spot_img
ЭхлэлНийгэмСУДАЛГААГААР 4 ХҮН ТУТМЫН 1 НЬ СЭТГЭЦИЙН ЯМАР НЭГЭН...

СУДАЛГААГААР 4 ХҮН ТУТМЫН 1 НЬ СЭТГЭЦИЙН ЯМАР НЭГЭН ТУЛГАМДСАН АСУУДАЛТАЙ

ДЭМБ-ын 2001 оны тайлан мэдээнд дэлхийд 450 сая сэтгэцийн эмгэгтэй иргэн байна гэсэн бол 2019 оны тайлан мэдээнд дэлхийд нийт 970 сая хүн сэтгэцийн эмгэгтэй буюу 8 хүн тутмын 1 нь сэтгэцийн эмгэгтэй болж өссөн байна. Үүнд

  • – Сэтгэл гутрах эмгэг (280 сая хүн)
  • – Сэтгэл түгших эмгэг (301 сая хүн) дийлэнх хувийг эзэлж байгаа юм.

Ковид-19-ийн цар тахлын нөлөөгөөр 2020 онд сэтгэл гутрах эмгэг 28%-иар, сэтгэл түгших эмгэг 26%-иар  нэмэгдсэн аж. Мөн зан үйлийн эмгэгтэй 40 сая хүн, 2 туйлт эмгэгтэй 40 сая хүн, шизофренитэй 24 сая хүн, хооллох дурын эмгэгтэй 14 сая хүн байна гэсэн тоо мэдээ байна. Харин 2019 онд дэлхийд нийт 703,000 хүн амиа хорлон нас барсан байна.

Харин манай улсын хувьд 2013 онд СЭМҮТ-ийн улсын хэмжээнд хийсэн зонхилон тохиолдох сэтгэцийн эмгэгийн судалгаагаар 4 хүн тутмын 1 нь сэтгэцийн ямар нэгэн тулгамдсан асуудалтай байна гэсэн үр дүн гарсан бөгөөд тэр дундаа 18-64 насны хүмүүсийн дунд ойролцоогоор

  • – 5 хүн тутмын 1 нь сэтгэл түгших эмгэгтэй,
  • – 5-6 хүн тутмын 1 нь органик бус нойрны эмгэгтэй,
  • – 6 хүн тутмын 1 нь архаг ядаргаатай,
  • – 8 хүн тутмын 1 нь тайлбарлаж болмооргүй биеийн зовуурь шаналгаа эмгэгтэй,
  • – 15-16 хүн тутмын 1 нь архинд донтох эмгэгтэй,
  • – 16 хүн тутмын 1 нь сэтгэл гутрах эмгэгтэй байна гэсэн тооцоо байдаг.

Зонхилон тохиолдох сэтгэцийн болон зан үйлийн эмгэгүүд үүсэхэд тухайн хүний хүйс, гэр бүлийн бүтэц, нөхцөл байдал, ажил эрхлэлт архи согтууруулах ундаа хэтрүүлж хэрэглэдэг эсэх, амьдарч буй орчин зэрэг эрсдэлд хүчин зүйлс нөлөөлж байсан. Монгол улсад 2013 оноос хойш нийт хүн амын дунд сэтгэцийн эмгэгийн тархалтыг тодорхойлох судалгааны ажил огт хийгээгүй. Үүнээс харахад сэтгэцийн эрүүл мэндийн салбарт судалгаа шинжилгээний ажил тун цөөн, нотолгоонд тулгуурласан тусламж үйлчилгээг хөгжүүлэх байдал хангалтгүй байна.

2019 онд ДЭМБ-аас гаргасан мэдээгээр Монгол Улсад 100 000 хүн амд амиа хорлох тохиолдлын тоо 17.9, үүнээс 30.7 эрэгтэй, 5.4 нь эмэгтэйчүүд эзэлж байна. Гэвч Монгол улсад бүртгэл мэдээллийн нэгдсэн систем байхгүйгээс бид сэтгэцийн эмгэгт өртөж буй хүмүүсийн бодит тоо, нөлөөж буй эрсдэлт хүчин зүйлс зэргийг тодорхойлж чадахгүй хэвээр байна.

Иймээс хүн бүрийн сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалахын тулд сэтгэцийн эрүүл мэндийн өнөөгийн байдал, тэдгээрт хүргэж буй эрсдэлт хүчин зүйлс, нотолгоонд суурилсан тоо баримтыг тодорхойлохын тулд системтэй, хүчин төгөлдөр арга зүйгээр эрдэм шинжилгээ, судалгааны ажлуудыг хийх хэрэгтэй байна. Мөн сэтгэцийн эрүүл мэндийн тусламжийн нөхцөл байдлыг тооцон үзэж, өдөр тутмын үйл ажиллагаанд нотолгоонд тулгуурласан шинэ оношилгоо, эмчилгээний арга зүйг нэвтрүүлэх нэн шаардлагатай байгааг харуулж байна.

Мөн судлаач М.Уянгаа 2017 онд хийсэн үйлчлүүлэгчдийн сэтгэцийн эрүүл мэндийн тусламжид хүрэх замын судалгааны дүгнэлтэд СЭМҮТ-д анх удаа тусламж авахаар хандаж байгаа үйлчлүүлэгч нарын

  • – 40% нь анхны тусламжаар шашны тусламжийг,
  • – 25 нь сэтгэцийн эмчийг,
  • – 2% нь бусад мэргэжлийн эмчийг
  • – 5% нь өрхийн эмчийг сонгож оношилгооны хожимдол 47 долоо хоног гэж гарчээ.

Үүнээс харахад хүн амын дундах сэтгэцийн эрүүл мэндийн талаарх ойлголт муу байгаагийн зэрэгцээ, сэтгэцийн эрүүл мэндийн тусламжийн талаарх буруу ойлголтууд нийгэмд их байна.

Тиймээс хүн амын буруу ойлголтыг засан залруулах, мэргэжил нэгт судлаач эрдэмтэд, олон мэргэжлийн хамтарсан багийг оролцуулж, онол практик солилцох эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулах хэрэгтэй байна.

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл оруулна уу!!!
Нэр оруулах

Шинэ мэдээ
Их сэтгэгдэлтэй
Их уншсан
Ulaanbaatar
clear sky
-28.9 ° C
-28.9 °
-28.9 °
69 %
2kmh
0 %
Бям
-23 °
Нар
-17 °
Даваа
-16 °
Мяг
-16 °
Лха
-17 °
spot_img