spot_img
ЭхлэлНийтлэлД.Амарбаясгаланд Д.Сумьяабазарын нээсэн ёс зүйн хаалгаар гарахаас өөр гарц...

Д.Амарбаясгаланд Д.Сумьяабазарын нээсэн ёс зүйн хаалгаар гарахаас өөр гарц үлдсэнгүй

Намрын  чуулган нанчилдаантай эхлэв. Яг ч чуулган биш л дээ. Чуулганы өмнөхөн дэлбэ үсэрч, сүүлийн хэдэн өдрийн турш алдар суугаа дуурсгаад байгаа ногоон автобусны шахаатай холбоотой. Энэ шахаа олон даргын ажил амьдралтай тооцоо бодож эхэллээ. Ногоон автобус ч арай дэндүүлсэн авлигын хэрэг байна билээ. Ядаж цоо шинийг авчраад түүн дээрээ хэдэн төгрөг нэмээд идэж болно доо. Тэгээгүй. Шууд капиталдаж оруулж ирээд дэлхийд байхгүй үнээр шахчихжээ. Энэ авлига дагуулсан бизнес арав гаруй жилийн тэртээгээс үргэлжилсэн гээд байгаа нь ноцтой юм. Хууль хяналтынхан мөрдөн шалгаад эхэлсэн. Нэг тийш болох нь тодорхой болсон.

Харин чуулган эхэлдэг өдөр энэ ногоон автобуснаас болоод Түгжрэлийн сайд Ж.Сүхбаатар, Нийслэлийн Засаг дарга Д.Сумьяабазар нар ажлаа өглөө. МАН-ын УИХ дахь бүлэг уржигдар хоёр ч удаа хуралдаж, сайд, дарга хоёрын ажлаас чөлөөлөгдөх өргөдлийг нэг нэгээр нь хэлэлцсэн байна. Хоёулаа ногоон автобусны асуудлыг сайн мэдэхгүй ажээ. Харин ёс зүйн хариуцлага хүлээж буйгаа хоёулаа тодотгож хэлсэн байна.

Д.Сумьяабазарын хувьд сайн муу хэлүүлээд Нийслэлийн Засаг даргын ажлыг муугүй л амжуулж ирсэн. УИХ-ын гишүүний ажлаа өгч байгаад тэр ажилд очсон. Ямар ч хүн явахаар ямар байсан нь мэдэгддэг л дээ. Ж.Сүхбаатар ч гайгүй хуульч гишүүдийн нэг. Сонирхолтой нь тэд “Ногоон автобусыг Д.Амарбаясгалан дарга мэднэ” гэчихэв.

Харин ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангийн хэвлэлийн төлөөлөгч өчигдөр цахим сүлжээнд тайлбар хийсэн байна. Тэр “ЗГХЭГ-ын даргын Хэвлэлийн төлөөлөгчийн хувиар хэдэн зүйлд тайлбар хийх шаардлагатай байна. Юун түрүүнд, 2022 оны аравдугаар сарын 8-нд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, Хот хариуцсан сайд Ж.Сүхбаатар, Нийслэлийн Засаг дарга Д.Сумьяабазар нар “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын хоёрдугаар баазад ажиллаж, нийтийн тээврийнхэнтэй анх удаа уулзсан. Үүнээс цааш ажлын хэсгийн уулзалт нэг удаа болсон бөгөөд миний хувьд хэвлэлийн төлөөлөгчийн хувиар тус уулзалтад оролцоход Нийслэлийн Засаг дарга Д.Сумьяабазар байгаагүй. Тус хурал 2022 оны аравдугаар сарын 14-нд болж төр, хувийн хэвшлийн аль нь үйлчилгээ явуулах нь гол биш, иргэдэд тав тухтай, хүртээмжтэй үйлчилгээ үзүүлэх нь чухал учраас нийтийн тээврийг либералчлах асуудлыг хөндсөн. “17 компани нэг корпораци болж, хувь эзэмших зарчмаар ил тод нээлттэй ажиллая” гэсэн саналыг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан тавьсан. Гэвч энэ асуудал ажил хэрэг болж чадаагүй гэдгийг энд тодотгоё. Уг хуралд Хот хариуцсан сайд Ж.Сүхбаатар, Нийслэлийн Цагдаагийн газрын дарга, нийслэлийн нийтийн тээвэр хариуцсан удирдлага, нийтийн тээврийн салбарынхан оролцсон зургийг хавсаргав. Д.Сумьяабазар даргын ярьсан шиг “Тэнүүн-Огоо” гэх компанитай Д.Амарбаясгалан дарга анх уулзуулсан гээд байгаа явдал болоогүй бөгөөд 2022 оны аравдугаар сарын 8-нд Ерөнхий сайд нийтийн тээврийнхэнтэй уулзахад ЗГХЭГ-ын дарга болон Хотын дарга байлцсанаас өөрөөр хоорондын уулзалт болоогүй гэдгийг хэлмээр байна” гэв.

ЗГХЭГ-ын даргын Хэвлэлийн төлөөлөгчийн энэ тайлбараар ногоон автобусын асуудалд Ерөнхий сайд нь ч оролцсон болж таарав. Ерөнхий сайдыгаа энэ асуудалд татаад оруулаад ирлээ. Гэтэл Ерөнхий сайд нь “Авлигын сэдэлтэй асуудал гаргасан хэнтэй ч хариуцлага тооцно” гээд уржигдаржин сэлэм эргүүлж, Ж.Сүхбаатар, Д.Сумьяабазар хоёрыг чөлөөлөөд, баахан хүнийг АТГ руу дуудуулж, 461 рүү ачуулаад л байсан. “Үхэх хүн ханьсаг” гэдэг л болчих шиг боллоо. Уул нь Л.Оюун-Эрдэнэ нь танхимын сайдаа, өөрийн талд байдаг Нийслэлийн Засаг даргаа шахсаар байгаад өргөдлийг нь өгүүлчихсэн гэдэг. Улс төрд нь хань бараа болж явсан хүнийх нь бараа далдраагүй байхад ингэж байгаа нь нэгийг хэлээд л байна. Урьд урьдны ЗГХЭГ-ын дарга нар Ерөнхий сайддаа хань, шадар болж ажилладаг номтой. Харин тэр нь үгүй бололтой.

Ер нь ногоон автобусны энэ заваан авлига ил гарч ирсэн нь монголчуудад хожоотой явдал болсон. Энэ бас тайлбартай. Найман жил засагласан МАН-ын ногоон автобусын но яагаад өнөөдөр гарч ирж байгаа талаар нөгөө нэг тамхины цэг гэдэг бил үү, улс төрийн хов жив яриад байдаг газруудаар нэг мэдээлэл битүү яригдаж байна. Энэ бол МАН дотор эртнээс өрнөж байгаа нанчилдааны үр дүн гэнэ. Нийслэлд хоёр бүлэглэл байдаг. Нэг нь хуучин Хотын фракцын суурь дээр өндийсөн Д.Амарбаясгалан, Ж.Батбаясгалан, С.Амарсайхан нар, нөгөө нь Сонгинын фракц гэх Д.Сумьяабазар, Х.Нямбаатар, Н.Учрал нарын удирдлагатай гэсэн мэдээллүүд Хотын фракц нь Сонгинын фракц гэдгээ унагаж нийслэлийг авах гээд үзэлцээд байсан юм уу даа. Харин ногоон автобус ингэж гэнэт гарч ирсэн нь Д.Амарбаясгалангийн талаар гадаадын сайтад “Дашзэвэгийн Амарбаясгалангийн Зөвлөлт маягийн авлигын хэрэг Монголыг тогтворгүй болгож байна” гэх нийтлэл тавигдсантай шууд холбоотой гэх. Тэр нийтлэлд маш ноцтой баримтууд бичигдсэн байна билээ. Д.Амарбаясгалан “Энэ бүхнийг Сонгинын фракц хийлээ” гэж хардсан. Тэгээд ногоон автобусыг дэлгэсэн бололтой. Гэвч тэр тооцоо алджээ. Ногоон автобусны асуудал санаснаас хол явж Монголын улс төрийг бужигнуулж, энэ шуугиан олон улсын мэдээллийн тавцанд гарч орхив. Буцаад өөрийг нь ч ороочихлоо. Ийм мэдээлэл бас л яригдаж байна. Дээрээс нь Д.Амарбаясгалангийн нам, төрийг хослуулан бариад байгааг шүүмжилдэг хэсэг байдаг. МАН-ын дүрмийн 29 дүгээр зүйлийн 29.2 дээр “Ерөнхий нарийн бичгийн дарга орон тооны байх бөгөөд өөр ажил, албан тушаал эрхлэхийг хориглоно” гэж заасан. Намынхаа дүрмийг ингэж зөрчсөн. Энэ зөрчлөө ч бас арилгах ёстой юм. Тэгэхээр Д.Амарбаясгаланд Д.Сумьяабазарын нээсэн ёс зүйн хаалгаар гарахаас өөр гарц үлдсэнгүй.

П.Хуяг

“Өдрийн сонин”

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл оруулна уу!!!
Нэр оруулах

Шинэ мэдээ
Их сэтгэгдэлтэй
Их уншсан
Ulaanbaatar
light snow
-9.9 ° C
-9.9 °
-9.9 °
67 %
4kmh
75 %
Нар
-10 °
Даваа
-13 °
Мяг
-13 °
Лха
-7 °
Пүр
-5 °
spot_img