spot_img
ЭхлэлонцлохЯ.Содбаатар: Монгол Улсын гадаад бодлого идэвхжсэнээр эдийн засагт бодит...

Я.Содбаатар: Монгол Улсын гадаад бодлого идэвхжсэнээр эдийн засагт бодит үр дүн авчирч байна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатартай ярилцлаа.


-Ерөнхийлөгч У.Хүрэлсүх сая БНХАУ-д болсон “Бүс ба Зам” арга хэмжээнд оролцлоо. Манай улсын хувьд энэхүү санаачилгад нэгдсэнээр ямар үр дүн хүлээж байна. Том зургаараа бидэнд ямар боломжуудыг авчрах вэ?

-БНХАУ-ын дарга Си Жиньпинийн арван жилийн өмнө дэвшүүлсэн “Бүс ба Зам” санаачилга нь “Дэлхийн хүн төрөлхтөн газар нутгийн байршлаас үл хамааран агаарын зам, автозам, тээвэр, дэд бүтэц, соёл уламжлал, боловсрол, эрүүл мэнд гээд бүх чиглэлээр нэгдэн холбогдох ёстой” гэдгээс үндэслэж гарсан. Энэ нь өнөөдөр Азийн бүс нутагт хамгийн үр өгөөжөө өгч байгаа санаачилгуудын нэг болсон байна. Манай улсын хувьд “Бүс ба Зам”-ын дээд түвшний хуралд тасралтгүй оролцож ирсэн. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ удаа БНХАУ-ын дарга Си Жиньпинийн урилгаар “Бүс ба Зам” санаачилгын дээд түвшний гурав дахь удаагийн уулзалтад оролцлоо. Манай улсын хувьд дэлхийн хоёр том гүрний дунд оршдог газар зүйн байршлаа давуу тал болгон ашиглаж, гарцаа нэмэгдүүлэх боломж гэж харж байгаа. Иймд евроазийг холбосон эдийн засгийн коридорууд байгуулахад Монгол Улс идэвхтэй оролцох ёстой. Энэ байр сууринаас авч үзвэл өөрийн нутаг дэвсгэртээ хөрөнгө оруулалт татаж чадах юм. Цаашид Орос, Хятадыг төдийгүй хоёр тивийг холбосон автозам, төмөр зам, газын хоолой, агаарын, эрчим хүчний чиглэлээр холболтууд хийгдэнэ.

Улс орон бүр давуу болон сул талтай байдаг. Манай улсын хувьд сул тал нь хоёрхон хөрштэй, далайд гарцгүй орон. Гэхдээ бид зөв бодлого гаргаад, тогтвортой хэрэгжүүлж чадах юм бол “Хүн далайд гарцтай орон” гэж Монгол Улсын ерөнхийлөгч үздэг. Учир нь бид дэлхийн хүн амын хамгийн шигүү суурьшилтай бүс нутагт байна. Энэ агуулгаараа Монгол Улс эдгээр орнуудад экспортлох бараа бүтээгдэхүүнээ нэмэгдүүлэх боломжтой. Цаашлаад дэд бүтцийн болон зөөлөн дэд бүтцийн бүх холболтыг хийснээр дэлхийн бүс нутагт явагдаж байгаа интеграцид идэвхтэй оролцох нөхцөл бүрдэнэ.

-Ази, европыг холбосон эдийн засгийн коридорын хүрээнд манай улс хоёр хөрштэйгөө хэрэгжүүлэх 32 төсөл бий. Автозам, төмөр замын салбарт өрнүүлэх бүтээн байгуулалтын ажлуудын явцыг талууд хэрхэн дүгнэв?

-“Бүс ба зам” санаачилгын хүрээнд хилийн боомтын өргөтгөл, шинэчлэлийн ажлууд ерөнхийдөө шувтарч байна. Замын-Үүд, Гашуунсухайтаас өгсүүлээд томоохон боомтууд шинэчлэгдэж байгаа. Тэр дундаа боомтуудын хүчин чадлыг нэмэгдүүлэх чиглэлээр томоохон төсөл хөтөлбөрүүдийг Хятадын талтай хамтраад амжилттай хэрэгжүүлж байна. Удахгүй ОХУ-аас Хятад руу чиглэсэн байгалийн хийн хоолой тавих ажил эхэлнэ. Энэ бол асар том мөнгөн дүнтэй. Нөгөө талдаа манай эдийн засагт том үр өгөөжөө өгөх юм. Гурван улсын дунд хэрэгжих хамгийн том төсөл нь энэ. Автозамын хувьд бид баруун бүсээрээ Орос Хятадыг холбосон “H4” буюу Ховдоор орж ирээд Баян-Өлгийгөөр гарах томоохон бүтээн байгуулалтыг сүүлийн арван жилд хийсэн. Азийн хөгжлийн банкны болон бусад дэмжлэгтэйгээр энэ замыг бүтээн байгуулсан. Мөн Монгол Улс сүүлийн таван жилийн хугацаанд 1000 км төмөр зам барилаа. Энэ бол том амжилт. Одоо үүнийгээ БНХАУ-ын зах зээлтэй хилийн холболтууд хийх шаардлага байна. Цаашдаа төмөр замын төв магистралаа шинэчлэх ёстой. Тухайлбал, Замын-Үүд Алтанбулаг, ОХУ-аас БНХАУ-ыг холбосон хурдны замыг төв магистрал дээрээ барина.

Баруун, зүүн босоо тэнхлэгүүдийн төмөр замыг бас оруулах ёстой. Ялангуяа, зүүн босоо зам өнөөдөр маш их хэрэгцээтэй байна. ОХУ-д эдийн засгийн хориг тавьсантай холбогдуулаад тус улс ази руу чиглэсэн бодлого түлхүү баримталж байгаа. Иймд Орос-Хятадын тээврийн ложистикийн хувьд нэлээд түгжирч, хүндрэл үүсэх нөхцөл бий болж байна. Хэрэв манай улс зүүн коридорын төмөр замаа бүтээн босгож чадвал төв Орос Хятадыг холбох дөт зам болно. Өөрөөр хэлбэл, Сибирийг Хятадын хамгийн их үйлдвэржиж байгаа зүүн хойд мужтай холбох боломжтой. Нэг ёсондоо хойноос Эрээнцаваар оруулж ирээд Бичигтийн боомтоор урагш гаргах боломжтой. Тэнд бид хэд хэдэн автозамын холболтыг улсын төсвийн хөрөнгө оруулалт болон гадаадын зээл тусламжаар хийгээд эхэлсэн. Нөгөө талд Арц сууриар оруулж ирээд урагшаа Хятад руу холбох баруун босоо тэнхлэгийг барих ёстой. Тэгж чадах юм бол Монгол Улс Алтайн хязгаар, Тува, Уралаас нааших бүс нутгийг шууд Хятадтай холбох суваг болно. Автозам нь үндсэндээ холбогдчихлоо.

-Эрчим хүчний хувьд Монгол Улс бүс нутагтаа төдийгүй хоёр их гүрнийг холбосон идэвхтэй тоглогч байх боломжтой гэж энэ олон жил ярьж ирлээ. Эрчим хүчний салбарт бодит хэрэгжих төслүүд юу байна вэ?

-Нар, салхины сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх шаардлагатай. Нөгөө талдаа ОХУ-аас БНХАУ руу чиглэсэн байгалийн хийн хоолойг барих ажил сүүлийн тав, зургаан жил маш идэвхтэй яригдаж байна. Өнөөдөр оролцогч бүх талын улс төрийн шийдэл нь гарсан. Одоо энэ төсөл явах байх. Гол нь хоёр хөрш хийн хоолойныхоо үнийг тохирч чадвал бүтээн байгуулалтын ажил бодитой хэрэгжих нөхцөл бүрдэнэ. Эдийн засгийн коридор болж байгаа эдгээр төслийг явуулснаар манай улсын хүртэх үр өгөөж нь эдийн засагт жин дарна. Тиймээс “Бүс ба Зам” санаачилгын хүрээнд бид идэвхтэй байр суурьтай оролцож ирсэн.

-Ерөнхийлөгч У.Хүрэлсүх сая “Бүс ба Зам” арга хэмжээний үеэр Си Жиньпин, В.В.Путин нартай уулзсан. Оролцогч орнуудын анхаарлыг татсан хоёр талын уулзалтуудаар ямар шийдэлд хүрсэн бэ?

-Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын болон ОХУ-ын төрийн тэргүүнүүдтэй хийсэн хоёр талын уулзалт нь бүс нутгийн харилцаанд чухал ач холбогдолтой. ОХУ-ын ерөнхийлөгч В.В.Путин, манай Ерөнхийлөгч нарын уулзалтын уур амьсгал халуун дулаан, найрсаг яриа өрнүүлсэн. Энэ үеэр В.В.Путин Монгол Улстай хамааралтай бүх сайд болон Оросын төмөр зам, “Роснефть”, “Газпром” компанийн ерөнхий захирлуудаа авчирч уулзалтад оролцуулсан. Талууд харилцаагаа эрчимжүүлье хэмээн хоёр Ерөнхийлөгчийн байр сууринаас илэрхийлсэн. Уулзалтын үр дүнд манай хоёр орны хооронд сүүлийн 30 жил яригдсан том, том асуудлууд гацаанаас гарсан гэж ойлгож болно. Өөрөөр хэлбэл, хоёр улсын асуудлууд юун дээр гацаад байгаа, талууд юуг анхаарах ёстойг ярилцсан. Ер нь ОХУ-аас сүүлийн 30 жилд анх удаа бараг Засгийн газрын бүрэлдэхүүнтэй ийм том хурлыг хийлээ.

-Энэ хурлын үеэр манай улстай холбоотой хэд, хэдэн асуудлыг шийдсэн гэлээ. Та эхлээд хөдөө аж ахуйн бараа бүтээгдэхүүний татварыг бууруулах талаар ямар шийдвэр гарсныг тодруулахгүй юу?

-Монгол Улсаас сүүлийн 30 жилийн хугацаанд ОХУ руу гарч байгаа бараа бүтээгдэхүүнүүд өндөр татвартай байгаа. Иймд арьс, арьсан бүтээгдэхүүн, мах, махан бүтээгдэхүүн, ноос ноолууран бүтээгдэхүүн гээд энэ гурван том салбарын нийт 800 гаруй нэр төрлийн бараанд ногдуулдаг ОХУ-ын татварыг бууруулах цаашлаад тэглэх арга хэмжээ авах тал дээр хоёр улсын Ерөнхийлөгч чиглэл гаргасан. Ойрын үед Орос Монголын Засгийн газар хоорондын комиссын хурал болно. Тэр хурлаар уг асуудал нааштай шийдэгдэх байх. Хоёр улсын Төрийн тэргүүний уулзалтаар яригдсан дараагийн асуудал бол эдийн засгийн коридорын том төслүүд байв. Энэ хүрээнд төв коридороо шинэчлэх, байгалийн хийн хоолойн ажлаа урагшлуулж, бүтээн байгуулалтыг нь эхлүүлэх тодорхой шийдлүүдийг ярилцсан.

-Оросын талын эсэргүүцэлтэй тулгарч, он удаан жил гацсан мега төсөл бол Эгийн голын усан цахилгаан станц байна. Сая хоёр улсын ерөнхийлөгч Бээжинд уулзах үеэр энэ төсөл шийдэгдлээ. Эгийн голын УЦС-ын ажил хэзээнээс хэрэгжиж эхлэх бол?

-Энэ бол хоёр улсын хооронд олон жил яригдсан асуудал гэдгийг бүгд мэдэж байгаа. “Эгийн голын усан цахилгаан станцын Байгал нуурт нөлөөлж байгаа нөлөөллийг хоёр талдаа судалъя. Ер нь Эгийн голын УЦС-ыг хамтарч хэрэгжүүлэхэд болохгүй асуудалгүй” гэдгийг талууд тохирлоо. Иймд хоёр улсын салбар яамдын хамтарсан ажлын хэсэг гарахаар болж байна. Хэрэв бид Эгийн гол, Эрдэнбүрэнгийн УЦС-ыг байгуулбал манай эрчим хүчний салбарт тохируулгын маш чухал бүтээн байгуулалтын ажил болж чадах юм. Том зургаараа бид эрчим хүчний хараат бус болох үндэс суурь тавигдана. Тиймээс үе үеийн төр засгийн хэмжээнд УЦС барих асуудлыг байнга хөндөж ирсэн. Харамсалтай нь сүүлийн жилүүдэд ОХУ-аас Эгийн голд УЦС байгуулбал Байгал нуурт ямар нөлөөлөл үзүүлэх вэ гэдэг асуудлыг гаргаж тавьсан учраас бүтээн байгуулалтын ажил нь зогсоод байсан. Харин ЮНЕСКО-гийн шинжээчдийн түвшинд тодорхой шийдлүүд гарч, үр дүнгээ өнөө жилээс танилцуулж эхэлсэн. Өмнө Монгол Улсын Ерөнхийлөгч 2021 онд ОХУ-д айлчлах үеэр бас Эгийн голын УЦС-ын талаар ярьсан. Түүнээс хойш хоёр тал нэлээд судалгаа шинжилгээ хийсэн. Ингээд хоёр улсын хамтарсан төсөл хэлбэрээр явуулах нь зүйтэй гэсэн чиглэлээр ажиллаж байгаа.

-В.В.Путин манай Ерөнхийлөгчтэй уулзахдаа нефтийн талаар сүрхий мэдэгдэл хийх шиг болсон?

-Орос, Украины дайн, ойрхи дорнодод өрнөж буй үйл явц дэлхий дахинд нефть бүтээгдэхүүний хангамж тасалдах, цаашлаад үнэ ханш нэмэгдэх хандлага ажиглагдаж байна. Ийм үед Монгол Улсад нийлүүлэх нефтийн бүтээгдэхүүнийг тасалдахгүй, найдвартай хангах асуудлыг ОХУ-ын ерөнхийлөгч биечилж хэлсэн. Хоёр улсын Төрийн тэргүүн энэ удаагийн уулзалтаараа Монгол Оросын уламжлалт харилцааны талаар ч бас санал солилцсон. Манай хоёр орны иргэд хоорондын, соёлын гээд иж бүрэн стратегийн түншлэлийн түвшинд харилцаагаа идэвхжүүлэхийг чухалчилсан. Мэдээж хоёр орны хамтдаа бүтээсэн түүх гэвэл Дэлхийн II дайн, Халх голын дайнд мөр зэрэгцэн ялалт байгуулсан үе. Тиймээс ирэх жил болох Халхын голын ялалтын баяр, 2025 онд тохиох Эх орны дайны тэгш ойнуудыг хамтарч тэмдэглэхээр ярилцсан.

-Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Си Жиньпин нарын уулзалт ямар үр дүнтэй болов. Талууд ямар, ямар баримт бичигт гарын үсэг зурсан бэ?

-Манай улсын Ерөнхийлөгч БНХАУ-ын даргатай уулзахдаа хоёр орны харилцааны асуудлуудыг нэлээд дэлгэрэнгүй ярилаа. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгч БНХАУ-д төрийн айлчлал хийсэн. Тухайн үед хоёр орны харилцааны олон асуудлыг тохирсон. Тэдгээрийн хэрэгжилтийн талаар үндсэндээ дүгнэж, эрчимжүүлэх чиглэлээр сая яриа хэлэлцээ өрнүүллээ. Ялангуяа Монгол Улсын экспортыг нэмэгдүүлэхэд анхаарсан. Тэр дундаа сүүлийн жилүүдэд нэлээд гацаад байсан хил холболтын цэгүүд, эрчим хүчний шинэ эх үүсвэрүүдийг бий болгох, экспортыг дэмжих асуудлуудаар тодорхой шийдлүүдэд хүрсэн. Хоёр улсын Засгийн газар хоорондын нийт арваад баримт бичигт гарын үсэг зурсан чухал уулзалт, албан ёсны хэлэлцээр боллоо. Энэ үеэр Эрдэнэбүрэнгийн УЦС-ын ажлыг эцэслэсэн. Ирэх хавар бүтээн байгуулалтын ажил нь эхэлнэ. Мөн Нарийнсухайт Шивээхүрэнгийн төмөр замын холболтын ажлыг эцэслэсэн баримт бичигт гарын үсэг зурлаа. Нүүрстөрөгчийг багасгах, ногоон хөгжлийн асуудлуудаар манай Эдийн засаг хөгжлийн яам, БНХАУ-ын Шинэтгэл хөгжлийн хороотой тодорхой баримт бичгүүдийг зурсан. Хоёр орны аялал жуулчлалыг хөгжүүлэх, энэ салбарт хамтран ажиллах асуудлуудаар тодорхой гэрээ хэлцлүүд хийгдлээ. Хилийн боомтуудын чадавхыг нэмэгдүүлж, өргөтгөх асуудлуудаар бас гэрээ хэлцлүүд хийсэн. Эндээс харвал хоёр улсын салбар салбарын хооронд яригдаж байсан асуудлууд шийдэлд хүрсэн байна. Нэг ёсондоо Монгол Улсын Ерөнхийлөгчийн энэ удаагийн айлчлалаар бид хоёр хөрштэйгөө нэлээд идэвхтэй хамтын ажиллагааны шинэ шатанд гарсан ажил хэрэгч уулзалтуудыг хийж чадлаа.

-Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн гадагшаа баримталж байгаа бодлогын талаар асуумаар байна. Манай улсад өнөө жил дэлхийн томоохон улс гүрнүүдийн төрийн дээд хэмжээний айлчлал ар араасаа үргэлжиллээ. Монгол Улс дэлхийн анхаарлыг татаж чадсан. Харин хоёр хөршийн хувьд энэ цаг үед биднийг яаж харж байна вэ?

-Үндсэн хуульд “Монгол Улсыг дотоод, гадаадад төлөөлөх цорын ганц субъект нь Ерөнхийлөгч байна” гэж заасан байдаг. Тэр агуулгаар гадаад бодлогын асуудал Монгол Улсын Ерөнхийлөгч дээр зангилагдаж явдаг. Иймд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын Төрийн тэргүүнээр сонгогдсоноосоо хойш гадаад бодлогыг сэргээх, шинэ шатанд гаргах чиглэлээр нэлээд санал санаачилгатай ажиллаж байна. Олон улсын түвшинд хэд хэдэн асуудлыг дэвшүүлж, идэвхтэй байр суурьтай ажиллаж байгааг та бүхэн мэднэ. Нэг талаасаа манайх шиг хөгжиж байгаа жижиг орон энэ цаг үед геополитик, стратегийн зөв байр суурин дээр байх ёстой. Өөрийнхөө баримталж байгаа бодлого, хэрэгжүүлж буй үйл ажиллагааг олон улсын тавцанд зөв илэрхийлэх нь нэн чухал. Цаашлаад Монгол Улсын тусгаар тогтнол, аюулгүй байдалтай нягт холбогдох асуудал. Энэ үүднээс НҮБ-ын Ерөнхий ассамблейн хурлуудад манай улс тасралтгүй оролцож байна. Мөн Монгол Улсын язгуур эрх ашиг, үндэсний аюулгүй байдалтай холбогдох олон улсын томоохон хурлуудад Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өөрийн биеэр оролцож, тусгаар улсынхаа байр суурийг илэрхийлж байгаа. Тухайлбал, бид бүхэн 2021 оноос хойш НҮБ-ын талуудын байгаль орчны чиглэлийн дээд хэмжээний уулзалтуудад байнгын оролцоотой байна. Уламжлалт харилцаатай улсууд болон гуравдагч хөрш орнуудтай харилцаагаа шинэ шатанд гаргах чиглэлээр нэлээд идэвхтэй ажиллаж байна. Тиймээс ОХУ, БНХАУ, Япон, Франц орнуудад Монгол Улсын Ерөнхийлөгчийн Төрийн айлчлалыг бид зохион байгууллаа. Харин гадаадаас ОХУ, БНХАУ-ын дээд хэмжээний төлөөлөгчид, сайд нар болон парламентын дарга нарын түвшинд Монгол Улсад айлчлан ирлээ. Мөн БНСУ, Япон, Герман, Англи онуудын Гадаад хэргийн сайд нарын, Киргыз, Польш, Франц зэрэг орнуудын төрийн тэргүүнүүдийн айлчлалыг хүлээн авлаа. Ватиканы Гэгээн Ширээт улсын Төрийн тэргүүн, Ромын пап Францис, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутерреш гээд дэлхий нийтийн анхаарлыг татахуйц томоохон айлчлалуудыг зохион байгуулж, хоёр талт харилцааны асуудлуудаар чухал шийдвэрүүд гаргалаа. Энэ нь манай орны нэр хүндийг олон улсын тавцанд өргөөд зогсохгүй шинэ шатанд ахиулах чухал үүрэг гүйцэтгэсэн томоохон хэмжээний айлчлалууд болсон.

-Эдгээр айлчлалууд манай улсын эдийн засагт хэрхэн үр өгөөжөө өгөх вэ?

-Айлчлал бол араасаа эдийн засгийн, соёлын гээд хоёр орны харилцааны маш олон эерэг үр дагаврыг дагуулдаг. Тиймээс Монгол Улсад дэлхийн томоохон улс орнуудын төрийн тэргүүнүүдийн айлчлалыг зохион байгуулах чиглэлээр идэвхтэй ажиллаж байна. Урьд нь жилдээ Монгол Улсын Ерөнхийлөгч гадагшаа 1-2 удаа төрийн айлчлал хийж, Монголд 2-3 төрийн айлчлал хүлээж авдаг байв. Энэ жилээс бид 5-6 удаа төрийн айлчлалыг хүлээж авлаа. Монгол Улсын Ерөнхийлөгч өөрөө 2-3 удаагийн төрийн айлчлал хийж байна. Ирэх жилээс гадаадаас 8-10 дээд хэмжээний айлчлал хүлээж авч, тэр хэмжээний гадагшаа төрийн айлчлал хийхээр төлөвлөөд байгаа.

Дайнтай орны төрийн тэргүүнтэй манай Ерөнхийлөгч уулзаж, хоёр улсын харилцааг идэвхжүүлэх байр сууриа илэрхийлснийг гуравдагч хөршүүд маань хэрхэн хүлээж авах бол. Энэ тал дээр таны байр суурийг сонсъё?

-Монгол Улсын гадаад бодлогодоо гаргаж ирсэн том үзэл баримтлал бол гуравдагч хөршийн бодлого. Манайх шиг далайд гарцгүй, хоёр том гүрний дунд оршдог орны хувьд асар зөв бодлого байсан гэдгийг өнөөдрийн Монгол Улсын Ерөнхийлөгч гадаад бодлогодоо маш хатуу байр суурь баримталж байгаагаас харж болно. Мэдээж бид энэ цаг үед тэнцвэртэй, харилцан ашигтай гадаад бодлогыг явуулах нь чухал. Харилцаа бол итгэлцэл. Иймээс дипломат ёсонд ч, хүн хоорондын харилцаанд ч итгэлцлийг чухалчлах ёстой. Энэ үүднээс бид хаана ч, хэнтэй ч харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх хэрэгтэй. Одоо гуравдагч хөршийн болон хоёр хөршийн зүгээс манайхыг ямар нэгэн байдлаар үл ойлгох юм уу, дарамт шахалт байхгүй. Үндэсний язгуур эрх ашиг хаана байна, харилцан ашигтай хамтын ажиллагааг яаж хөгжүүлж болдог юм, эргээд энэ хүрээнд Монгол Улсын эдийн засаг цаашлаад ард түмний амьдралд, улсын хөгжилд үүсэх боломж, давуу тал болгоныг бид ашиглаж тэмүүлж байгаа. Тиймээс манай улсын гадаад бодлогын үйл ажиллагаа сүүлийн нэг жил гаруйн хугацаанд эрчимжиж байна. Цаашдаа ч бид эрчимжүүлнэ гэж харж байгаа. Дэлхий дахин хуваарилалтын ирмэг дээр байгаа энэ үед монголчууд хоёр хөрштэйгөө уламжлалт болон иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаагаа хөгжүүлэх ёстой. Үүний зэрэгцээ гуравдагч хөршийн бодлогоо бодитойгоор ажил амьдралдаа бэхжүүлэх чиглэлийг эрчимжүүлж байна.

М.МӨНХЦЭЦЭГ “

Өдрийн сонин”

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл оруулна уу!!!
Нэр оруулах

Шинэ мэдээ
Их сэтгэгдэлтэй
Их уншсан
Ulaanbaatar
scattered clouds
-9.9 ° C
-9.9 °
-9.9 °
79 %
1kmh
40 %
Бям
-6 °
Нар
-13 °
Даваа
-12 °
Мяг
-13 °
Лха
-7 °
spot_img