БЗД-ийн 26 дугаар хороо Дүнжингаравын уулзварт 60тн газ тээвэрлэж явсан автомашин дэлбэрч шатаж байна гэсэн дуудлага өнөөдөр буюу 2024.01.24-ний шөнийн 01:07 цагт ирсэн.
Дуудлагын дагуу НОБГ-ын Гал түймэр унтраах, аврах 10 анги, Аврах ангийн алба хаагчид шуурхай ажиллаж, гал түймрийн тархалтыг 02:15 цагт зогсоож, 04:30 цагт бүрэн унтраалаа.
Гал унтраах үеэр гурван гал сөнөөгч дэлбэрэлтэд өртөж амь эрсэдсэн бөгөөд энгийн хоёр иргэн амиа алджээ. Мөн 20 гаруй машин шатсан байна. Замын урд талын орон сууцны байр мөн галд өртсөн бөгөөд оршин суугчдыг нүүлгэн шилжүүлсэн, 10 гаруй хүний бие хүнд байна. Дүнжингарав” худалдааны төвийн дөрвөн замын уулзвараас зүүн, баруун тийш хойноосоо урагшаа чиглэлд 200-500 метр газрыг бүрэн хааж, хэргийн газрын үзлэгийг хийж байна. Тиймээс энэ чиглэлийн замын хөдөлгөөнийг хязгаарлажээ.
Галын шалтгаан нь газ тээвэрлэж явсан машин уулзвараар эргэх үеэрээ өөр машинтай шүргэлцсэнээс дэлбэрэлт болжээ.