Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Ирэх онд нэг хүнд ногдох ДНБ-ийг 6000 ам.долларт хүргэнэ” гэж мэдэгдсэн бол Эдийн засаг хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар “Эдийн засгийн өсөлтийг зургаагаас дээш хувиар тогтвортой хадгалж, гадаад валютын нөөцийг 10 тэрбум ам.долларт хүргэх зорилт тавьсан” гэж амлалаа.
Төрийн ордонд энэ сарын 17-нд болсон “Эдийн засаг дахь хувийн хэвшлийн оролцоог дэмжих нь” хэлэлцүүлэгт оролцохдоо хэлсэн сайд Ч.Хүрэлбаатарын дээрх үг бизнес эрхлэгчдийн ярианы сэдэв болж, өндөр авч буй юм. Учир нь, МАН Засгийн эрх барьсан өнгөрсөн долоон жил гаруйн хугацаанд валютын нөөц 4 тэрбум ам.долларт хүрсэн. Энэ нь Монгол Улсын зургаан сарын хэрэгцээг хангах нөөц гэж үздэг. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс валютын нөөцийг 10 тэрбум ам.долларт хүргэх шаардлагатай гэсэн зөвлөмж өгдөг ч энэ нь хэрэгжсэн удаагүй аж. Гэтэл сонгууль болоход ердөө долоон сар үлдсэн үед валютын нөөцийг 10 тэрбум ам.долларт хүргэх бололцоо байхгүй. Иймээс хөрсөн дээрээ бууж, улс төр хийхийг ард иргэд зөвлөж байна.