Засгийн газрын өнөөдөр /2023.10.04/-ийн ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцууллаа.
Энэ үеэр Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээлэл хийсэн юм. Тэрбээр “Өнөөдрийн хуралдаанаар гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр шийдвэр гарсан. Нэг жилийн өмнө 2.4 тэрбум ам.долларт хүрч, төгрөгийн ханш өдөрт 2-6 төгрөгөөр хэлбэлзэж, унаж байсан билээ. Нэг жилийн дотор авч хэрэгжүүлсэн арга хэмжээг та бүхэнд танилцуулъя.
Нэгт. Монгол Улсын валютын нөөц 4.1 тэрбум ам.долларт хүрчээ. Өөрөөр хэлбэл 1.6 тэрбум ам.доллароор нэмэгдээд байна. Мөн энэ оны эхний найман сарын байдлаар эдийн засгийн өсөлт 6.5 хувьтай байгааг Монголбанкнаас мэдээллээ. Түүнчлэн төгрөгийн ханш чангарч байна.
Хоёрт. Энэ оны эхний есөн сарын байдлаар нүүрсний экспорт 47 сая тоннд хүрсэн. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 28 сая тонноор нэмэгджээ. Зэсийн баяжмал нэг сая тоннд хүрсэн. Өнгөрсөн жилээс таван хувиар өссөн.
Энэ бүхэн валютын нөөцийг нэмэгдүүлснээр үүссэн зүйл юм” хэмээлээ.
Үргэлжлүүлэн тэрбээр “Ашигт малтмалыг худалдан борлуулах тээвэрлэх гэрээг бүртгэлжүүлсэн. Экспортыг гааль, татварын автомат бүрдүүлэлтийн системээр дамжуулж хийж байгаа. Тиймээс энэ жилийн 1.8 их наяд төгрөгийн төсвийн тодотгол хийж чадсан юм. Мөн уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тогтолцоо бий болсон нь нөлөө үзүүллээ. Уул уурхайн экспорттой холбоотой нийт 544 гэрээг олон нийтэд ил болгосон. Мөн тээврийн компаниудын төлж буй татвар 45 хувиар нэмэгдсэн” гэв.