“Хүний эрх, хөгжлийг хөхиүлэн дэмжих нь” сэдэвт Хүний эрх хамгаалагчдын Үндэсний тавдугаар зөвлөгөөн арванхоёрдугаар сарын 11-12-нд зохион байгуулагдлаа.
Хүний эрхийн өдрийг тохиолдуулан Хүний Эрх Хөгжил Төв, Глоб Интернэшнл Төв болон бусад холбогдох төлөөлөл тус зөвлөгөөнд оролцсон юм.
Энэ хүрээнд
- Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн хэрэгжилт
- Үзэл бодлоо илэрхийлэх эрх
- Иргэдийн мэдэх эрхийн хэрэгжилт
- Орон нутгийн хүний эрхийн хамгаалагчдад болон хөгжлийн асуудлаар хүний эрхийн хамгаалагчдад тулгамдаж буй асуудал сэдвийн хүрээнд ярилцав.
Хэвлэлийн бага хурлын үеэр хэлэлцүүлэг хийсэн дөрвөн сэдвийн хүрээнд тодорхойлсон дүгнэлт, зөвлөмжийг “Глоб Интернэшнл Төв”-ийн хуульч, өмгөөлөгч Л.Галбаатараас тодрууллаа.
Тэрбээр “Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн хэрэгжилт хангалтгүй байна. Энэ хуулийн хэрэгжилтийг хангах үүрэг нь Хууль Зүй, Дотоод Хэргийн Яам(ХЗДХ) болон холбогдох эрх бүхий байгууллагад бий.
Дээрх хуулийн хэрэгжилтэд анхаарч ажиллах хэрэгтэй байгаа талаар ерөнхий зөвлөмж гарсан.
Түүнчлэн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, мэдээлэл хайх, мэдээлэлтэй байх эрхийн асуудлыг хөндсөн. Хүний эрх хамгаалагчдын үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, мэдээлэл авах эрх зөрчигдөж байна. Өөрөөр хэлбэл мэдээллийн ил тод байдал хангалтгүй.
Тухайлбал төрийн нууцын жагсаалтыг Засгийн газрын тогтоол, төрийн байгууллагын шийдвэрээр тогтоож байгаа. Төрийн нууцын жагсаалтыг өргөн хүрээнд олон оролцогч тогтоож буй явдал нь мэдээллийн ил тод байх зарчмыг зөрчиж байна.
Монгол Улсын Үндсэн хуульд төрийн нууцын жагсаалтыг хуулиар тогтооно гэж заасан байдаг. Тийм учраас төрийн нууцын жагсаалтыг хуулиар батлах шаардлагатай.
Одоогийн Засгийн газрын тогтоолоор тогтоосон жагсаалтад үнэлгээ хийх шаардлага байна. Яагаад гэвэл нууцад хамааруулах шаардлагагүй мэдээллийг нууцын жагсаалтад оруулсан тохиолдол нэлээд байна.
Тодруулбал Засгийн газрын тогтоолоор “төрийн нууц”-ын жагсаалтад 600 орчим мэдээллийг баталжээ. Жагсаалтад орсон мэдээлэл тус бүрд үнэлгээ хийж, төрийн нууцын жагсаалтыг тогтоолоор бус хуулиар батлах зөвлөмжийг өглөө” хэмээв.
“Үндэслэлгүйгээр мэдээлэл өгөхөөс татгалзаж байгаа нь төрийн үйл ажиллагаанд хяналт тавихад саад учруулж байна”
Үргэлжлүүлэн “Цахим орчинд үзэл бодлоо илэрхийлэх, мэдээлэл авах эрх зөрчигдөж байна.
Цахим орчин дахь контент, үзэл бодлыг шүүхийн бус журмаар захиргааны байгууллага хязгаарлаж, хааж байгаа асуудал бий. Харилцаа Холбооны Зохицуулах Хорооноос дотоод журмаараа цагдаагаас хүсэлт ирсэн гэх үндэслэлээр цахим контентыг хааж байгаа нь олон улсын гэрээ, Үндсэн хуулийн үзэл баримтлалд нийцэхгүй.
Нэгдсэн Үндэстний Байгууллага(НҮБ)-ын Хүний эрхийн зөвлөлөөс цахим орчинд үзэл бодлоо илэрхийлэх эрх, цахим контентыг зөвхөн шүүхийн шийдвэрээр хаах, хязгаарлах арга хэмжээ авах ёстой гэдгийг тусгасан.
Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн хэрэгжилт хангалтгүй. Уг хуулийн хэрэгжилтийг хариуцсан зөвлөл ХЗДХЯ-ны дэргэд ажилладаг. Энэ зөвлөл үнэлгээ хийж, байгууллагуудад тогтмол зөвлөмж өгөх шаардлага байна.
Глоб Интернэшнл байгууллагын хийсэн мониторингоос харахад мэдээллийг ил тод болгох ажил дөнгөж 43 хувьтай байгаа.
Хуулиар 67 төрлийн мэдээлэл ил тод байх ёстой гэж баталсан. Гэтэл таван аймгийг сонгож, судалгаа хийхэд мэдээллийн ил тод байдал 43 хувьтай байгаа нь хуулийн хэрэгжилт хангалтгүйг илтгэж байна.
Нөгөөтээгүүр иргэдийн хүсэлтийн дагуу бүрэн мэдээллийг төрийн байгууллагууд өгөхгүй байна. Энэ үзүүлэлт 30 гаруй хувьтай байгаа юм.
Гол шалтгаан нь үндэслэлгүйгээр мэдээлэл өгөхөөс татгалздаг. Нөгөө талаар бүрэн бус, хуучирсан мэдээлэл өгдөг асуудал бий. Иргэдийг мэдээлэлгүй эсвэл дутуу мэдээлэлтэй байлгах сонирхол практикт түгээмэл байна.
Үнэн бодит мэдээлэлгүй байх нь эргээд төрийн үйл ажиллагаанд хяналт тавих эрхээ эдлэхэд саад болж байгаа юм.
Мэдээлэл авах эрх зөрчигдвөл ХЭҮК-т гомдол гаргах механизмыг сайн ашиглах шаардлага байгаа” гэлээ.