Хүний эрхийн хуульч, өмгөөлөгч Р.Булгамаатай ярилцлаа.
-Хүүхдийн эрх хамгааллын хууль өнгөрсөн долоо хоногт батлагдлаа. Хүүхдийн эрхийн хамгааллын хуулийн өөрчлөлтүүд юу байв гэдгийг тодруулж ярилцъя?
-Монгол Улсын хүн амын 36.3 хувийг 18 нас хүртэлх хүүхэд эзэлдэг. Эдгээрээс 36363 хүүхэд хагас өнчин, 2911 хүүхэд бүтэн өнчин, га даадад болон дотоодод үрчлэгдсэн 1478 хүүхэд бий. Мөн хүнсний эрхийн бичигт хамрагддаг 76063, нийгмийн халамж дэмжлэг зайлшгүй шаардлагатай гэр бүлд өсч байгаа 460344 хүүхэд байна.
Дээр нь эрсдэлт нөхцөлд амьдарч байгаа 14207, жилдээ дунджаар түр хамгаалах байр буюу нэг цэгийн үйлчилгээний төвөөр байнгын үйлчлүүлдэг 3000 гаруй хүүхэд байдаг. Монгол Улсад байгаа 30 гаруй асрамжийн төвд 1000 гаруй хүүхэд өсөн торниж байна. Энэ бүх тоон мэдээллийг нэгтгээд харахад нийт хүүхдийн 50 хувь нь тодорхой хэмжээгээр асуу дал дунд өсөн торниж байна гэж харагдаж байгаа юм. Хүүхдийн эрх хамгааллын шинэчилсэн найруулга буюу хуулийн төсөлд дээр дурдсан хүүхдүүдээс гадна бүтэн гэр бүлд өсч байгаа хүүхдүүдэд ч хараа хяналт, хайр халамж, хууль зүйн хамгаалалт хэрэгтэй учраас эрх зүйн тодорхой дэвшилттэй зохицуулалтыг нийгэм даяараа хүлээж байгаа юм. Ер нь хүүхдийн эрх хамгааллын халуун цэг хаана өрнөдөг вэ гэхээр гэр бүлийн орчинд. Гэвч гэр бүл дэх хүүхдийн эрх хамгааллын асуудал өнөөдөр маш эмзэг түвшинд очсон. Жишээ нь, ЦЕГаас гаргасан оны төгсгөлийн тоон мэдээллээс 2023 оны байдлаар гэмт хэрэгт өртсөн хүүхэд 1540, гэмт хэргийн хохирогч болсон хүүхдийн тоо 2014, гэмт хэргийн улмаас нас барсан 92, гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн 177, бэлгийн хүчирхийлэлд өртсөн 358 хүүхэд байна гэж мэдээлж байна.
Энэ төрлийн гэмт хэрэгтнүүдийг химийн тариагаар хөнгөвчлөх шийтгэл оногдуулдаг хуультай болтол тэмцэнэ
Ингээд харахаар хүүхдүүд мянга мянгаар гэмт хэргийн хохирогч, холбогдогч болоход аав ээжийн анхаарал халамж, хараа хяналт хаана орхигдов гэдэг асуудал үүснэ.
-Суурь нөхцөл байдал үнэхээр хүнд сонсогдож байна. Бидний асуулт Хүүхдийн эрх хамгааллын хуулийн талаар байсан ч түүнийг тодруулахаас өмнө онцолж асуух нэг асуулт байна. Хүүхдүүд ямар төрлийн гэмт хэргийн хохирогч болох явдал их байна вэ?
-Энэ талаар хүүхдийн эрхийн судлаачийн хувьд анализ хийж үзсэн. Эрүүл мэнд халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн хохирогч болж байгаа тохиолдол нийт гэмт хэргийн 30 гурй хувийг эзэлж байна. Үүний тодорхой жишээ, сая хэд хоногийн өмнө сошиал орчинд бага насны хүүхдийг “Нохойтой гарлаа” гээд нас биед хүрсэн, тохьтой томоотой байрын насны хүн өшиглөсөн бичлэг түглээ. Томчууд хүүхдийг яаж дорд үзэж дээрэнгүй хандаж байгаагийн тод жишээ бол тэр.
Үүний дараа жин дарж орж ирсэн хэрэг бол хүүхэд авто тээвэр ашиглалтын журам зорчих гэмт хэргийн хохирогч болдог байдал 20 орчим хувийг эзэлсэн. Өөрөөр хэлбэл, зам тээврийн ослын улмаас жилд дунджаар 50 гаруй хүүхэд амь насаа алдаж, 700 гаруй хүүхэд мөргүүлж, шүргүүлж бэртэж гэмтдэг. Гуравт, бэлгийн халдашгүй дархан байдлын эсрэг хохирогч болж байгаа хохирогчид 19 хувь байна. Дээр нь эрүүл мэндийн шалтгаанаар осол гэмтлээр нас барж байгаа хүүхдийн тоог нэмбэл хязгаараа алдана. Ингээд харахаар бид ямар нөхцөл байдалд хүүхдүүдээ амьдруулж байна вэ. Украин Орос хоёрын дайнд ийм олон хүүхэд өртөж байгаа болов уу. Энэ аюулыг л шийдэх гэж хүүхэд хамгааллын хууль тодорхой эрх зүйн дэвшлийг авчирч, нийгэмд хүлээгдэж байгаа олон асуудлыг шийдэх учиртай.
-Өнгөрсөн намар хуулийн төслийн хэлэлцүүлэг дээр хүүхэд хамгааллын төсөв гишүүдийн хурал цуглаанаар уудаг кофеноос ч хямдхан байна гэсэн шүүмжлэл өрнөж байсан. Үүнийг хуулиар хэрхэн хамгаалж өгөв?
-Миний бие Хүүхэд хамгааллын хуулийн төслийн ажлын хэсэгт орж ажилласан. Энэ нь өнгөрсөн хугацаанд хүүхдийн эрхийн хамгааллын чиглэлээр тууштай ажилласан хөдөлмөр зүтгэлийг минь үнэлсэн, нийгмийн дунд ямар асуудал байгааг хууль тогтоогчид, ажлын хэсгийнхэн сонсъё гэсэн эрмэлзэл байсан болов уу гэж талархсан. Ажлын хэсэгт нэлээд санал санаачилгатай ажилласан. Амьдрал дунд байсан маш тодорхой зарчмын асуудлыг дэвшүүлсэн нь хуульд тусгалаа олсон гэдгийг онцолмоор байна.
Хүүхэд хамгааллын төсөв бол олон жил ярьж ирсэн эмзэг сэдэв. Хүүхэд хамгааллын төсөв 2017 онд 900 орчим сая төгрөг байсан бол 2018 онд 6.4 тэрбум төгрөг болж нэмэгдэж байсан түүхтэй. Тухайн үед миний бие УИХын гишүүн З.Нарантуяа болон Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны гишүүдийн хамт Төрийн ордонд энэ талаар акц хэлэлцүүлэг зохион байгуулж байлаа. Ингэж өсөхөд тухайн үеийн Ерөнхийлөгч Х.Баттулга том үүрэг гүйцэтгэсэн. Ирэх жил хүүхэд хамгааллын төсөвд 14.3 тэрбум төгрөг тавьж байгаа гэж дуулсан.
Зөвхөн улсын төсвөөс гадна орон нутаг, байгууллага бүр хүүхэд хамгааллын тодорхой төсөвтэй байна гэж хуульд тодорхой тусгасан. “Дээрээс мөнгө ирвэл хүүхэд хамгаална” гэдэг хандлага үгүй болно гэсэн үг. Манай улсад сум хороонд хүүхдийн асуудал хариуцсан нэг ч ажилтан байгаагүй. Одоо шинээр гэр бүл хүүхдийн асуудал хариуцсан ажилтантай болно. Хүүхдийн асуудал хариуцсан бие даасан төрийн албан хаагчтай болж байна гэдэг том дэвшил.
Нөгөө талаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүүхдийн эрх хамгаалал маш их тулгамддаг. Хэрэгт холбогдсон хүүхдийг яаж шалгах вэ. Хүүхдийг чи гэмт хэрэг үйлдсэн байна, үеийнхнийгээ дээрэлхсэн байна, хулгай хийсэн байна гэж чичлээд байж болохгүй. Тэр хүүхдийг дахиж гэмт хэрэгт холбогдохгүй байх, нийгэмшүүлэх, алдаагаа ойлгох, нийгмийн эрүүл хариуцлагатай иргэн болгохын тулд ямар бодлого хэрэгтэй вэ гэдэг маш нарийн зүйл. Бас хохирогч болсон хүүхдийг яах вэ. Нэр төр алдар хүндийг нь гутааж, нийгэм даяар зарладаг. Ялангуяа эмэгтэй хүүхдийг “Яах гэж ийм хувцас өмссөн юм, яах гэж баар савны үүдэнд явав, яах гэж гудамж талбайд алхаж явав, яах гэж такси барьсан юм” гэх мэтээр бөөрөлхөнө. Хохирогчийн талаарх мэдээллийг нь нууцлах тухай ойлголт маш хүнд. Ингээд хүүхэд сургууль руугаа алхах жим хаалттай болчихдог. Амьд явахын аргагүй хүнд дарамттай учирдаг. Тиймээс аль болох хүүхдийн эрх хамгааллын чиглэлээр ажилладаг субъектүүд шуурхай ажилладаг байх хэрэгтэй. Тухайлбал, хүүхдийн эрх хамгааллын чиглэлээр ажилладаг хүүхдийн сэтгэлзүйчтэй холбогдож сэтгэл заслын болон учирсан нөхцөл байдлыг даван туулах сургалтад хамруулах ёстой. Сүүлийн тав зургаан жил Сэтгэлзүйч багш нарын холбоо, түүний дэргэдэх “Мөрөөдлийн кактус” сэтгэл судлалын урлантай хамтран ажиллаж ирлээ. Миний гараар дамжсан 120 гаруй хүүхдийг эмнэж өгсөн шүү. Энэ хүрээнд хуульд хохирогч хүүхдийн эрхийг хамгаалахаас гадна сэтгэл зүйн үйлчилгээг үзүүлэх “Кейс менежмент”-ийг хуульчилж өглөө. Анх ямар цэг дээрээс эхэлсэн, ямар үе шаттайгаар үйлчилгээг үзүүлэх вэ, төрийн байгууллагаас аль нь яаж оролцох вэ гэдэг тодорхой болсон.
-Үе тэнгийнхний дээрэлхэлт, цахим гадуурхалтыг зогсоох, урьдчилан сэргийлэх тухай хуульд тусгасан гэв үү?
-Монгол Улс сонгууль болохоор сонгогчдынхоо тоог захын УИХ-ын гишүүн мэддэг. Бүр өнгө зүсээр нь нэрлэдэг. Тэгвэл хүүхдийн тоо төрийн захиргааны байгууллагад өөр байдаг. Үүнээс үүдэж төрийн ямар нэгэн хараа хяналтад, мэдээллийн санд бүртгэгдээгүй хүүхдүүд олон байдаг. Гэмт хэрэгт өртсөн болон хохирсон хүүхдийг төр хүүхэд хамгааллын байранд авчихвал болчихдог гэж үздэг. Тэнд байгаа 30 хүүхдийг өглөө бүхэн 30 машин 30 сургууль руу зөөх үү гэхээс асуудал эхэлдэг. Хохирогч хүүхэд дараагийн сургуульд хамрагдах, гэртээ ойр сургуульд шилжин суралцах давуу эрх боломжийг хуулиар зохицуулж өгөх ёстой. Гэтэл хамран сургах тойргийн хүүхэд биш байна, авахгүй гэдэг. Би бэлгийн хүчирхийллийн хохирогч болсон есхөн настай хүүхдийг шилжүүлэн сургах асуудлаар Улсын тэргүүний 84 дүгээр сургуулийн захирал гэх эрэгтэйтэй уулзахад “Манай хамран суралцах тойргийн хүүхэд биш, та хүүхдээ аваад гар” гэсэн үг сонсож байсан. Үүнийг нэг өмгөөлөгч биш төрийн байгууллагынхан хийх ёстой. Тийм учраас хүүхдийн мэдээллийн сан хэрэгтэй. Энэ асуудлыг хуульд тусгаж өгснөөрөө сайшаалтай зүйл болсон.
Хүүхдүүдийн дунд үе тэнгийнхний дээрэлхэлт газар авсан. Манай улсын насанд хүрсэн иргэдийн цахим хэрэглээний соёлгүй хандлагын үр дагавар хүүхэд дээр бууж байгаагийн илрэл үе тэнгийнхний дээрэлхэлт, цахим гадуурхалт шүү дээ. Бид хүүхдийн өмнө толь болон амьдарч байгаагаа ухамсарлахгүй байна. Энэ тухай шинэ хуульд үе тэнгийн дээрэлхэлтийг үүсгэсэн болон хохирсон хүүхдүүдтэй уулзаж энэ асуудлыг таслан зогсоож, гаргахгүй байх ямар алхамуудыг хийх ёстой вэ гэдгийг нарийн тусгаж өгсөн. Шууд хүүхдийг буруутгахаас илүү урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэхэд чиглэсэн зохицуулалтуудын талаар хуульд тусгасан. Мөн дээр нь интернет үйлдвэрлэл, эрхлэгчдийн үүрэг хариуцлага хуулиар тодорхой болж байна.
-Гэмт хэрэг зөрчилд өртсөн, хохирогч болсон хүүхдийг яаж хамгаалах талаар тодруулж ярихгүй юу?
-Хуульд орсон дэвшилттэй зүйлүүдээс хүүхэд хамгааллын үйлчилгээний хэлбэр юм. Өмнө нь манайд энэ асуудал ойлгомжгүй явж ирсэн. Шуурхай тусламж, хүүхэд хамгаалах нөхөн сэргээх үйлчилгээ гэж юу вэ, хүүхдийн эрх хамгааллын урьдчилан сэргийлэх үйлчилгээ гэж юу вэ гэх зэргийг тодорхой болгосон. Тодруулбал, хүүхдийг гэр бүлээс нь тусдаа орчинд яаж хамгаалах явдал их ярвигтай явж ирсэн. Бодит амьдрал дээр хүүхдүүд гэр бүлээс тусгаарлагдсан тэр орон зайд орхигддог. Аав ээж нь Солонгост ажил хийх гээд явахад хүүхдүүд нь айлд үлддэг. Гэр бүл цуцаллаа, хүүхэд хэн нэгний асрамжид үлдэнэ. Орхиод явсан эцэг, эх нь ямар асрамж халамжийн үйлчилгээ үзүүлэх вэ. Одоогийн Гэр бүлийн тухай хуулиар хүүхдийн тэтгэмж төлчихөд болчих юм шиг байдлаар зохицуулагдаж байгаа нь нийгмийн харилцаанд хамгийн их шүүмжлэл дагуулж байгаа. Эцэг эх нь нас барсан хүүхэд яах вэ, эцэг эх байх эрхээ хасуулсан, шүүхийн шийдвэрээр сураггүй алга болсон, хорих ял авсан, эсвэл эрх зүйн чадамжгүй гэж тооцогдсон бол хүүхдийг хэн яаж асран хамгаалж, хүмүүжүүлэх вэ. Аав ээжийн хэн нэг нь урт хугацаагаар эмчлүүлж байгаа үед, цагдан хоригдож байгаа, ял эдэлж байгаа гэдэг шалтгаанаар хүүхдээ тэжээж тэтгэх үүргээ биелүүлэхгүй байгаа бол яах вэ. Эцэг эх нь хоёулаа хүүхдээ зодож хүчирхийлдэг, архидан согтуурдаг зэрэг тохиолдлуудад хүүхэд хохирогч болж үлддэг. Жишээ нь, сүүлийн жишээ гэхэд Зариг.мн цахим хуудасны захирал Н.Өнөрцэцэг цагдан хоригдоод явахдаа өөрөө ч хэлж байсан. “Ард байгаа бага насны хоёр хүүхдэдээ сэтгэл зовниж байна. Хоёр хүүхдийг асран халамжлах хүн байхгүй” гэсэн. Яг л энэ. Тэр хүүхдүүдийг хэн асарч хамгаалах вэ. Ээж нь, аав нь байхгүй орон зайд хүүхэд эрсдэлд өртвөл яах вэ. Хэнийг буруутгах вэ гэдгийг тодорхой зааж өгөх ёстой юм. Хуулийн хүрээнд үүнийг зааж өгснөөрөө ач холбогдолтой.
-Ямар байдлаар хуульчлав?
-Асралт гэр бүлийн зохицуулалт гэж орж ирж байна. Гэр бүлийн хайр халамжаас хол, эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдийг тодорхой хугацаанд гэр бүлдээ авч асран халамжилж байгаа гэр бүлийг бий болгоно. Үр хүүхэд цөөтэй, үр хүүхэд авч хажуудаа байлгах сонирхолтой бүтэн гэр бүлүүд хороо дүүрэгтээ бүртгүүлнэ. Ингээд тодорхой шаардлага хангасан тохиолдолд тодорхой хугацаанд тухайн хүүхдийг асрамжилна гэсэн үг. Асралт гэр бүлүүд ингэж бий болбол дээрх хайр халамж хэрэгтэй хүүхдүүдийн асуудлыг шийдэхэд үр дүнтэй гэж ажлын хэсэг үзсэн. Мөн гамшиг онцгой байдлын үед хүүхдийг хэрхэн хамгаалах вэ гэдгийг Монгол Улсын хуулиар зохицуулаагүй явж ирсэн байсан. Ковид цар тахлын үед хүүхдийн эрх яаж зөрчигдсөнийг бид харсан шүү дээ. Энэ үед салбар дундын бодлого хэрэгжүүлэх субъектүүдийг хуульчилж өгч байна. Энэ мэтчилэн дэвшлүүдтэй хууль батлагдлаа.
Гэхдээ үүргээ биелүүлээгүй тохиолдолд хариуцлагыг ямар байдлаар оногдуулах вэ гэдгийг орхигдуулсан нь учир дутагдалтай. Өөрөөр хэлбэл, хүүхэд хамгааллын хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй субъектүүдийг хэрхэх талаар Зөрчлийн болон Эрүүгийн хуульд зайлшгүй тусгах ёстой. Гэтэл энэ зохицуулалт орхигдсон. Үүнийг дараагийн УИХ-ын чуулганаар засч залруулна гэж найдаж байна.
-Сүүлд таныг Дорнод аймагт бэлгийн хүчирхийллийн хохирогч болсон эмэгтэйд өмгөөллийн үйлчилгээ үзүүлж, шүүх хурал дээр ялсан тухай сонслоо. Энэ тухай тодруулж болох уу?
-Миний хувьд сүүлийн зургаан жилийн хугацаанд хуульч хүний нийгмийн хариуцлагын хүрээнд бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдэд хууль зүйн үнэ төлбөргүй туслалцаа үзүүлнэ гэдэг байр сууриа илэрхийлж, энэ чиглэлээр бодитой ажил хийж ирсэн. Өнгөрсөн жилийн хувьд 6-16 нас хүртэлх 20 гаруй охидод, мөн энэ төрлийн хохирогч болсон дөрвөн хүүг үнэ төлбөргүй өмгөөллөө.
Нэг зүйл онцолж хэлэхэд, бэлгийн хүчирхийллийн хохирогч болж амиа алдсан 12 настай охины хэргээс үүдэж нийгэм даяараа хуулийн хариуцлагыг чангатгая гэж шуугьсан. Түүнийг ч хийсэн. Ингэснээр энэ гэмт хэргийн тоо багасч байна уу гэвэл үгүй. Би ганц жишээ хэлье. Сүхбаатар дүүрэгт өнгөрсөн ес, аравдугаар сард гэхэд нэг хороон дээр бэлгийн хүчирхийллийн долоо, найман хэрэг гарлаа гэж хүүхэд хариуцсан мэргэжилтэн халаглаад сууж байна. Саяхан төрсөн охиноо, дээр нь дүүгийнхээ охин хүүхдийг бүтэн жилийн турш хүчирхийлж байсан эцгийн шүүх хуралд орлоо. Би төрсөн охиноо хүчирхийлсэн аав болон өвөөгийн 10 орчим хэрэг дээр ажилласан байна. Ойр тойрны таньдаг мэддэг хүмүүс битгий хэл төрсөн эцэг нь, өвөө нь үр хүүхдэдээ халдаж байгаа явдлыг ухамсарт хүний хийх үйлдэл биш гэж би үздэг. Эдгээр этгээдүүд болон хүчингийн гэмт хэргийг давтан үйлдээд байгаа хэрэгтнүүдэд эрүүгийн хариуцлагын ялын хэмжээг нэмэгдүүлэх нь чихний хажуугаар нь өнгөрчихөж байна. Тиймээс энэ төрлийн гэмт хэрэгтнүүдийг химийн тарианы аргаар хөнгөвчлөх замаар ял шийтгэл оногдуулъя гэж сүүлийн таван жил ярьж байна. Үүнийг УИХ-д хууль болтол нь тэмцэнэ. Намайг юу гэж хэлж доромжлох нь хамаагүй. Энэ тухай миний хувьд цоо шинээр яриад дэвшүүлж байгаа шийдэл зүйл биш, дэлхийн улс орнууд хэрэгжүүлж байна. Сүүлд БНСУ энэ төрлийн гэмт хэрэгт ялаа нэмээд үр дүнд хүрэхгүй юм байна гээд химийн тариагаар хөнгөлөх аргыг сүүлийн дөрвөн жил туршиж гэмт хэрэг 40 хувиар буурлаа хэмээн хуулийн байгууллага нь танилцуулж байна. Европын орнуудад ч хэрэгжүүлж байна.
Бага насны хүүхдээс гадна өсвөр насны, нас биед хүрсэн эмэгтэйчүүдийн бэлгийн эрх чөлөөнд халдах, тэднийг доромжлох, үл хүндэтгэлтэй хандах явдал манай улсад байсаар байгаа. Ялангуяа бэлгийн дарамт учруулах асуудлыг Эрүүгийн хуулиас хассан нь ял завших нөхцөлийг бүрдүүлсэн. Тэр бүү хэл хүчиндэх гэмт хэргийг үйлдчихээд “Би гэмт хэрэг үйлдээгүй” гэж мэлзэж, мөрдөн шалгах ажиллагааны явцад янз бүрийн арга саамаар нөлөөлөхийг оролддог явдал байсаар байдаг.
Үүний нэг жишээ нь Дорнод аймгийн жишээ. Сэтгүүлч таныг асуусан болохоор товч хариулъя. Энэ хэрэг гараад хоёр жил болсон. Эрүүгийн хэрэг үүсгэхгүй нэлээд хугацаа өнгөрч, дараа нь хохирогчийн харьяаллын дагуу Налайх дүүрэг рүү шилжүүлж, буцаад гэмт хэрэг гарсан газар Дорнод аймаг руу шилжүүлсэн, хэд хэдэн удаа хаах саналыг цагдаагаас прокурорт хүргүүлж, хэргийн өнгө зүсийг өөрчилсөн гэж хохирогчийн хувьд “Хэлмэгдэж доромжлолын туйлыг амсаж байна” гэж хэвлэл мэдээллийн байгууллагад хандсан юм билээ. Цахиур.мн мэдээллийн сайтаас над руу холбогдож “Энэ хэрэг дээр ажиллаж өгөөч” гэж хандсан. Бүтэн жил жим гартлаа явлаа. Явсаар ямартаа ч “Би гэм буруугүй, хэрэгсэхгүй болгуулна” гэж бардам байсан гэмт хэрэг үйлдсэн этгээдийн гэмт буруутайг шүүх тогтоож шийдсэн. Хариуцлагын хурал дээр “Уучлаарай би согтуу байжээ, согтуудаа ийм зүйл үйлджээ” гэдгээ илэрхийлсэн. Хохирогч охин “Уучлаарай гэдэг үгийг хоёр жилийн турш хүлээж байсан. Энэ үг надад амьдрах итгэл өглөө” хэмээн сэтгэлийн үгээ хэлж байсан.
Ер нь хохирогчид сэтгэл зүйн болон өмгөөлөл хууль зүйн үйлчилгээ үзүүлнэ гэдэг цогц ажил байдаг. Ер нь хүнд гомдолтой сэтгэл дундуур байна гэдэг хэцүү. Түүнийг даван туулж байж амьдрах итгэлийг олж авдаг.
Тиймээс хохирогчийг хамгаалах сэтгэл зүйг нь илааршуулах бодлого зайлшгүй хэрэгтэй. Тийм ч учраас миний олон жил ярьсан зүйл хуульд тусгалаа олсон. Гэмт хэргийн хохирогчид сэтгэл санааны хохирлыг тооцож олгодог олон улсын жишгийг бий болгооч гэж удаан ярьж ирсэн. Шүүх шинжилгээний хуульд энэ асуудал тусгалаа орж, бодитой дэвшилт бий болж байгаа.
Б.ЭНХЗАЯА
DNN.MN