spot_img
ЭхлэлГадаад мэдээАНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Ойрх Дорнодод айлчилж байна

АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Ойрх Дорнодод айлчилж байна

Израил-Хамасын дайн эхэлснээс хойш АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен 2 дахь удаагаа Ойрх Дорнодод айлчилж байна. Тэрээр эхлээд Израилын Тель-Авив хотноо айлчилж, ерөнхий сайд Бинъямин Нетаняхутай галыг зогсоох талаар хэлэлцсэн боловч Израилын тал  энэ асуудалд татгалзсан хариу өгсөн. Дараа нь Блинкен Иордан улсад айлчилж, Египет, Иордан, Арабын Нэгдсэн Эмират, Саудын Араб гэсэн улсуудын тэргүүн нартай бүс нутагт үүсээд буй дайны галыг зогсоох талаар хэлэлцсэн ч талууд байр суурийн зөрүүтэй байгаагаас мөн л шийдэлд хүрч чадсангүй. Түүний айлчлах дараагийн улс нь Турк улс, өнөөдөр Туркийн ерөнхийлөгч Рэжеп Тайип Эрдогантай уулзаж хэлэлцэхээр хүрэлцэн очоод байна.

Блинкений айлчлалын босгон дээр эсэргүүцэгчид Туркийн нийслэл Анкара хотноо ерөнхийлөгчийн ордны гадаа болон гудамж талбайдад жагсаал хийсэн байна. Хэдэн зуун жагсагчдыг Туркийн цагдаагийнхан нулимс асгаруулагч, ус шүршигч ашиглаж байж Блинкений онгоцыг буухаас өмнө тараажээ. Ерөнхийлөгч Эрдоган Энтони Блинкентэй уулзахаар Туркийн зүүн умард руу хөдлөх товтой байгааг хэвлэлүүд мэдээлж байна. Блинкений хувьд Израил-Хамасын дайн эхлэхээс ч өмнө Туркийн гадаад хэргийн сайд Хакан Фидантай хоёр улсын хоорондох хэд хэдэн асуудлаар уулзаж хэлэлцэх төлөвлөгөөтэй байсан юм. Гэвч дайн эхэлснээс хойш АНУ болон Туркийн харилцаа нэлээд эгзэгтэй түвшинд очсон  гэж олон улсын ажиглагчид үзэж байна. Турк улс НАТО-ийн гишүүн бөгөөд, Ойрх Дорнодын асуудалд томоохон байр суурьтай оролцдог, олон улсад эрчимтэй гадаад бодлого явуулдаг нөлөө бүхий улс. Туркийн ерөнхийлөгч Эрдоганы зүгээс палестины ард иргэдийн төлөө дуугарах нь Турк улсын үүрэг гэсэн байр суурийг илэрхийлсэн. Тэгвэл Блинкен Турк улсад очихоосоо өмнө Иракын нийслэл Багдадад түр саатсан байна. Багдадад тэрээр Иракийн ерөнхий сайд Мухаммед Шиа Аль Суданитай уулзаж, хоёр улсын түншлэлийн харилцааг баталгаажуулах яриа хэлэлцээ өрнүүллээ гэж мэдэгдсэн байна.

Энтони Блинкен АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга “Өнөөдөр би Багдадад ирээд ерөнхий сайд Аль-Суданитай уулзаж, маш үр дүнтэй яриа хэлэлцээ өрнүүллээ. Сүүлийн жилүүдэд хоёр улс хамтарч, эдийн засгийн салбарт хөгжил шинэчлэл авчирснаас гадна Ирак дахь хүний эрхийн асуудлыг маш сайн дээрдүүлж чадсан гэж харж байна. Мөн батлан хамгаалахын салбарт ч манай хоёр улс түншилдэг. Манай улсын Ирак дахь цэргийн түр бааз руу Израил-Хамасын дайныг далимдуулж халдсан хэд хэд тохиолдол гарсан. Дайны хажуугаар ийм дайралт хийж байгаа бүлэглэлүүдийг эдгээр үйлдлээ зогсоохыг уриалж байна. Ялангуяа Иран улсаас иймэрхүү дайралт хийхгүй байхыг хүсэж байна. Бид Ирантай зөрчилдөхийг хүсэхгүй байна. Гэхдээ хэрвээ Ирак болон Сири дэх манай цэргийн хүчинд халдсаар байвал манай талаас хамгаалах хариу арга хэмжээ авах болно. Израил-Хамасын дайн бүс нутагт өргөжин тэлэхгүй байгаасай гэж бид хамгаас их хүсэж байгаа” хэмээн онцоллоо.

Тэрээр мөн Израилын тал галаа үл зогсоон, давшилтаа улам нэмэгдүүлж байгаа цаг үед Газын зурвас дахь хүмүүнлэгийн асуудлыг энэ удаагийн Ойрх Дорнод дахь айлчлалынхаа хүрээнд голлож хэлэлцэхээр ажиллаж байгаа талаараа дурдсан байна. Үүнийхээ хүрээнд Хамас бүлгийн барьцаанд байгаа иргэдийг суллуулахыг нэн тэргүүний зорилт болгож байгаа, мөн хүмүүнлэгийн үүднээс түр гал зогсоохыг Израилын талд уриалсаар байгаагаа мэдэгдлээ.

Блинкений Ойрх Дорнод дахь айлчлалтай зэрэгцэн Израилын батлан хамгаалах арми Газын зурвасын хойд хэсэгт байх Газа хотыг хоёр талаас нь бүсэлснээр үндсэндээ Газын зурвас өмнөд, хойд гэсэн хоёр хэсэгт зааглагдсан болохыг мэдээллээ. Өнгөрсөн долоо хоногт Израилын газрын давшилт эхэлснээс хойш Хамас бүлгийн 2500 бай руу довтолсноо мөн дурдсан байна. Одоо Газын зурвас руу газар дээгүүр ч дайрч байгаа, газар доогуурх хонгилын байгууламж руу нь ч дайрч байгаагаа мэдэгдсэн байна. Израилын хэвлэлээр мэдээлж байгаагаар ойрын 48 цагийн дотор Израилын хуурай замын хүч Газа хотын гүн рүү нэвтэрнэ гэж тооцоолж байгаа юм байна.

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл оруулна уу!!!
Нэр оруулах

Шинэ мэдээ
Их сэтгэгдэлтэй
Их уншсан
Ulaanbaatar
broken clouds
-10.9 ° C
-10.9 °
-10.9 °
73 %
2kmh
75 %
Бям
-5 °
Нар
-13 °
Даваа
-12 °
Мяг
-15 °
Лха
-7 °
spot_img