spot_img
ЭхлэлУлс төрДөрөвдүгээр сарын 1-нээс жагсаалт, мөрийн хөтөлбөр батлагдаж, нэр дэвшигчид...

Дөрөвдүгээр сарын 1-нээс жагсаалт, мөрийн хөтөлбөр батлагдаж, нэр дэвшигчид тодорхой болно

2024 он, улс төрийн утгаар сонгуулийн жил эхэллээ.

Үүгээр хаврын чуулган эхэлж, завсарлах хүртэл одоо ихэвчлэндээ сонгуульд холбогдох асуудлууд улс төрийн ертөнцөд өрнөж, хуулийн процесс явагдах хүлээлт үүсэж буй.

Цаг хугацааны хайчинд, 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс өмнө сонгуульд нэр дэвшихээр горилогчид нийтийн албан тушаалаас чөлөөлөгдсөн байх ёстой.

Энэ дагуу оны өмнө Татварын ерөнхий газрын дарга Б.Заяабал, ҮАБЗ-ийн Нарийн бичгийн дарга, Ерөнхий аудитор Б.Занданбат, Ж.Энхбаяр нарын хэд хэдэн хүн ажлаа өгч, энэ нь нөгөө талаар сонгуульд нэр дэвшихийн баталгаа болов.

Одоо ажлаа өгөх хуулийн хугацаа дууссан тул энэ заалтад хамаарах, нэр дэвшихээр горилогчдын жагсаалтыг эцэслэн прогнозолж харах бололцоо бий болж байгаа юм.

Мөн он гарахын өмнөхөн УИХ-аар сонгуулийн товыг зургадугаар сарын 28-ны баасан гарагт тогтоож, тогтоолын төслийг батлаад байна.

Харин одоо шинэ он эхэлснээр улс төр болон УИХ-ын сонгуулийн хүрээнд юу, юу өрнөхөөр байна вэ.

Одоо хамгийн түрүүнд, дөрөвдүгээр сарын 1-нээс өмнө УБЕГ-аас нэрсийн жагсаалтад багтсан хүмүүсийн мэдээллийг цахим хуудаст байршуулах ёстой. Үүнээс өмнө нэрсийн жагсаалт тодорхой болох юм байна.

Холбогдох хууль: УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 20.4 дэх хэсэг.

Харин нам, эвслүүд сонгуульд оролцох тухай хүсэлтээ санал авахаас 60-аас доошгүй хоногийн өмнө Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлнэ. Үүний эцсийн хугацаа дөрөвдүгээр сарын 18 болох нь. Энэ огноонд аль нам, эвсэл сонгуульд өрсөлдөх нь ойлгомжтой болно.

Холбогдох хууль: УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 26.1 дэх хэсэг.

Улмаар нэр дэвшихээ илэрхийлж, бүртгүүлсэн нам эвсэл нь нэр дэвшигчдээ санал авах өдрөөс 45 хоногийн өмнө эхлүүлж, долоо хоногийн дотор дуусгана. Өөрөөр хэлбэл, дөрөвдүгээр сарын 13-20-ны хооронд намууд нэр дэвшигчдэдээ нэр дэвших эрх олгохоор байна.

Холбогдох хууль: УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 29.1 дэх хэсэг.

Харин мөрийн хөтөлбөрийн хувьд:

  • Нам, эвсэл нь гуравдугаар сарын 25-нөөс өмнө
  • Бие даан нэр дэвшигч нь дөрөвдүгээр сарын 25-наас өмнө сонгуулийн мөрийн хөтөлбөртөө дүгнэлт гаргуулахаар төрийн аудитын дээд байгууллагад хүргүүлнэ.

Өөрөөр хэлбэл, нам ба эвслүүдийн хувьд сонгуульд оролцохоо илэрхийлснийхээ ердөө дараа, нэр дэвшигчдээ тодруулахаас өмнө мөрийн хөтөлбөрөө боловсруулж, адуитын байгууллагад хүргүүлэх нь.

Холбогдох хууль: УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 38.6 дахь хэсэг.

Мөн нэмж дурдахад, хоёрдугаар сарын 1-нээс өмнө сонгуулийн тойрог ба тойрог тус бүрд хамаарах нутаг дэвсгэр, мандатын тоог батлах ёстой. Одоогийн байдлаар тойрог томсгох агуулга дээр МАН-ын бүлэг тохирсон. Улмаар Улаанбаатар, Баян-Өлгий аймгийг дангаар нь үлдээж, бусад аймгуудыг нэгтгэх замаар нийт долоон тойрог бий болгосон. Тус бүрд оногдох мандатын тоог ч урьдчилсан байдлаар “зоогоод” байна.

Ингээд дөрөвдүгээр сарын 1-нд жагсаалтаар нэр дэвшигчид тодорхой болно. Удалгүй нам, эвслүүд сонгуульд оролцох хүсэлтээ илэрхийлж, мөрийн хөтөлбөрөө хүргүүлээд, араас нь нэр дэвшигчдэдээ эрх олгох нь. Ирэх сонгуулийн шийдвэрлэх үйл явцууд өөрөөр хэлбэл дөрөвдүгээр сард болох төлөвтэй аж.

2024 оны УИХ-ын сонгууль холимог тогтолцоогоор явагдахаараа онцлог. Мөн 76 биш 126 гишүүн сонгоно.

126 гишүүний 78-ыг тойргоос, уламжлалт аргаар сонгох юм (Иргэд санал өгч). Харин 48 нь намын жагсаалтын дагуу, хувь тэнцүүлсэн буюу пропорциональ хэлбэрээр сонгогдох нэмэлт өөрчлөлт Үндсэн хуульд орсон билээ.

Г.САНСАРМАА

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл оруулна уу!!!
Нэр оруулах

Шинэ мэдээ
Их сэтгэгдэлтэй
Их уншсан
Ulaanbaatar
clear sky
-20.9 ° C
-20.9 °
-20.9 °
77 %
1kmh
0 %
Мяг
-15 °
Лха
-10 °
Пүр
-10 °
Баасан
-12 °
Бям
-9 °
spot_img