Казахстаны ерөнхийлөгч асан Нурсултан Назарбаевын “Миний амьдрал” нэртэй дурсамж ном энэ сарын 1-ний өдөр худалдаанд гарсан юм.
Уг номдоо тэр олон эхнэртэй буюу полигами хэв маягийн гэр бүлийн амьдралтайгаа анх удаа хүлээн зөвшөөрчээ.
Одоо 83 настай Назарбаевын хоёр ба гурав дахь эхнэрийн тухай цуурхал Казахстаны иргэдийн дунд олон жилийн турш яригдаж байв.
Тэгвэл экс ерөнхийлөгч дурсамж номдоо өөрөөсөө 40 насаар дүү 1999 оны Казахстаны мисс Асель Курманбаеваг хоёр дахь эхнэр нь мөн болохыг баталжээ. Тэд хоёр хүүтэй юм байна.
Курманбаева 19 настайдаа анх Назарбаевтай дотносож эхэлжээ.
Назарбаевын хоёр дахь эхнэр түүний анхны эхнэрээс төрсөн гурван охиноос нь ч залуу юм.
Полигами хэв маягийн гэр бүлийг Казахстанд хориглодог. Хуулийн дагуу Назарбаев нэг жил хүртэл хугацаагаар шоронд хоригдох боломжтой юм.
Гэхдээ 30 орчим жил Казахстаныг удирдсан, өндөр настай экс ерөнхийлөгч шийтгүүлэлгүй өнгөрөх нь тодорхой гэж ажиглагчид үзэж байна.
Казахстаны парламент 2001 ба 2008 онуудад хоёр удаа полигами гэрлэлтийг хуульчлах эсэх асуудлыг хэлэлцэж байжээ.
Экс ерөнхийлөгч нууц амьдралаа нийтэд дэлгэсэн нь Казахстанд полигами гэрлэлтийг хууль ёсны болгох хүсэлтэй байгаагийн илрэл гэж зарим нь үзэж байна. Тэрбээр Курманбаевагаас төрсөн хоёр хүүгээ өөрийн албан ёсны өв залгамжлагч болгохыг зорьж байж магадгүй гэнэ.
Назарбаев 1991-2019 оны хооронд Казахстаны анхны ерөнхийлөгчөөр ажилласныхаа дараа “үндэстний удирдагч” хэмээх тусгай цол хэргэмтэй болж, төрийн хэргийг далдаас удирдах болсон.
Бүр Казахстаны нийслэл Астана хотыг өөрийн нэрээр Нур-Султан гэж нэрлүүлж байв. Гэвч 2022 оны нэгдүгээр сард болсон цуст үймээний дараа Назарбаевын бүх онцгой эрх ямбыг цуцалж, тойрон хүрээлэгчдийг нь Казахстаны төрөөс зайлуулах шинэчлэлийг түүнийг залгамжилсан ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев эхлүүлсэн юм.
Эх сурвалж: Radio Free Europe