spot_img
ЭхлэлЭрэн сурвалжлахЦ.Уянга: “Тэнүүн-Огоо”-д Засгийн газар шууд эрх олгосон нь төсвийн...

Ц.Уянга: “Тэнүүн-Огоо”-д Засгийн газар шууд эрх олгосон нь төсвийн мөнгийг МАН-д угааж гаргаж өгсөн схем

АН-ын гишүүн, АН дахь Ногоон автобусны худалдан авалтыг хянах ажлын хэсгийн ахлагч Ц.Уянгатай ярилцлаа.

-Ногоон автобусны худалдан авалтын гэрээ, төлбөр тооцооны баримтыг олж чадсан гэв үү. Ямар нөхцөл байдал харагдаж байх юм бэ?

-Хамгийн анх л 318 тэрбумын төсөвтэй автобус алга боллоо, буух эзэнгүй боллоо гэх үеэс л бид санхүүгийн луйвар байж болзошгүй. 318 тэрбум төгрөгийг Төсвийн хуулиар баталдаг дүн. Үүнийг яаж зарцуулахыг Засгийн газар шийдвэрлэнэ. Үүний дараа мөнгө нь албажаад Монголбанкаар дамжих ёстой. Гэтэл МАН-ынхан гэнэт л ийм хулгай луйвар гараад ирлээ, бид тэмцэж байна, шалгаж байна, хулгайчийг олно гэж байгаа нь бидэнд маш эргэлзээтэй, инээдэмтэй санагдсан. Нөгөө талаар зөвхөн ногоон автобус ч биш хоттой холбоотой их мөнгөн дүнтэй мөнгө угаалгын схем явж байна гэж хардсан. Энэ байдлаар үргэлжилсээр АН-аас ногоон автобусны худалдан авалтыг хянах ажлын хэсэг байгуулагдан, таван гишүүнтэйгээр ажлаа эхлүүлсэн. Өнгөрсөн хугацаанд багагүй ажиллагаа явуулж, нэлээд мэдээлэл цуглууллаа

Мөн шинээр томилогдсон Хотын дарга Х.Нямбаатарт шаардлага хүргүүлсэн. Энэ шаардлагыг ямар нэгэн байдлаар улстөржүүлээд, эсвэл өөр сенсаци гаргаад замхруулахгүй байх хамгаалалтын зүйлийг ч нэлээд хийлээ. Нийгмээрээ хамтарч, хянаж, тавьж байгаа асуудлынхаа хариуг авахаар шахъя гэсэн зорилгоор өнгөрсөн хугацаанд ажиллаж ирлээ.

Бидний тавьсан үндсэн шаардлага бол ногоон автобустай холбоотой худалдан авалтын гэрээ, гэрээтэй холбоотой мөнгөн төлбөрүүдийн шилжүүлгийг өгөөч. Худалдан авалтуудтай холбоотой гаалийн бүрдүүлэлтийн баримтуудыг өгөхийг шаардсан. Өнгөрсөн хугацаанд биднийг хэрэгтэй, хэрэггүй янз бүрийн баримтаар аргалах гэж үзлээ. Эцэст нь ямартаа ч өчигдөр /пүрэв гаригт/ хоёр цаг гаруй нохой шиг үүд хаалгыг нь сахиж суусаар баримтууд авч чадлаа. Шууд худалдан авалтыг хэд хэдэн удаа хувааж хийсэн гэрээг нь авсан. Гэрээний дагуу мөнгөн төлбөрийн шилжүүлгийн Сангийн яамнаас хийх даалгаврын баримтыг өгсөн. Харин гаалийн бүрдүүлгийг тэндээс нь ав гэдэг тайлбар өгсөн. Бид хотын өмнөөс гаалиас нэхэмжлээд явах эрх байхгүй гэдгээ хэлсэн. Хүсэлт гаргаад авч өгье гэсэн.

-Гэрээ, төлбөрийн баримтаас ноцтой зүйлс юу байна вэ?

-Найман багц материал байгаа юм байна. Тэдгээр баримтуудыг харахаар Д.Сумъяабазар гэдэг хүнээсээ салах гээд байгаа юм уу, Ардын нам дотор ямар зодоон болж байгааг бид мэдэхгүй. Тэр нь ч бидэнд хамаагүй. Бидний зорилго бол төрийн хулгайг зогсоох, илчлэх. Баримтууд бол Д.Сумъяабазар гэж хүн Хотын дарга байхдаа Сангийн яамнаас хэдэн удаагийн мөнгө хүссэн албан тоотууд байсан.

Үндсэндээ гэрээнийх нь дагуу мөнгөний хүсэлтийг тулгаж үзлээ. Цахилгаан автобус, дунд оврын автобус, дизель хөдөлгүүртэй “Daewoo” гэх мэт хэд, хэдэн төрлөөр гэрээнүүд хийгдэж. Ингэхдээ гэрээний дүгнэлт гэж байх ёстой. Ямар нэгэн гэрээгээр бараа бүтээгдэхүүн бүрэн авсан бол түүнийгээ хөтлөөд дүгнэсэн протокол гаргадаг. Гэрээнийх нь дүгнэлтийг шүүгээд үзэхэд бүрэн дүүрэн үйл ажиллагаатай, худалдан авах гэрээн дээр заагдсанаар шаардлага хангасан байна гэж тавиад ард талд нь хавсралт баримтууд бүгд байгаа гэсэн байна. Жишээ нь, “Тэнүүн-Огоо” ХХК-ийн оруулж ирсэн цахилгаан хөдөлгүүртэй 20 автобус техникийн шаардлагыг бүрэн хангаж байна. Гаалийн нэвтрүүлэх барааны мэдүүлэг, техникийн баримт бичгийг ажлын хэсгийн дүгнэлтэд хавсаргав гэсэн байх жишээтэй. Гэтэл бидэнд гэрээгээ өгөхдөө гаалийн бүрдүүлэлт нь байхгүй. Гаалийн бүрдүүлэлтэд гол зүйл бий. 20 автобус ирсэн юм уу, 10 ирсэн юм уу. Шинэ ирсэн үү, техникийн үзүүлэлтүүд таарч байгаа юу гэдэг нь гаалийн бүрдүүлэлтээс харагдах ёстой юм.

-Тэгвэл хэчнээн автобус орж ирээд, хэдэн төгрөг зарцуулсан болж таарав?

-Дээр цахилгаан хөдөлгүүртэй 20 автобусны талаар дурдсан. Үүнээс гадна өөр нэг гэрээн дээр “Тэнүүн-Огоо”-гоос оруулж ирсэн их багтаажмийн дизель хөдөлгүүртэй 20 ширхэг автобус, цахилгаан хөдөлгүүртэй 115 автобус, цэнэглэгч иж бүрэн шаардлагыг хангаж байна. Гаалийн нэвтрүүлэх барааны мэдүүлэг, техникийн баримт бичгийг ажлын хэсгийн дүгнэлтэд хавсаргав гээд заачихсан.

Гэтэл хавсралт нь бас байхгүй. Нийт дөрвөн удаагийн санхүүгийн хүсэлтийн дагуу Сангийн яамнаас 134.5 тэрбум төгрөгийг гаргасан байна. Гэтэл өнөөдөр оруулж ирээд нийлүүлчихсэн гээд байгаа тоон үзүүлэлт энэ тоотой нийлэхгүй. Нийт оруулж ирсэн автобусныхаа тоо ширхэгтэй ч нийлэхгүй байгаа. 50 орчим тэрбумын худалдан авалт л хийчихсэн байна. Бараагаа бүрэн нийлүүлээгүй. Нийлүүлсэн гээд бараа нь техникийн шаардлага хангаагүй. Цэвэр залилан л гэж харж байна.

-Санхүүгийн шинжээчид үүний ард авлига байж болзошгүй гэж таамаглаж байна лээ. Та бүхэн энэ талаар судалж үзэв үү?

-2022 онд 318 тэрбумаар нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд 816 ширхэг автобус авна гээд төсөв баталчихсан. Бараа нь нийлүүлэгдээгүй байхад төлбөрийнхөө тал хувийг авчихсан байгааг харахад санхүүгийн луйвар байх боломжтой. Яг шинэ автобус оруулж ирэв үү, хуучин байсан уу гэдгийг харах гэхээр гаалийн бүрдүүлэлтээ өгдөггүй. Салгаж авчхаад өөрсдөө гаалиас олж ав гэдэг байдалтай хариу өгчхөөд байна. АН-аас энэ гэрээнд заагдсан хавсралтыг авах талаар Хотын захиргаанд албан бичгээр хүргүүлэх гэж байна.

-АН дотроо хуваагдалтай хэвээрээ байгаа. Та бүхний энэ ажиллагааг дэмжих юм уу?

-Бидний анхнаасаа хардсан зүйл бол төсвөөс бүх төрлийн худалдан авалт, ажил гүйцэтгэлийг ямар схемээр яаж бүрдүүлж байгаагийн нэг том жишээ бол ногоон автобус гэж л харсан. Тиймээс бид тусгайлан энэ асуудлыг шалгах ажлын хэсэг байгуулаад ажиллаад явж байгаа юм. Энэ талаар намын удирдлагуудтай байнга уулзалт хийж байгаа. Ажлынхаа талаар тайлагнаад үйл явцыг танилцуулсан.

Эрх баригч нам магадгүй хамгийн анхны удаа аль нэг намын тавьж байгаа шаардлагыг биелүүлж байгаа явдал байх. Маш дуулгавартай биелүүлж байгаа байх. Гэхдээ цаана нь хулгайгаа ямар нэгэн хүнээр, эсвэл улстөрчөөр золио гаргаад өөрсдийнхөө Нийслэлийн намаа булаацалдаж байгаа тоглоом ч байх магадлалтай. Гэхдээ энэ бол бидний сонирхох асуудал биш. Эсвэл биднийг түүхий нойтон гээд өөрсдөдөө ашигтай гэж бодож байж магадгүй. Бидэнд манай намын ч хүмүүс байсан, хүний намынх ч байсан төрд хулгай байлгахгүй. Хулгайн шавхруугаар амьдардаг байдлыг хүлээн зөвшөөрөхгүй. Ялангуяа АН-д шинээр гишүүд бүрдсэний хувьд хуучных шиг МАН-ын дохиураар ажилладаг улс төрийн хүчин биш.

Цэвэр ард иргэдийн өмнөөс дуу хоолой, чих болж явахаар ажиллаж байна. Тэгэхээр энд удирдлагын зүгээс ч сайшааж байгаа. Намын удирдлага бидэнд ямар нэгэн шахалт дарамт үзүүлээгүй.

-АТГ-аас ногоон автобусны худалдан авалт хууль зөрчсөн нь тогтоогдож эхэлсэн. Тэнүүн огоо ХХК-д давуу эрх олгосон гэх мэтээр үндэслэлүүдийг тодорхой хэлнэ лээ. Үүний ард авлига, албан тушаалын үйлдлүүд байжээ гэж харж болохоор. Та юу гэж харж байна?

-Ногоон автобусны худалдан авалт бол ашгийн бус буюу нийтийн тээвэрт зарцуулагдаж байгаа төсөв. Тиймээс бүх төрлийн худалдан авалт, гаалийн татвар, нэмүү өртгийн татвар зэргээс бүгдээс чөлөөлөгдсөн. Гэтэл чөлөөлөгдөөд тавьсан үнийн дүн нь тэнгэрт хадчихсан. 318 тэрбум төгрөг үнэхээр манай улсын Засгийн газрын халаасанд бэлэн байсан бол яагаад юу ч хийгээгүй, 20 дугаар зууны байдалтай утаа гардаг автобустай, тэр нь хүрэлцдэггүй. Нийтийн тээврийн масс автобусны эргэлтийн зам шугам гаргаж чадаагүй нь үнэхээр гайхал төрүүлж байгаа юм.

Угаас амьдралыг хүнд байлгах нь эрх баригчдад ашигтай. Хүнд байдгийн ард юм авахгүй байна уу гэхээр жил бүр л 200 автобус авсан байдаг. Тэгвэл одоо зам дээрээ бараг 2000 автобус явж байх ёстой юм биш үү. Яг процедурын үйл ажиллагааг хангах ёстой байгууллага нь Хотын захиргааны байгууллагууд. Банк зээлийн эргэн төлөлтөө яаж хийлгэдэг билээ. Ийм зүйлийг мэдэхгүй зүгээр хэдэн нөхдөд хэдэн зуун тэрбумаар “май” гээд өгчихөөгүй нь тодорхой. Тэгэхээр үүний анхаарлыг өөр тийш нь эргүүлж, өөр хүмүүс, хэдэн ААН-ийг хараан зүхэж муухай харагдуулж байгаад тэр хугацаанд цаг хожиж, сонгуультай золгоно. Сонгууль болохоор нийгмээрээ галзууралд автаад дараа нь энэ бүхэн алга болчихно гэж бодож байх шиг байна. Тиймээс сонгуулийн дөрвөн жилийн хугацаанд амьдардаг ой санамжийн мөчлөгт амьдрахгүй. Сонгууль болдгоороо болно биз. Бидний амьдрал үргэлжилнэ.

Тэгж л үзэж байгаа. Тиймээс мөнгөн шилжүүлгийн баримтыг өгөөч гэхээр банкны хуулга баримтыг өгдөггүй. Сангийн яамнаас гаргасан төлбөрийн даалгавруудыг өгч байгаа. Төлбөрийн даалгавар өгнө гэдэг мөнгө нь шилжсэн гэсэн үг. “Тэнүүн-Огоо” ХХК руу шилжсэн байж таарна. “Тэнүүн-Огоо” гэдэг нь дархан эрхтэй, Засгийн газрын томилоод л худалдан авалтын шууд гэрээ байгуулаад явсан нь угаасаа МАН-ын баталж өгч байгаа мөнгийг угааж буцааж гаргаж өгч байгаа схем. Одоо “Тэнүүн-Огоо”-той яаж тохиролцоод шоронд суулгасан болоод хоёр жилийн дараа суллаад авчих ажиллагааг явуулж байгааг үгүйсгэхгүй. Гэхдээ ингээд л яваад ирсэн. Энэ удаад бид хууртахгүй. Бид улс төрд орж ирсний хувьд хууртдаг, мэдэн будилдаг, ой санамжаа алддаг байдлыг тэвчихгүй. Ийм улс төрийн соёлыг үргэлжлүүлэхгүй гэдэг үүднээс л явж байгаа юм.

-Хотын дарга Х.Нямбаатар өмнөх хотын дарга нарын худалдан авалтыг цохож зарласан. Түүнд танай намын дарга нарын нэр дуулдсан. Э.Бат-Үүл, С.Баярцогт гээд. Тэр үеийн худалдан авалтыг тодруулмаар байна?

-Бид ч түүнийг шалгаж үзсэн. Э.Бат-Үүл даргын үед шууд худалдан авалтаар АСЕМ-д зориулсан тусгай үйлчилгээний автобусууд авсан юм билээ. Тэр нь ҮАБЗ-ийн зөвлөмжөөр олон улсын төрийн тэргүүнүүдэд үйлчлэх тусгай нөхцөлийг хангасан автобус байх ёстой байсан. Тиймээс яалт ч үгүй шууд худалдан авалт хийсэн. Өөрөөр хэлбэл, цонх нь хагардаггүй, сум нэвтэрдэггүй гэх мэтээр. Тэр хүрээнд ҮАБЗ-ийн гаргасан дүгнэлтийн дагуу худалдан авсан байдаг. Тэр үед тухайн нөхцөлд заагдсан 2009 онд үйлдвэрлэгдсэн, цоо шинэ, тоо ширхэг, техникийн үзүүлэлтүүд бүрэн хангасан, худалдан авалтынхаа үнийн дүнд нийцсэн байдаг юм билээ.

Нийтийн тээврийн бусад худалдан авалтуудын үед МАН-ын л нөхөд байсан шүү дээ. Яахав, Сангийн сайд С.Баярцогт байсан. С.Баярцогтод юу цохогдож ирж байна, түүнийг л хуваарилж өгөх үүрэгтэй. Эд нарт бүгдэд нь тэр үеийн худалдан авалтын баримт нь байгаа. Хэрэв үнэхээр хулгай байсан бол аль хэдийнээ аваачаад шоронд хийчихнэ биз дээ. Хийж болохгүй болохоор тойрч байгаад Батбаярыг баривчилж, хулгайтай тэмцэж байгаа дүр үзүүлж байна.

Нөгөө талаар цаг хугацааны үед аль нам хэн эрх барьж байсан байж болно. Төсөвтэй холбоотой буруу санхүүгийн үйл ажиллагаа явуулсан бол хэнтэй юутай нь шалгадаг процесс байх ёстой. Түүн дээр аль нэг нам хамгаалж ёсгүй. Гагцхүү тэр хянан шалгах процесс хуулийн дагуу нээлттэй, хүнийг хэлмэгдүүлэхгүй байх зарчмыг хангасан байх шаардлагатай. Яагаад гэвэл улс төр, төсвийн мөнгөтэй харьцаж байгаа хэн бүр хардлагад өртөнө. Хардлагад өртөхгүй гэж байвал бусдын мэдэх эрхийг бүрэн хангаж байх ёстой. Тиймээс баримтуудаа л гаргаад тавьчих. Гэтэл “Тэрийг хар аа, тэнгэрийн хаяа” гэдэг шиг өөр хүмүүс рүү заагаад яриад байж болохгүй. Хоёр сарын өмнө болсон бусармаг хулгайгаа ярьж чадахгүй байж 2009 оны үйл явдлыг яриад бужигнуулах гэж байгаа бол бантсан хүний л гаргадаг зан авир.

-Д.Сумъяабазарыг онилсон баримтуудыг өглөө гэж та дээр хэлсэн. Гэхдээ ногоон автобусны будилаан Д.Сумъяабазарын үед эхэлсэн учраас энэ хүн хариуцлага хүлээх ёстой гэсэн нийгмийн хэсэг бий. Хариуцлага яг зөв хүндээ очиж чадах юм уу?

-Үнэндээ Х.Нямбаатар тэмцээд л, нийслэл дээр болсон хулгай луйврыг илчлэх гэж ирсэн юм биш. Х.Нямбаатар сул гишүүн байгаагүй. Эсвэл тэр орлуулшгүй мундаг, хот захирах менежер, хот төлөвлөгч биш. Эдийн засгийн хөрөнгө оруулалтын ойлголттой хүн ч биш. Ядаж компанийн засаглал ч мэдэхгүй. Яахав хуульч байж болно. Хувийн сургууль төгссөн, ажиллаад мэргэшсэн хүн байж болно. Гэхдээ улсын тулгуур гурван яамны нэгийг толгойлоод явж байсан хүн тэр том эрх мэдлээсээ татгалзаад наашаа ирж байна гэдэг бол намын даалгавар. МАН-ын хулгай нь баригдсан. Үүнийг яаралтай зохицуул гэдэг даалгавар өгсөн гэж бид харж байгаа.

Учир нь Д.Сумъяабазар, Х.Нямбаатар хоёр зуузай холбосон, Сонгинохайрханаас сонгогдсон нөхөд. Энэ хоёрыг тойрч байгаа бүх хүн Сонгинохайрханых. Тэр хоёр хаашаа л явна, дагаж байдаг. Х.Нямбаатар Хууль зүйн яам руу орвол тэр чигээрээ Сонгинохайрханыхан болдог. Д.Сумъяабазар хот руу ирэхэд бас л тойрон хүрээлдэг. Тэгэхээр энэ хоёрыг яаж салгаж харж ойлгох юм бэ. Бодвол МАН-ынхаа нийслэлийн Намын хороог Д.Сумъяабазар баригдсандаа ёс зүйн хариуцлага аваад огцруулж байгаа юм шиг боловч нөгөө нүүрээр нь солиод тавибал Д.Сумъяабазар сууж байх ёстой. Д.Сумъяабазарыг ямар нэгэн байдлаар огцрууллаа гэж бодоход яг л номер хоёр Д.Сумъяабазарын хүүхэлдэй сууж байх ёстой.

Их хулгай илрүүлэх гэж байсан хүн 700 автобус худалдаж авлаа гэж ярьж суухгүй. Долоо хоногийн өмнө болж байсан асуудлыг шийдвэрлэж явахгүй байж “Одоо ёстой жинхэнэ хулгайгүй гоё шинэ 700 автобус ирнэ” гэж хэнийг хуураад байгаа юм бэ. Энэ бол угаасаа ёс зүйгүй, увайгүй, доромжилсон хэрэг. Тэгэхээр улс төрийн өндөр албан тушаалтан хамгийн түрүүнд хариуцлага хүлээх. Хариуцлагыг хүлээлгэх гэж ирсэн хүн тэр хариуцлагыг мартуулаад дахиад мөнгө нэмж байгаад 700 автобус авах тухай болоод явчихлаа. “Хараач дээ хүмүүсийн амьдрал хэцүү байна, гудамжинд хөлдөж байна шүү дээ” гээд хүмүүсийг тултал нь зовоочхоод зовлон дээр нь мөнгө хийдэг л үйл ажиллагаа нь үргэлжилж байна.

Д.Сумъяабазартай ямар хариуцлага ярьж байгаа юм бэ. Хотын захирагчаас л огцрууллаа. Нийслэлийн Намын хорооны дарга хэвээрээ байна. Хотод хийж байсан мөнгөн луйврынхаа угаалгыг “Эрдэнэс Тавантолгой” дээр хийх гэж байгаа юм уу, тийшээ нэр нь яригдаад явж байна. МАН доторх том эдийн засгийн фракцын толгойлогч хэвээрээ явж л байна шүү дээ. Өнөөдөр тэр хүн чинь “Ганц худаг”-т сууж байх ёстой. Юун Батбаяр. Хүн олдохгүй болохоор ядарсан амьтныг олж ирээд хийчихлээ. Бодвол тэр доторх Жунайдаа сануулга өгч байгаа юм уу даа.

Б.ЭНХЗАЯА

“Өдрийн сонин”

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл оруулна уу!!!
Нэр оруулах

Шинэ мэдээ
Их сэтгэгдэлтэй
Их уншсан
Ulaanbaatar
few clouds
-7.9 ° C
-7.9 °
-7.9 °
57 %
0kmh
20 %
Лха
-10 °
Пүр
-11 °
Баасан
-11 °
Бям
-8 °
Нар
-8 °
spot_img