажилтны хөгжил сэдвийн хүрээнд үргэлжилнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Р.Батрагчаа, Шүүхийн сахилгын хорооны Ажлын албаны дарга Д.Мөнхзориг болон зарим шүүхийн тамгын газрын дарга нар чиглүүлэгчээр ажиллаж, захиргааны ажилтнууд байр сууриа  илэрхийлэх юм. Тухайлбал, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын дарга, “Монголын шүүхийн захиргааны ажилтны холбоо”-ны тэргүүн Н.Батхүү “Шүүхийн захиргааны өнөөгийн байдал, цаашдын хандлага” сэдвээр илтгэл хэлэлцүүлнэ.

Шүүхийн захиргааны ажилтнуудын “Шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлого” хэлэлцүүлгийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн 30 жилийн ойн хүрээнд зохион байгуулж байгаа юм.

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл оруулна уу!!!
Нэр оруулах

Шинэ мэдээ
Их сэтгэгдэлтэй
Их уншсан
Ulaanbaatar
clear sky
-2.9 ° C
-2.9 °
-2.9 °
46 %
1kmh
0 %
Бям
-2 °
Нар
-12 °
Даваа
-12 °
Мяг
-8 °
Лха
-6 °
spot_img