Монголд хамгийн түгээмэл хорт хавдрын тохиолдол бол элэг. Ихэнхдээ хожуу шатандаа илэрдэг. Монгол Улсад 2022 онд 4548 хүн хорт хавдрын улмаас нас барсны 2635 нь эрэгтэй, 1913 нь эмэгтэй байжээ. Элэгний хорт хавдраар 1714 хүн нас барсан нь нийт нас баралтын 37 хувийг дангаараа эзэлж байна. Элэгний хорт хавдар 2021 онд 1956 тохиолдол, 2022 онд 2289 тохиолдол байсны 70 гаруй хувь нь хожуу буюу гурав, дөрөвдүгээр шатандаа оношлогдож, энэ нь аль ч хүйсэнд хамгийн өндөр буюу 100 мянган эрэгтэйд 77.6, эмэгтэйчүүдэд 59.5 тохиолдол байх аж. Үүний дараа ходоод, умайн хүзүү, бүдүүн, шулуун гэдэс, уушгины хорт хавдар ордог аж. Дандаа урьдчилсан сэргийлэх боломжтой өвчлөлүүд боловч хожуу илэрдэг аж.
Тэгвэл Монгол Улс хавдрын судалгаанд анхаарч, хөрөнгө оруулалт хийж чадаж байгаа юу? Энэ талаар Хавдар судлалын үндэсний төв/ХСҮТ/-ийн захирал Н.Эрдэнэхүүгээс тодрууллаа. Тэрбээр “Энэ тал дээр маш бага хөрөнгө оруулдаг. Монгол Улс хавдрын судалгааг ерөнхийдөө шинжлэх ухаан технологийн сан дээр 1-2 цөөн судалгаа хийдэг. Өнгөрсөн жил ХСҮТ хоёр төсөл авсан. Нэг нь элэг шилжүүлэх төсөл, нөгөө дэх нь молекул, биологи хавдрын генетик шинжилгээг нэвтрүүлсэн. Үр дүнд нь бид энэ хүнд ямар эм тохирох вэ, ямар маркер тодорхойлоод байна гэдгийг тодорхойлдог болсон. Ингэснээр энэ хүнд ийм юм хийж болох юм байна, энэ хүнд ийм юм хийж болохгүй гэдгийг генетикийн түвшинд нь тодорхойлдог лабораторитой болсон. Одоо яг энэ төрлийн судалгаанууд дутагдаж байгаа. Бид дэлхийд явагдаж буй судалгааны нэг хэсэг болохыг оролдож байна. Хятад, Солонгос, АНУ-тай олон судалгаанд хамт явж байгаа. Хамт оролцохоор хичээж байна. Гэхдээ судалгааны баазыг хөгжүүлэхгүйгээр зөвхөн хавдрын тусламж үйлчилгээ дангаараа сайжирна гэж байхгүй. Судалгаа гэдэг өөрөө чадавхжуулдаг, шинэ зүйлсийг хэрэгжүүлдэг. Шинэ зүйлс нэвтэрч байгаа тохиолдолд олон улсын эмийн судалгаануудад багтах гээд байна. Тэгвэл монголчууд шинэ эмчилгээ, эмийг хамгийн түрүүнд судалгааны хүрээнд хүртэх боломж бий болно” гэлээ.
Мөн өнөөгийн Улаанбаатарын хамгийн том гамшиг болоод буй утаанаас хавдар үүсгэгч бодис илэрсэн гэж олон жил ярьж буй. Тэгвэл энэ талаар Н.Эрдэнэхүү захирал ярихдаа “Хавдар гэдэг өөрөө генетикийн өвчин буюу генийн түвшинд өөрчлөгдөж байгаа гэсэн үг. Генийн эсийн өөрчлөлт олон төрлөөр бий болдог. Утааны асуудал элэгний хавдартай хийгдсэн судалгаа. B,C,D вирусээр үүсгэгдэж байгаа. Мөн архи, тамхиар үүсгэгдэж байгаа. Элэгний эсийн хавдрыг ямар зүйлүүд үүсгээд байна вэ, ямар мутацууд нь зонхилоод байна вэ гэдэг олон улсын судалгаа хийгдсэн. Тэрхүү судалгаагаар B,C,D ихэнхи буюу 80 хувь нь байна, бусад орнуудаас ялгаа алга гэж гарч ирсэн. Харин 20 хувь нь байгаль орчны нөлөө буюу тодорхой хувь нь агаарын бохирдлоос үүссэн дисульфат, диметилсульфат гэсэн бодисоос үүссэн мутац, гажиг байгаа бөгөөд түүнээсээ хавдар үүссэн гэж дүн гарсан” гэв.
Швейцарийн Рош компани Монгол Улсад элэгний хорт хавдрын эмчилгээнд дархлаа эмчилгээний хамгийн сүүлийн үеийн технологийг нэвтрүүлэхийн зэрэгцээ хамгийн элбэг тохиолддог 15 эрхтний үсэрхийлсэн хорт хавдрын үед хэрэглэдэг бай болон дархлаа эмүүдийг хамгийн бага нэг үнээр буюу “Бүх эмийг нэг өвчтөнд нэг үнээр” нийлүүлэх РАСЕ тусгай хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болжээ. Ингэснээр элэгний хавдартай өвчтөн зөвхөн нэг удаагийн тариаг тунгаас хамаарч 8000-9392 ам.доллараар /Монгол мөнгөөр 20-32 сая төгрөг/ хийлгэдэг бол үүнийг Монголд маш бага үнээр буюу 1000 орчим ам доллараар нийлүүлэх боломж бүрдэж байгаа гэнэ.