Лос-Анжелес хотын алдарт “Hollywood” бичиг Баасан гарагт 100 насныхаа ойгоор гэрэлтжээ. Энэ нь олон арван жилийн дараа зохион байгуулсан ховор арга хэмжээ байв.
Анх 15.2 метр өндөр, 137.2 метр урт энэ бичгийг 1923 онд нэгэн үл хөдлөх хөрөнгийн сурталчилгааны зориулалтаар түр хугацаанд босгож байсан юм.
Сүүлдээ энэ нь Америкийн кино урлагийн бэлгэдэл болжээ.
Найруулагч нар киноныхоо зургийг Лос-Анжелест авсныг батлахын тулд “Hollywood” бичгийг харуулдаг байв. Мөн Америкийн уналт, мөхлийг харуулахдаа энэ бичгийг тусгай эффектийн тусламжтай нураадаг байлаа.
Энд бас бодитой эмгэнэлт явдал ч тохиож байжээ. 1932 онд Британийн жүжигчин Пэг Энтуистл энэ бичгийн “H” үсгийн орой дээрээс унан амиа хорлож байв.
Анх “HOLLYWOODLAND” байсан бичиг “HOLLY”, “WOOD”, “LAND” гурван хэсэг нь ээлжлэн гэрэлтдэг байжээ.
1940-өөд оны үед бичиг нэлээд муудаж, ноорхой харагддаг болсон байна.
Энэ үед хотын оршин суугчид бичгийг буулгахыг эрх баригчдаас шаардаж эхэлжээ.
Харин Холливүүдийн Худалдааны Танхим уг бичиг нэгэнт бэлэг тэмдэг нь болсныг хүлээн зөвшөөрч, засварлах саналыг хотын захиргаанд тавьсан байна.
Ингээд 1949 онд сэргээн засварлахдаа анхны зорилго нь өөрчлөгдсөний илэрхийлэл болгон “LAND” хэсгийг хасжээ.
Гэвч бичгийг модоор бүтээсэн тул 30 орчим жилийн дараа нар салхинд элэгдэж, дахин муудсан байна.
Ингээд 1978 онд рок од Алис Купер санаачлан “HOLLYWOOD” тэмдгийг аврах хөдөлгөөн өрнүүлж, хувиасаа $28,000 хандивлажээ.
Түүн дээр нэмэгдэн Playboy сэтгүүлийн үүсгэн байгуулагч Хью Хефнер, дуучин Энди Уилльямс, жүжигчин Жин Отри зэрэг найман алдартан үсэг тус бүрийг ивээн тэтгэхээр болсон байна.
Тухайлбал Купер эхний “O” үсгийг, Отри хоёр дахь “L” үсгийг, Хефнер “Y” үсгийг, Уилльямс “W” үсгийг тус тус хариуцан авчээ.
Шинэчилсэн бичиг нь өмнөхөөсөө арай намхан (13.4 метр өндөр), гэхдээ ган төмөр хийцтэй болсон байна.
Баасан гарагийн орой бичгийн зөвхөн “L” үсэгт гэрэл байрлуулж, бусад үсгүүдэд тусаж байхаар гэрэлтүүлсэн нь ойр орчмын оршин суугчдын тав тухыг алдагдуулахаас болгоомжилсон хэрэг байжээ.
зураг
Гэхдээ уг бичгийг цаашдаа чухал үйл явдлуудын үеэр гэрэлтүүлдэг болгох төлөвлөгөөтэй байгаагаа Hollywood Sign Trust байгууллагын ерөнхийлөгч Жэфф Зарриннам ярьсан байна.
“Лос-Анжелес хотод ФИФА-гийн хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, 2028 оны зуны олимпын наадмыг зохион байгуулах үеэр бичгийг гэрэлтүүлэхийг зөвшөөрөх байх гэдэгт итгэлтэй байна” гэж тэр ярьжээ.
Эх сурвалж: AFP